Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1075

 

2021          10          28                                    2021/ШЦТ/1075

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: П.Ганбаатар,

улсын өмгөөлөгч: А.Буяндэлгэр,

шүүгдэгч: Э.Энхмөнх нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн Э.Энхмөнхөд холбогдох 2108022471425 тоот хэргийг 2021.10.25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1998.09.22-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, эмээ, өвөөгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 6 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:МЗ98092213/ Халх овогт Энхтуулын Энхмөнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Энхмөнх нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт өсвөр насны Л.Лхагвадоржийг дүү Х.Сайханбилэгийг алгадсан хүүхдийг зааж өгөөгүй гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь халдаж тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Өсвөр насны хохирогч Л.Лхагвадоржийн: ”...О.Буяннэмэхэд алгадуулсан хүүхэд хар өнгийн машинтай ирээд ах нь бууж ирээд аль хүүхэд чамайг алгадсан гэхэд О.Буяннэмэх рүү заахад О.Буяннэмэх зугтаасан чинь над дээр хүрч ирээд найзынхаа гэрийг зааж өг гэхээр нь чадахгүй гэтэл миний зүүн хацар руу алгадаж хавсарч газарт унагааж, миний толгойн ар хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-26/

- Өсвөр насны гэрч Х.Сайханбилэгийн: “...төрсөн ах Э.Энхмөнх рүү залгаж сая намайг нэг хүүхэд алгадсан гэж хэлэхэд Э.Энхмөнх ах найз охин Түмэн-Өлзийтэй хамт ирсэн. Тэгээд ирэхээр нь алгадсан хүүхдийг зааж өгөхөд тэр хүүхэд зугтаахаар нь хамт явсан ахын толгойн ар хэсэг рүү манай ах нэг удаа цохисон. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэг үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-34/

-Гэрч Н.Түмэн-Өлзийн: “...Э.Энхмөнх очоод нэг хүүхдийг нь цохих гэсэн зугтаачихсан. Тэгээд хамт байсан хүүхдийг Э.Энхмөнх толгойн ар дагз хэсэгт нэг удаа цохиод дараа нь машинаас буулгасан...” гэх мэдүүлэг,  /хх-36/

-Өсвөр насны гэрч О.Буяннэмэхийн: “...2 хүүхэд маргалдаад байхаар нь нэгийг нь хацар руу нь алгадахад ахдаа хэлнэ гээд явсан. Тэгээд Л.Лхагвадоржийн хамт тоглоомын талбайн хажууд байж байхад надад алгадуулсан хүүхэд хар өнгийн машинтай ирээд ах нь бууж ирэхэд надад алгадуулсан хүүхэд над руу заахаар нь ах нь хүрч ирээд миний цээж хэсэг рүү нэг удаа хальт цохихоор нь би тэр чигтээ зугтаагаад гэртээ харьсан. Тухайн өдрийн орой Л.Лхагвадорж над руу ярьж чиний алгадсан хүүхдийн ах нь намайг зодсон, цагдаа дээр байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,  /хх-39/

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9069 дугаартай “Л.Лхагвадоржийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-54-55/

- Яллагдагч Э.Энхмөнхийн: “...Л.Лхагвадорж гэдэг хүүхдийг Х.Сайханбилэгийг зодсон хүүхдийг зааж өг гэхэд чадахгүй гэхээр нь уур хүрээд баруун гараараа нэг удаа алгадаад машинд суулгаад гудамжаар найзыг нь хайгаад олоогүй. Би Л.Лхагвадоржийг зодсоны дараа уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-66-67/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Э.Энхмөнхийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Энхмөнх нь Л.Лхагвадоржийг дүү Х.Сайханбилэгийг алгадсан хүүхдийг зааж өгөөгүй гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь халдаж  тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан насанд хүрээгүй хохирогч Л.Лхагвадорж мэдүүлэг /хх-26/, өсвөр насны гэрч О.Буяннэмэхийн мэдүүлэг /хх-39/, өсвөр насны гэрч Х.Сайханбилэгийн мэдүүлэг /хх-34/, гэрч Н.Түмэн-Өлзийн мэдүүлэг /хх-36/шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9069 дугаартай, дүгнэлт /хх-54-55/, яллагдагч Э.Энхмөнх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Энхмөнхийн энэхүү үйлдэл нь өсвөр насны Л.Лхагвадоржийг “дүү Х.Сайханбилэгийг алгадсан хүүхдийг зааж өгөөгүй” гэх шалтгаанаар хуулиар хамгаалагдсан эрх , эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж дагз хэсэг рүү нь нэг удаа цохих зэргээр хүч хэрэглэн зодож, бие махбодид нь гэмтэл учруулсан нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, шууд санаатай үйлдэл байна.

Иймд Э.Энхмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Энхмөнхийн хууль бус санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Л.Лхагвадоржийн биед тархи доргилт бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9069 дугаартай дүгнэлтээр /хх-54-55/ тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Лхагвадорж “Нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал гомдол байхгүй” гэж хүсэлт гаргаж /хх-70/ иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй” гэсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Лхагвасүрэнд шүүх хуралдааны товыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэхэд “Өнөөдөр Э.Энхмөнх нь миний данс руу 500000 төгрөг шилжүүлсэн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаараа хэлж мэдэгдсэн тул энэ тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Энхмөнх нь урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-57/

Дээрх нөхцөл байдал болон Э.Энхмөнх нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Лхагвадорж хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй“ гэсэн, хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Энхмөнхийн орлогын байдлыг харгалзан шүүхээс оногдуулах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Халх овогт Энхтуулын Энхмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Халх овогт Энхтуулын Энхмөнхөд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Энхмөнхөд оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.Энхмөнх нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Лхагвасүрэн “гомдол саналгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, Ж.Лхагвасүрэнд Э.Энхмөнхийн зүгээс 500000 төгрөг хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Энхмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Э.Энхмөнхөд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ