Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/695

 

 

 

 

 

    2021          11          04                                     2021/ШЦТ/695

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

           Шүүгдэгч: С.Т- өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Т-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105015191440 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч С.Т- нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.О-гийн эзэмшлийн Самсунг А50 загварын гар утасны дэлгэцийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 518.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Т- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед үл таних 4 залуу, нилээн согтсон байдалтай орж ирээд тамхи авъя гэхээр нь би тамхи байхгүй гэтэл намайг хэл үгээр харааж доромжлоод “гичий, янхан” гээд над руу салаавч гаргачихаад гарсан. Би цагдаа руу залгаад манай ТҮЦ-нд хүмүүс агсам согтуу тавиад байна гэсэн дуудлага өгчихөөд зогсож байтал бүгд гарсан. Тэгээд эргээд цагдаагаас залгахаар нь би утсаа аваад ярих гэтэл нэг улаан үстэй залуу нь ганцаараа эргэж орж ирээд чи миний зургийг дарлаа гээд миний утсыг шүүрч аваад базчихсан. Тэгтэл утасны дэлгэц шууд хагараад ямар ч ажиллагаагүй болчихсон” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...ТҮЦ-ний эмэгтэй бичлэг хийлээ гээд гар утсаа гаргаж ирэхэд нь би гарсан ба миний анзаарснаар бол Т- гараараа утсыг нь хаах гэж л оролдох шиг болсон. Тэгтэл миний гар утсыг энэ хүн эвдчихлээ гээд л гаднаа ч тэр, дотроо ч орилж эхэлсэн. Би гар утсыг нь эвдсэн гэх үеийг сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 58-59/,

Яллагдагчаар С.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-нээс тамхи авахаар ороод ТҮЦ-ний эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь болиоч чи гэж хэлээд гараараа утсыг нь хаасан чинь гар утсанд нь миний гар хүрэх шиг болсон. Гэтэл ТҮЦ-ний эмэгтэй намайг гар утсыг нь эвдчихлээ гээд ТҮЦ-с гаргахгүй байсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-н 13-14/, эвдсэн гэх гар утасны гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 26/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 27-29, 43-45/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 35/, хохирогчийн хүсэлт /хх-н 66/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч С.Т- нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.О-гийн эзэмшлийн Самсунг А50 загварын гар утасны дэлгэцийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 518.400 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.О-гийн: “...цагдаа руу залгаад манай ТҮЦ-нд хүмүүс агсам согтуу тавиад байна гэсэн дуудлага өгчихөөд зогсож байтал бүгд гарсан. Тэгээд эргээд цагдаагаас залгахаар нь би утсаа аваад ярих гэтэл нэг улаан үстэй залуу нь ганцаараа эргэж орж ирээд чи миний зургийг дарлаа гээд миний утсыг шүүрч аваад базчихсан. Тэгтэл утасны дэлгэц шууд хагараад ямар ч ажиллагаагүй болчихсон” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч С.М-гийн: “...ТҮЦ-ний эмэгтэй бичлэг хийлээ гээд гар утсаа гаргаж ирэхэд нь би гарсан ба миний анзаарснаар бол Т- гараараа утсыг нь хаах гэж л оролдох шиг болсон. Тэгтэл миний гар утсыг энэ хүн эвдчихлээ гээд л гаднаа ч тэр, дотроо ч орилж эхэлсэн. Би гар утсыг нь эвдсэн гэх үеийг сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 58-59/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Т- нь хохирогч Д.О-тай тамхи худалдаж авах эсэх асуудлаас маргалдан улмаар түүний эзэмшлийн Сасунг А50 маркийн гар утсыг гараараа базаж гэмтээсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 66/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч С.Т-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Т-ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т- болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч С.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР