Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1076

 

2021          10         28                                   2021/ШЦТ/1076

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч: Х.Нямдалай нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн Х.Нямдалайд холбогдох 2108000001385 тоот хэргийг 2021.10.25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994.02.27-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 26 дугаар гудамж 13 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:УП94022718/ Боржигин овогт Хосбатын Нямдалай нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Нямдалай нь 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханийн материал эцэс 58 дугаар байрны гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн Н.Гантөрийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясанд сэлтэрсэн, зүүн ухархайн дотор хана самалдаг руу цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Н.Гантөрийн: ”...2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханийн материал эцэс 58 дугаар байрны гадна машинд найз Б.Сүх-Эрдэнэ, Ёндон нартай хамт Сэнгүр нэртэй пиво уугаад сууж байхад 17-18 цагийн орчим байрны гадаа танихгүй согтуу залуу орилж, чарлаад эхнэр нь бололтой эмэгтэй рүү я....н, г....й, п..д. гэх мэтээр хараагаад байхаар нь би тухайн танихгүй залууд “чи олон нийтийн газар битгий орилоод бай байрны гадаа олон хүүхдүүд тоглож байна” гэхэд тухайн залуу газраас чулуу аваад гартаа бариад п..д. нар минь та нарт ямар хамаатай юм бэ? гээд бид нарыг чиглэж ирээд надтай хамт байсан Ёндонтой маргалдахаар нь би тэр залууг явуулах гээд ойртоход намайг анзаараагүй байхад гараараа нэг удаа миний нүүр рүү цохисон. Тэгээд миний хамраас цус гарсан. Өөр зодоон цохион болоогүй, би цагдаад дуудлага өгсөн... миний нүүр рүү танихгүй залуу нэг удаа гараараа цохих үед миний хамар гэмтсэн өөр гэмтэл шарх байхгүй...” гэх мэдүүлэг,  /хх-8/

- Гэрч Б.Сүх-Эрдэнийн “...Н.Гантөр ойртоод боль гэхэд гэнэт Н.Гантөрийн нүүр рүү нь гараараа нэг удаа тухайн согтуу залуу цохисон. Тэгээд өөр маргаан зодоон болоогүй...” гэх  мэдүүлэг, /хх-10/

-Гэрч Ж.Ёндонрэнбүүчигийн “...Н.Гантөр ах ирээд яах гээд байгаа юм бэ? боль гэхэд тухайн танихгүй залуу гэнэт Н.Гантөрийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд өөр маргаан, зодоон болоогүй...” гэх мэдүүлэг, /хх-12/

- Гэрч Т.Халиунаагийн “...Манай нөхөртэй маргалдаад манай нөхрийг нэг залуу нь ирээд цохих шиг болсон манай нөхөр буцаагаад нэг удаа цохих шиг болсон. Тэгээд манай нөхрийн цохисон залуугийн хамраас цус гарсан... ” гэх мэдүүлэг, /хх-14/

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9097 дугаартай “Н.Гантөрийн биед хамар ясанд сэлтэрсэн, зүүн ухархайн дотор хана самалдаг руу цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-24/

- Яллагдагч Х.Нямдалайн: “...2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материал эцэс 58 дугаар байрны гадна талбайд өөрийн эхнэр Т.Халиунаатай маргалдаж байхад сүүлд нэрийг нь мэддэг болоход Н.Гантөр гэх залуу “намайг чимээгүй бай” гэсэн ба би тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Н.Гантөртэй маргалдаж улмаар гараараа нэг удаа хамар руу нь цохисон. Өөр маргаан зодоон болоогүй. Н.Гантөр гэх залуу надад цохиулсны дараа хамраас нь цус гараад цагдаа дуудсан. Сүүлд эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс нь хугарсан байсан гэж хэлсэн би Н.Гантөрөөс уучлалт гуйгаад эмчилгээтэй холбоотой зардлыг гаргаж өгнө гэж хэлсэн. Н.Гантөр хагалгаанд орж магадгүй эмчилгээний зардал одоогоор нарийн тогтоогоогүй байна гэж надад хэлсэн. ....намайг хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй би өмнө өгсөн мэдүүлэгт намайг эхэлж цохисон гэж андуурч мэдүүлсэн байна...” гэх мэдүүлэг /хх-31-32/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Х.Нямдалайн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Нямдалай нь эхнэртэйгээ зүй бусаар харилцсан үйлдлийг таслан зогсоох шаардлага тавьсан Ёндон, Н.Гантөр нартай маргалдаж байх явцдаа иргэн Н.Гантөрийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясанд сэлтэрсэн, зүүн ухархайн дотор хана самалдаг руу цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч Н.Гантөрийн мэдүүлэг /хх-6/, шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9097 дугаартай дүгнэлт /хх-19-20/, Х.Нямдалайн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Нямдалайн энэхүү үйлдэл нь үл ялих зүйлээр шалтаглан иргэн Н.Гантөрийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясанд сэлтэрсэн, зүүн ухархайн дотор хана самалдаг руу цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл бие махбодид нь учруулсан нь шууд санаатай үйлдэл байна.

Иймд Х.Нямдалайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Нямдалайн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Гантөрийн биед “хамар ясанд сэлтэрсэн, зүүн ухархайн дотор хана самалдаг руу цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9097 дугаартай дүгнэлтээр /хх-19-20/ тогтоогдож байна.

Хохирогч Н.Гантөр “Х.Нямдалай гэх залуу надаас уучлалт гуйгаад надад эмчилгээний зардалд 2500000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлж /хх-8/ иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй” гэсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч Х.Нямдалай нь урьд 1 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.05-ны өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ. /хх-38-40/

Шүүгдэгч Х.Нямдалай нь шүүхээс өмнөх шатанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг сайн дураараа нөхөн төлж, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Х.Нямдалай нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Н.Гантөр хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй“ гэсэн, хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Нямдалайн орлогын байдлыг харгалзан шүүхээс оногдуулах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Хосбатын Нямдалайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Хосбатын Нямдалайд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Нямдалайд оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд 3 /гурав/ хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Х.Нямдалай нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Н.Гантөрд 2500000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн ба хохирогч Н.Гантөр нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Нямдалайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Х.Нямдалайд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ