Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/570

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч М.П

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 04-нд Говьсүмбэр аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, “ХХХ” ХХК-д ХХХХ ажилтай, ам бүл 3; эх, ахын хамт ХХХХ, 00 дүгээр баг, 00 дугаар байрны 00 тоотод хаягийн бүртгэлтэй, ХХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

ХХ0000000 дугаарын регистртэй, Б овогт М-ын П

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.П 2021 оны 8 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө ХХХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ" нэртэй зочид буудлын 00 давхрын 00 тоот өрөөнд хохирогч Ш.С-г зодож, улмаар эрүүл мэндэд нь зүүн чих, зүүн гарын долоовор хурууны шарх, эрүү, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчоос уучлалт гуйгаад түүнд 700.000 төгрөг өгсөн гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ш-ын С “... П, Ө нар 2021 оны 8 дугаар сарын 06-аас 7-нд шилжих шөнө 03:00 болж байхад ХХХ зочид буудлын 0 давхарт хүрээд ир гэж хэлсэн. Би ХХХ зочид буудлын гадаа ирээд П рүү залгахад Ө, П нар согтуу гарч ирээд машин дотор суугаад миний машиныг үзсэн. ХХХ зочид буудал руу буцаж ороод юм ярьж сууж байгаад урьдын авах ёстой өрнөөс болж муудалцсан. Намайг П хоолойноос боогоод, толгой руу цохиод арагшаа орон дээр унах үед ээмэг татагдаж чих сэтэрч цус гарсан. Тэгээд хамт байсан найзууд нь салгасан. Би 102-т дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд П бид хоёрыг авч явсан. Тухайн үед П-тэй маргалдаж байгаад намайг заамдаад цамцны захнаас боож толгой руу цохиод хойшоо ор руу түлхэхэд зүүн чихэнд байсан урт ээмгэнд чих сэтэрч миний чихнээс цус гарсан. Би өөрийгөө хамгаалж өөрөөсөө холдуулсан. Найзууд нь боль гэж хэлж салгасан. Миний чих, толгойд учирсан гэмтлийг П учруулсан. Гарт учирсан гэмтлийг айсандаа өөрийгөө хамгаалах гэж П-ийг учруулсан гэж бодож байна. Яаж учирсныг санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. П надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-н 8-9/ гэж,

гэрч Б-ын Ө “... 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед найз П, М, Б нартай манай гэрийн ойролцоо уулзсан. М, Б нар ХХХ аймгийн ХХХ сумаас ирсэн байсан. Тэгээд бид нар гадуур явж байгаад орой 21 цагийн үед 3, 4 дүгээр хорооллын ХХХ зочид буудалд гаднаас 1 шил 0,75 литрийн архи авч орж ууцгаасан. Тухайн үед манай ажлын ах Б гадуур уугаад явж байна гэж над руу залгахаар нь би байгаа газраа хэлээд Б ах орж ирээд унтаад өгсөн. Тэгээд орой архи дуусаад П шагийн архи зардаг таньдаг эмэгтэй гээд С-г дуудсан. С ирчихлээ гээд бид 4 архиа авах гэж буудлын гадаа гараад тамхи татаад зогсож байхад С ирээд шууд над руу томроод урьдын авсан архины мөнгөө дутуу өгсөн гээд загнаад байсан. Тэгээд С өөрөө түрүүлээд танай өрөөг орж үзье гээд орсон. Бид нар араас нь ороход өрөөнд С-г П-тэй хэрүүл хийгээд хараагаад байсан. Бид нар наад авгай чинь архи авчирсангүй, явуул гэхэд С явахгүй байсан. П гарлаа гэхэд С хаалганы өмнө хашиж зогсоод гаргахгүй гээд хэрэлдээд байсан. П С-ааг түлхээд ор руу унагаасан. С-гийн зүүж явсан урт ээмэг нь татагдаад чихнээс нь цус гараад С орилж, чарлаад цагдаа дуудна гээд 102-т дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд П, С нарыг аваад гарсан. Тухайн үед С гаднаас орж ирээд эхлээд над руу урьдын архи мөнгөө дутуу өгсөн гээд хашхирч байгаад, буудлын өрөөнд ороод П рүү С орилж чарлаад хашхираад хэл амаар доромжлоод байсан. Маргаан тэр хоёрын хооронд болсон. С-г П 1 удаа ор руу түлхсэн. Тэгэхэд Сүндэрмаагийн зүүн чихний ээмэг нь орооцолдоод чихнээс нь цус гарсан байсан. Өөр С-д гар хүрсэн хүн байхгүй. Гаднаас орж ирэхэд биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй. Харин өөрөө орж ирээд хашхирч байхдаа ширээн дээр байсан пивоны лаазыг базаад суугаад байсан. Тэгэхдээ гараа зүссэн байх” /хх-н 17/ гэж,

гэрч Э-ын Б “... манай найз П 2021 оны 8 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө /цагийг нь сайн санахгүй байна/ ххх байдаг ХХХ нэртэй зочид буудлын өрөөнд түүний танил гэх эмэгтэйгээс архи авахаар дуудсан. Тэгээд үл таних, 30 гаруй насны, махлагдуу эмэгтэйн хамтаар орж ирээд архины асуудлаас болоод маргалдаад, тухайн эмэгтэй нь П-ийг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд П нь түүнийг түлхээд ор руу унагаахад тухайн эмэгтэй нь хашхирч босож ирээд чамайг цагдаад өгнө гэж хэлээд цагдаад хандсан юм. Тухайн эмэгтэйн чих нь сэтэрсэн гэж хэлж байсан би ямар байдалтай байсныг нь хараагүй. П нь өөр ямар нэгэн байдлаар тухайн эмэгтэйг зодож, цохисон асуудал байхгүй. Ор руу нэг удаа түлхэж унагаасан” /хх-н 20/ гэж  тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор Ш.С-ийн биед зүүн чих, зүүн гарын долоовор хурууны шарх, эрүү, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн 7220 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 27-28/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Энэ хэрэгт хохирогч Ш.С “... П надаас уучлалт гуйж тохиролцоод хохирол барагдуулсан тул гомдолгүй тул миний миний өргөдлийг хэрэгсэхгүй хааж өгнө үү” гэсэн /хх-н 63/

М.П “... миний бие М овогтой П нь 8 дугаар сарын 06-аас 7-нд шилжих шөнө танил С-д хохирол учруулсан. Иргэн С-д хохирол нөхөн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн /хх-н 55/ хүсэлт тус тус гаргаж, прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Мөн шүүгдэгч М.П-ийн хувийн байдалтай холбоотойгоор:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 50/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/, М.Пийн Голомт банкны дансны хуулга /хх-н 56-62/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Б овогт М-ын П-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.П-д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Ш.С “... П надаас уучлалт гуйж эмчилгээний 700.000 төгрөг төлсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-н 17/, “... П надаас уучлалт гуйж тохиролцоод хохирол барагдуулсан тул гомдолгүй тул миний миний өргөдлийг хэрэгсэхгүй хааж өгнө үү” гэсэн /хх-н 63/ хүсэлт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч М.П шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Шүүгдэгч М.П цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт М-ын П-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.П-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. М.П торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. М.П цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.П-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ