Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0507

 

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0507

Улаанбаатар хот

 

 

                         “М*** Ү*** И*** С***” НҮТББ-ын

                             нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М***, өмгөөлөгч У.Х***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “М*** Ү*** И*** С***” НҮТББ,

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр захирамж хууль бус байсан болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр захирамжийн биелэлтийн улмаас “М*** Ү*** И*** С***” НҮТББ-д учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0414 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М***, хариуцагчийн өмгөөлөгч У.Х***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У*** нар.

Хэргийн индекс: 128/2022/0530/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М*** Ү*** И*** С***” НҮТББ-аас анх шүүхэд хандан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр захирамж нь хууль бус байсан болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр захирамжийн биелэлтийн улмаас “М*** Ү*** И*** С***” НҮТББ-д учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” хэмээн эцэслэн тодорхойлж маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0414 дүгээр шийдвэрээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу нэхэмжлэгч илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, маргаан бүхий захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргаж байхад тус захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй,

 3.2. Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлнэ гэж заасантай нийцэхгүй байна,

3.3. Хэргийн оролцогчдын маргаагүй асуудал дүгнэлт өгсөн буюу нийслэлийн Засаг даргад тусгай хамгаалалттай газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцлах, барилга байгууламжийг албадан буулгах эрх олгогдоогүй гэж дүгнэсэн нь буруу зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,

3.1. Нэхэмжлэгч “М*** Ү*** И*** С***” НҮТББ-д анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах 10.0 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай “аялал жуулчлалын зориулалт”-аар ашиглах эрхийг олгож, 2016/375 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0434 дүгээр шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/31 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээн, газар ашиглах эрхийг нөхөж 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан.

 3.2. Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Дархан цаазат Богдхан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/740 дүгээр захирамжаар “...Дархан цаазарт Богд хан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, ой ургамалд сөрөг нөлөөтэй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигч нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5, 46.1.7, 46.1.11-д заасан үүргээ биелүүлээгүй, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар Зайсангийн гудамжинд байрлах, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч, гэмтсэн барилга байгууламжуудыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албадан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, орчны аюулгүй байдал, хэв журмыг сахиулж дэмжлэг үзүүлж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газарт тус тус даалгаж” шийдвэрлэсэн.

3.3. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...дээд боловсролын чанарыг сайжруулах, сургалтын материаллаг баазыг дээшлүүлэх үүднээс манай сургууль ...газрыг ашиглах болсон...” гэж, маргаан бүхий актыг эс зөвшөөрч “...хууль тогтоомжоор тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга хөндлөнгөөс оролцох эрхгүй, ... уг шийдвэрийн талаар хуульд заасан журмын дагуу эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүдэд мэдэгдэх сонсох ажиллагааг хийгээгүй, .... Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулийг ноцтой зөрчсөн энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас манай сургуульд их хэмжээний хохирол учирсан” гэх үндэслэлээр,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч нь ... Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9, 11 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтын Дархан цаазат Богд хан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигч нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5, 46.1.7, 46.1.11-д заасан үүргээ биелүүлээгүй, ...маргаан бүхий актыг гарсны дараа хэвлэлийн бага хурал хийж, www.ulaanbaatar.mn цахим хуудсаар мэдээлсэн. Мөн тухай газар дээр нь очихдоо тус захирамжийг танилцуулсан” хэмээн тус тус тайлбарлан маргасан.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Энэ дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудалд шаардлага, татгалзал тус бүрт дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

5. Тухайн тохиолдолд, хариуцагч нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны А/740 дүгээр захирамжийг гаргасан үндэслэлийг “... өмчлөгч, эзэмшигч нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5,46.1.7, 46.1.11-д заасан үүргээ биелүүлээгүй”, “...ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албадан буулгах” ажиллагааг хийснээс бус нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлаагүй гэсэн агуулгаар,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс “... барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас чанар, аюулгүй байдлыг хангах ... дүгнэлт гараагүй... иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдсан эс хангагдсан эсэх, барилгад ан цав, цуурал үүссэн, нурах эрсдэлтэй  эсэх ... нөхцөл байдлыг тогтоох үүргээ хариуцагч биелүүлээгүй” гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр захирамжийн биелэлтийн улмаас “М*** Ү*** И*** С***” НҮТББ-д учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно.  

Уг шаардлагын хүрээнд тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах, шаардах эрх нэхэмжлэгчид байгаа эсэх асуудлыг тодруулах, холбогдох нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй, тухайн шаардлагатай холбоотой ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

6. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0414 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА