Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/692

 

 

 

 

 

 

 

    2021         11          02                                     2021/ШЦТ/692

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго ,

Улсын яллагч: Н.Энхболд,

           Шүүгдэгч: Н.Б- өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б-од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105014581406 дугаартай хэргийг 2021 оны 10 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Б- нь 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 17 дугаар гудамж, 364 тоот болох нийтийн байранд хохирогч М.С-тэй маргалдаж, улмаар биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 23 цаг өнгөрчихсөн байхад найз М-ийн хамт гэртээ байж байтал нийтийн байрны 2 давхарт буюу манай байрны дээд талын айлын залуу “хөөе унтаж амраагаач ээ” гээд бархираад, 2 хүүхэд гүйлгээд хаалга балбуулаад хэл амаар доромжилж бархираад байхаар нь найз М-ийн хамт дээд давхрын айл руу очсон чинь тус айлын залуу гарч ирэхээр нь “чи юу гэж хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ, чи энд архи ууж ирээд агсам согтуу тавиад л байдаг бид нар юм яриад байдаггүй, би гэртээ хүнтэй утсаар ярьж байна” гэх мэтээр хэлсэн чинь “гичий минь унтаж амармаар байна” гээд миний цамцнаас татаж аваад миний нүүр рүү 3-4 удаа цохиод авсан. Энэ үед хажуунаас манай найз М- салгаж түүнийг гэр рүү нь түлхэж оруулсан юм. Үүний улмаас уруул язарч баруун шанаа хэсгээр хавагнаж цус хурсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч А.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр залуу хэлэхдээ “унтаж амармаар байна, хоёр гичий минь” гэхээр нь манай найз “чи болохоор шөнөжингөө архи дарс уугаад, эхнэрээ зодоод л байдаг юм байна лээ, бид хоёр яахаараа өрөөндөө инээж болдоггүй юм” гэсэн. Тэгтэл өнөөх залуу хэл амаар доромжлоод манай найз руу дайраад байсан. Тэгэхээр нь манай найз түлхсэн чинь манай найзыг нөгөө залуу зодоод эхэлсэн. ...би өрөө рүү нь түлхээд хаалгыг нь хаачихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, 

Шинжээчийн 7064 тоот дүгнэлтэд: “...М.С-ийн биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 31-32/,

Яллагдагчаар Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хохирогч М.С-тэй маргалдаж улмаар биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн ...ялыг хүлээн зөвшөөрч байна. ...доод айлын 2 эмэгтэй гарч ирээд юу гээд байгаа юм бэ гээд намайг хэл амаар доромжлоод намайг “чи юу юм бэ” гээд дайраад байхаар нь надтай утсаар ярьсан эмэгтэйн нүүр рүү баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон чинь уруул нь язарчихсан өөр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 42/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-68, 71-74/, хохирогчийн хүсэлт /хх-78/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Н.Б- нь 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 17 дугаар гудамж 364 тоот болох нийтийн байранд хохирогч М.С-тэй маргалдаж, улмаар биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.С-ийн: “...найз М-ийн хамт дээд давхрын айл руу очсон чинь тус айлын залуу гарч ирэхээр нь “чи юу гэж хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ, чи энд архи ууж ирээд агсам согтуу тавиад л байдаг бид нар юм яриад байдаггүй, би гэртээ хүнтэй утсаар ярьж байна” гэх мэтээр хэлсэн чинь “гичий минь унтаж амармаар байна” гээд миний цамцнаас татаж аваад миний нүүр рүү 3-4 удаа цохиод авсан. Энэ үед хажуунаас манай найз Мөнчхимэг салгаж түүнийг гэр рүү нь түлхэж оруулсан юм. Үүний улмаас уруул язарч баруун шанаа хэсгээр хавагнаж цус хурсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, гэрч А.М-ийн: “...өнөөх залуу хэл амаар доромжлоод манай найз руу дайраад байсан. Тэгэхээр нь манай найз түлхсэн чинь манай найзыг нөгөө залуу зодоод эхэлсэн. ...би өрөө рүү нь түлхээд хаалгыг нь хаачихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, шинжээчийн 7064 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б- нь хохирогч М.С-тэй маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 78/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Н.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР