Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/703

 

 

 

 

 

 

 

  2021          11          09                                     2021/ШЦТ/703

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч Н.О-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.О-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105001540378 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.О-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.О- нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТБД андууд худалдааны төвийн ойролцоо иргэн С.Э-гээс Самсунг А-70 маркийн гар утсыг нь худалдаж авъя гэж худал хэлэн хуурч “чи АТМ ороод миний картнаас мөнгө аваад ир, би гар утсыг чинь найз охиндоо үзүүлж байя” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Өргөө кино театрын урд талын зам дээр хохирогч Б.Ө-тай маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.О- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2020 оны 4 дүгээр сарын орчим манай хуурай ахтай хамт ажилладаг байсан залуу болох Н.О- гэх залуутай танилцаж байсан бөгөөд мэндийн зөрүүтэй байдаг байсан. Үүнээс хойш бага зэрэг дотонсож найзалж эхлээд хааяа уулздаг байсан. Тэгтэл 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орчим над руу мессэнжирээр “чамд зарах утас байна уу” гэж асуухаар нь “би утсаа зарах гэж байгаа, миний утсыг авах уу” гэж хэлсэн. Тэгэхэд Н.О- нь миний утсыг худалдаж авахаар болоод төлбөрөө 600.000 төгрөг гэж тохироод бид хоёр 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчим Андуудын хойд талд уулзахаар болсон. Товлосон газраа уулзахад Н.О- нь ягаан өнгийн Ниссан куб нэртэй машинтай хэдэн найзуудтайгаа ирсэн. Тэндээ өөрийн эзэмшлийн Самсунг А-70 маркийн цэнхэр өнгийн гар утсаа үзүүлэхэд Н.О- нь “чи картнаас мөнгө аваад ир, би утсыг чинь найз охиндоо үзүүлж байя” гэж хэлэхээр нь би итгээд тухайн картыг нь аваад АТМ рүү явахад Н.О- нь миний гар утсыг аваад машинтайгаа хөдлөөд зугтчихсан юм. Н.О- руу чат болон мессеж бичээд 4 хоног өнгөрөхөд Н.О- нь надад “би чамд 100.000 төгрөг л өгнө” гэж хэлэхээр нь би чамайг цагдаад өглөө гэдгийг хэлсэн. Тэгэхэд Н.О- нь “чи намайг цагдаад өгөх юм бол би чиний утсыг өгөхгүй” гэж хэлсэн. ...Тухайн картных нь үлдэгдлийг хараагүй... Миний гар утас цэнхэр өнгийн Самсунг А-70 маркийн гар утас байсан бөгөөд би 2020 оны 9 дүгээр сарын орчим 1.200.000 төгрөгөөр Тэди төвөөс худалдаж өвч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Хохирогч Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 02 цагийн үед Өргөөгөөс Баянбүрд чиглэлтэй өөрийн 63-93 УБО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Өргөө кино театрын урд зам дээр нүх байхаар нь тойрох гээд дартал хажуунаас 13-91 УБЧ улсын дугаартай Приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслээс “яаж яваад байгаа юм бэ” гээд орилсон. Би тоохгүй шууд явсан чинь тухайн тээврийн хэрэгсэл нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуй үйлчилгээний орчимд машинаас 5 залуу бууж ирсэн. Тэгээд миний машиныг цохиод байхаар нь би машинаасаа буухад тэр 5 залуу бууж ирсэн. Тэгээд миний машиныг цохиод байхаар нь би машинаас буухад тэр 5 залуугийн нэг нь намайг цохисон. Миний зүүн хацар буюу шанаан тус газар 2-3 удаа цохисон. Тэгээд манай найз цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 94/,

Гэрч Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид машиндаа суугаад явах гэсэн чинь нөгөө машинд байсан залуу араас үглээд байсан. Тэгсэн чинь Н.О- машинаас буугаад тэр залуутай уулзсан. Тэгээд эргээд машинд орж ирэхдээ “хараа биз дээ андаа, 2 алгадчихаад хүрээд ирлээ” гээд машинд суугаад бид хөдөлсөн. ...Тухайн залуусыг урд хөндөлсөөд байхаар нь Ахуй үйлчилгээний тэнд машин зогсохоор нь болиоч гэсэн чинь өөдөөс хараагаад байхаар нь бид нар бүгд машинаас буусан боловч биед нь халдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 99/,

Шинжээчийн 579 тоот дүгнэлтэд: “...Б.Ө-ын биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 101-102/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Б.Ө-ыг оруулж ирэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр таны биед халдсан гэх этгээдийн зураг зурган дотор байна уу, хэрэв байвал ямар шинж байдлаар нь таньж байгаа эсэх зэргийг асуухад хохирогч нилээн удаан 3-4 минут хиртээ уг зурагнуудыг харж байснаа №1 дугаартай зургийг зааж энэ залуу мөн байна, энэ намайг зодсон залуу байна, энэ 1 дугаартай залуу нүүрэн тус газараа шивээстэй байсан №1 дугаартай хүн мөн байна би шивээсээр нь таньж байна гэж хэлэв...” гэжээ. /хх-н 117-121/,

 Яллагдагчаар Н.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие найз Э-гийн тухайн үед барьж байсан Самсунг А-70 маркийн цэнхэр өнгийн кейсгүй гар утсыг нь худалдаж авъя гэж хэлээд өөрийнхөө картыг өгч АТМ явуулсан, явсан хойгуур нь яаралтай ажил гараад Э-д хэлэлгүй аваад явчихсан. Мөнгийг нь дараа нь өгье гэж бодсон боловч өгч чадаагүй юм. ...Хөдлөх гэж байсан чинь нэг залуу нь араас үглээд байхаар нь би машинаасаа буугаад тухайн залуу дээр очиход бид хоёр маргаад заамдалцсан, тэгээд би тэр залууг зүүн хацар тус газар нь 2-3 удаа алгадсан. Тэгээд яваад өгсөн. ...Би хохирогч Ө-ын эмчилгээний зардал мөнгийг төлсөн. 300.000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 114/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 6/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 90/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 20-23/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-45, 57, 65-81, 131-134/, хохирогч С.Э-гийн хүсэлт /хх-н 144/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.О- нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТБД андууд худалдааны төвийн ойролцоо иргэн С.Э-гээс Самсунг А-70 маркийн гар утсыг нь худалдаж авъя гэж худал хэлэн хуурч “чи АТМ ороод миний картнаас мөнгө аваад ир, би гар утсыг чинь найз охиндоо үзүүлж байя” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Э-гийн: “...Н.О- нь миний утсыг худалдаж авахаар болоод төлбөрөө 600.000 төгрөг гэж тохироод бид хоёр 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчим Андуудын хойд талд уулзахаар болсон. Товлосон газраа уулзахад Н.О- нь ягаан өнгийн Ниссан куб нэртэй машинтай хэдэн найзуудтайгаа ирсэн. Тэндээ өөрийн эзэмшлийн Самсунг А-70 маркийн цэнхэр өнгийн гар утсаа үзүүлэхэд Н.О- нь “чи картнаас мөнгө аваад ир, би утсыг чинь найз охиндоо үзүүлж байя” гэж хэлэхээр нь би итгээд тухайн картыг нь аваад АТМ рүү явахад Н.О- нь миний гар утсыг аваад машинтайгаа хөдлөөд зугтчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Өргөө кино театрын урд талын зам дээр хохирогч Б.Ө-тай маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ө-ын: “...Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуй үйлчилгээний орчимд машинаас 5 залуу бууж ирсэн. Тэгээд миний машиныг цохиод байхаар нь би машинаасаа буухад тэр 5 залуу бууж ирсэн. Тэгээд миний машиныг цохиод байхаар нь би машинаас буухад тэр 5 залуугийн нэг нь намайг цохисон. Миний зүүн хацар буюу шанаан тус газар 2-3 удаа цохисон. Тэгээд манай найз цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 94/, гэрч Б.Т-гийн: “...Бид машиндаа суугаад явах гэсэн чинь нөгөө машинд байсан залуу араас үглээд байсан. Тэгсэн чинь Н.О- машинаас буугаад тэр залуутай уулзсан. Тэгээд эргээд машинд орж ирэхдээ “хараа биз дээ андаа, 2 алгадчихаад хүрээд ирлээ” гээд машинд суугаад бид хөдөлсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 99/, шинжээчийн 579 тоот дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.О- нь хохирогч С.Э-гийн гар утсыг худалдаж авна гэж хэлэн хуурч, гар утсыг нь авсан, хохирогч Б.Ө-тай маргалдаж түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч С.Э- нь хохирлоо буцаан авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 144/, хохирогч Б.Ө- нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.О-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.О-ыг учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэх, шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.О- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба дээрх ялыг шүүгдэгч нь эдлээгүй ба Шийдвэр гүйцэтгэлийн шатанд уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдсан талаар мэдэгдсэн талаар шүүгдэгч мэдүүлж байх тул уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй гэж үзлээ.

   2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заажээ.

Шүүх хуралдаанд прокурор шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг үндэслэн түүнд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.О- нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 11 хоногийн нэг хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 165 нэгж буюу 165.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.  

 Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 2108001880455 тоот хэргийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.О-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

     - “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ыг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,

     - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н.О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүгдэгч Н.О-ын урьд цагдан хоригдсон 11 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож, 165 нэгж буюу 165.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд оруулан тооцож, 535 нэгж буюу 535.000 төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 2108001880455 тоот хэргийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР