Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/604

 

 

 

 

 

 

 

 

   2021           9             21                                        2021/ШЦТ/604

 

 

   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч Д.М, Б.Х, тэдгээрийн өмгөөлөгч Н.Нарантуяа

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас:

Д.М, Б.Х, А.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.М, Б.Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000 тоот хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 20-нд Ховд аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 3; эх, дүүгийн хамт ХХХХ аймаг, ХХХ, 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

ХХ000000 дугаарын регистртэй, Б овогт Д-ийн М

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 02-нд Сүхбаатар аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ХХХ” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ХХХ дүүрэг, 000 дүгээр хороо, 000 дугаар гудамж, 00 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 2; дүүгийн хамт ХХХ дүүрэг, 0 дүгээр хороо, ХХХ хотхоны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ХХХ дугаарын регистртэй, У овогт Б-ын Х

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 04-нд Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “ХХХ” зочид буудалд нягтлан бодогч ажилтай, ХХХ, 0 дүгээр баг, 00 дүгээр гудамж, 0 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 2; дүүгийн хамт ХХХ дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ХХ00000 дугаарын регистртэй, Б овогт А-ийн Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.М, Б.Х, А.Э нар бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед ХХХ дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХ дүүрэг дэх ХХХ газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.А-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,

хүч хэрэглэн эсэргүүцэхдээ шүүгдэгч Д.М, Б.Х нар бүлэглэн, шүүгдэгч Д.М нь баруун гартаа барьсан гар утсаа ашиглан хохирогч Б.А-ийн толгой тус газар олон удаа цохиж, шүүгдэгч Б.Х нь баруун гараараа 2 удаа хохирогч Б.А-ийн толгойн ар хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

 Би хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэж яг юуг нь шаардлага гэж үзэх юм бол, тэр цагдаа болохоор намайг утсаа боль гэдэг л шаардлага тавьсан. Гар утсаа боль гэж надад олон удаа хэлсэн. Тэр үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор ухаан санаа хүлээж авах чадвар муу байсан болов уу гэж бодож байгаа. Тэгээд би гар утсаа болиод өмднийхөө арын халаасанд хийсэн. Миний утсанд мессеж ирэхээр нь дуугараад харсан чинь намайг чи дахиад утсаа гаргаад ирлээ гэж хэлээд миний гараас мушгиж татаад үл ойлголцол үүссэн. Хохирогч миний гараас барьчхаад ерөөсөө надаас салахгүй байсан. Би өөрөө энэ хүний гараас салаад хаалгаар гараад явчихъя гэсэн бодол надад үнэхээр их байсан. Би тэгж чадаагүй. Дараа нь миний үснээс зулгаахаар нь би миний үснээс зулгаалаа гээд тодорхой хэмжээнд уур хүрээд, тэгээд яг юу болсон гэдгийг ерөөсөө санахгүй байна. Дараа нь би өөрөө тэр хүний толгой руу цохисон бичлэгээ ерөнхийдөө харсан. Шаардлага биелүүлээгүй гэдэг зүйл анги дээр гомдолтой байна. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа. Хохирогчид хохирлын мөнгө гэж бид гурав тус бүр 1 сая төгрөг, нийтдээ 3 сая төгрөг өгсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би бүлэглэж, санаатайгаар хүний биед гэмтэл учруулаагүй. Энэ үйл явдал болохоос өмнө би би хохирогчийг таньдаггүй байсан. Өс хонзон санаж, ямар нэгэн зорилго агуулж тэр хүний биед халдах хэмжээнд байгаагүй. Зөвхөн найзыгаа авах гэсэн маргаанаас болж үл ойлголцсон. Тухайн үед яг юу болсон бэ гэхээр М-ийг хүчээр эрүүлжүүлэх байр руу оруулах гээд зууралдаад миний хувьд дундуур нь орж зүгээр тэр хоёрыг салгах, тийм л зорилготой байсан. Түүнээс биш элдэв бусын ёс бус үгээр хүнийг доромжлох зорилго агуулж цагдаагийн биед халдсан үйлдэл гаргаагүй. Тиймээс энэ хэрэгт ял шийтгэл авахад гомдолтой байна. Хэргийг үнэн мөнөөр шүүж өгөхийг хүсэж байна. Хохирогчид 1 сая төгрөг өгсөн гэв.

 

Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Намайг цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэж буруутгаж байгаатай 100 хувь санал нийлэхгүй байна. Харин ч би шаардлагыг нь биелүүлж нөгөө хэдийгээ болиулсан. Гар утсаараа дахин бичлэг хийлээ гэж эд нар хоорондоо маргалдаад зууралдахад нь би дундуур нь орж салгасан төдий. Би болиоч ээ гэж хэлэхэд намайг хэн нь ч сонсоогүй. Бас бид нарыг хэл амаар доромжилсон гэж хохирогч мэдүүлсэн байна лээ. Хэл амаар доромжилсон, ямар нэгэн зүй бус хэллэг хэлсэн зүйл огт байхгүй. Би гэм буруугүй тул яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хохиролд 1 сая төгрөг өгсөн нь үнэн гэв.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М, Б.Х, А.Э нарт холбогдох энэ хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 332 дугаартай шийтгэх тогтоолоор:

шүүгдэгч А.Э, Б.Х нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон тэдгээрийг цагаатгаж,

шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг.

 

Шүүхийн уг шийтгэх тогтоолд прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 735 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох энэ хэргийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар дахин хэлэлцээд хэргийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ны А “... би 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 13:00 цагаас 2 дугаар сарын 07-ны өдрийн 13:00 цагийн хооронд хуваарьт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 2021 оны 2 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчимд а/а Г.А, а/а Г.А нар ХХХ дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцан “ХХХ” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 57 дугаар байрны 6 тоотод хүмүүс архидаад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгачхаад ирэхдээ О гэх залууг авч ирсэн. Тухайн үед а/а Г.А, а/а Г.А нар дараагийн дуудлага ирсэн тул тэр хүнийг эрүүлжүүлэх талаар хэлчхээд явсан. Цагдаагийн алба хаагч нарыг дуудлагад явсны дараа зөрөөд 3 эмэгтэй хүн “О гэдэг хүнийг авч явъя, батлан даалтаар авна” гэх зүйл яриад орж ирсэн. Би “боломжгүй” гэж хэлээд хаалгаа хаатал хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь хаалгаа онгойлготол шар куртиктэй эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь би “бичлэг хийж болохгүй, одоо бичлэг хийхээ боль” гэдэг шаардлага тавьсан. Тэнд байсан хар куртиктэй эмэгтэй мөн гар утсан дээрээ дуу хураагаад байсан. Би хаалгаа хаахад дахин чанга нүдэж эхэлсэн. Тэгээд би “энэ хүнийг гаргах боломж байхгүй, энэ хүнийг хүргэж ирсэн цагдаа нар нь дуудлага мэдээллийг шийдвэрлэх ёстой. Гар утсаараа бичлэг хийхээ боль” гэж удаа дараа ойлгуулах гэж оролдсон боловч шаардлага хүлээж авахгүй байхаар нь гар утсыг нь авах гэж оролдсон. Гэтэл шар куртиктэй эмэгтэй намайг түлхээд элдэв бусын үгээр хэлээд байхаар нь тэр эмэгтэйг хүлээлгийн танхим руу оруулах гэж оролдоход орохгүй гэж маргасан. Гэтэл урдуур нь жижиг биетэй урт куртиктэй эмэгтэй орж хаагаад байсан. Би ноцолдоод урт болон шар куртиктэй 2 эмэгтэйг хүлээн авах өрөөний хаалга руу түлхэх үед хар куртиктэй эмэгтэй намайг цохиод тэр 3 эмэгтэй нийлээд намайг цохиж, зодсон. Эрүүлжүүлэн саатуулах байрны эмч Алгирмаа гарч ирээд салгасан” /хх-ийн 29-31/ гэж,

гэрч Б-ын А “... би 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 13:00 цагаас 2 дугаар сарын 07-ны өдрийн 13:00 цагийн хооронд хуваарьт эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ХХХ дүүргийн 2 дугаар хороог хариуцаж үүрэг гүйцэтгэдэг цагдаа нар дуудлага мэдээллээр О гэх хүнийг авч ирсэн. Удалгүй гаднаас 3 эмэгтэй манай эрүүлжүүлэх, саатуулах байрны үзлэгийн өрөө рүү ордог вакум хаалгыг маш хүчтэй нүдэж эхэлсэн. Тэр үед манай цагдаа А тэдгээр хүмүүст хандаж “энэ хүнийг гаргах боломжгүй, битгий хаалга нүдээд бай” гэхэд тэдгээр хүмүүс “хүнээ авъя” гэж хэлээд явахгүй хаалга нүдсээр байсан. Цагдаа А дахин хаалга онгойлгоод “та нар битгий хаалга нүдээд бай, энэ хүнийг гаргах боломжгүй” гэж тайлбарлахад тэдгээр хүмүүс гар утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан. Цагдаа А “гар утсаа боль” гэж хэлээд байх шиг байсан. Гэтэл гэнэт түжигнээд, дуу чимээ гараад эхлэхээр нь хаалга руу очиход д/а А-ийн толгойны хойд хэсгээс цус гарчихсан, өөрөө толгойгоо дараад хамгаалж, гар нь цус болчихсон байдалтай байсан. Тэдгээр 3 эмэгтэй толгойн тус газарт нь цохиод зодож байсан. Шар гадуур хувцастай эмэгтэй А-г цохиж байх үед нь би очиж хувцаснаас нь татаад болиулах гэхэд тэр эмэгтэй шаардлага эсэргүүцээд миний урдаас надтай ноцолдоод д/а А-с салахгүй байсан. Тэгж байтал Б 1 эмэгтэйг нь салгаж тэнд зодоон намжсан. Гаднаас эрүүгийн мөрдөгч, дэслэгч Н.Б, жижүүрийн ахлах мөрдөгч, хошууч Б.О нар орж ирээд 103-т дуудлага өгч А-г үзүүлэхэд толгойд нь цус хуралт үүссэн байна, яаралтай авч явах шаардлагатай гэж хэлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Харин 3 эмэгтэйг А, А, Б нар эрүүлжүүлсэн. Тэдгээр эмэгтэйчүүд А-г зодсоны дараа ч шаардлага эсэргүүцэн орилж, чарлаж байсан. Тэр 3 эмэгтэй нэлээн согтолттой байсан” /хх-ийн 40-41/ гэж,

гэрч Н-ын Б “... хуваарьт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Эрүүлжүүлэх, саатуулахын байрны камераа хяначхаад үзлэгийн өрөөнд хүн хараад байж байхад Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч а/д Б.А цагдаа нарын авч ирсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний биеийн байдлыг үзэж байсан. Гэтэл Эрүүлжүүлэх, саатуулах байрны үзлэгийн өрөө рүү нэвтрэх гээд хүмүүс хаалгыг хүчтэй нүдээд байхаар нь д/а Б.А уулзаад байх шиг байсан. 3 эмэгтэй дайрч орж ирэх гээд орилж байгаад түжигнээд дуу чимээ гараад явчих шиг болсон. а/д Б.Алгирмаа түрүүлж гараад би араас нь гарахад д/а Б.А 3 эмэгтэй нийлж хүч хэрэглэн зодож байсан. Харин а/д Б.А 1 хүнтэй нь зууралдаад салгаж байсан. Миний хувьд тэр асуудал үүсгээд байсан 3 эмэгтэйн авч явах гээд байсан залуу хойд талд байсан болохоор хойноос ирж асуудал үүсгэх бий гэж бодоод хараад зогсож байсан. Удалгүй байдал намжиж гаднаас эргүүлийн мөрдөгч Б.Б, жижүүрийн ахлах мөрдөгч, хошууч Б.О нар орж ирсэн” /хх-ийн 58-59/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “Б.А-ийн биед тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 1395 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 64-65/

Түүнчлэн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байрны хяналтын камерт үзлэг хийхэд

“... 23:40:42 цагт Х д/а Б.А-ийн хойд талд гараад толгой тус газар руу нь цохиод 23:40:44 цагт хөл рүү нь өшиглөж байх ба д/а Б.А эргэж хараад Х хүлээлгийн өрөө рүү түлхэх үед 23:40:46 цагт Э д/а Б.А-ийн хойд нуруунаас нь урагш түлхээд энэ үед М баруун гартаа гар утсаа бариад д/а Б.А толгой тус газар руу 2 удаа цохих ба д/а Б.А Х тавих үед 23.40.59 цагт М д/а Б.А дахин түлхээд толгойгоо хамгаалах үед а/а Н.Б хүлээн авахын өрөөний дотор талаас Х татах ба 23:30:50 цагт М д/а Б.А-г дахин баруун гартаа утсаа бариад 5 удаа цохих ба энэ хооронд 23:30:53 цагт д/а Б.А гарч ирж Х нь хойш ухраад а/а Н.Б-с салсан даруйдаа баруун хөлөөрөө д/а Б.А-г өшиглөөд доош суух үед нь толгойн дээрээс нь 1 удаа гараараа цохисон ...” гэж тэмдэглэгджээ. /хх-ийн 11-13/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “... “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэсэн байх бөгөөд

шүүгдэгч Д.М нарт холбогдох хавтаст хэрэгт Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн болон хэсэг, авто эргүүл, эрүүлжүүлэх саатуулах байранд ажиллах албан хаагчдын томилгоо /хх-н 6/, Цагдаагийн Ерөнхий газрын Дэд даргын тушаал /хх-н 7/, Ажлын байр /албан тушаал/-нд томилж, цагдаагийн цол олгосон албан хаагчдын нэрс /хх-н 8/, Б.А-ийн Цагдаагийн ажилтны ажлын үнэмлэх /хх-н 9/ гэсэн бичгийн баримтууд авагдсан байгаа нь хохирогч Б.А “хууль сахиулагч” мөн болохыг нотолно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл нэр бүхий шүүгдэгч нарын хэн нэгний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үгүйсгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин прокуророос шүүгдэгч А.Э-ийг бүлэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа хэргийн нотлох баримтад шүүх дүгнэлт хийж түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Учир нь, камерын бичлэгт бичигдсэнээс үзвэл шүүгдэгч А.Э-ийн үйлдэл нь хүч хэрэглэсэн гэхээс илүүтэйгээр хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн шинжийг агуулж байна.

 

Гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлох энэ байдлыг зөвтгөснөөр хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйгээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй.

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан байх тул прокуророос шүүгдэгч Д.М, Б.Х, А.Э нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамласныг мөн зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг болгон зөвтгөж, шүүхээс оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг ялгамжтай тогтоов.

 

Дээр дурдагдсан нөхцөл байдал, хэргийн үйл баримтууд нь шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Н.Нарантуяа, өмгөөлөгч Д.Батбаяр нарын “... шүүгдэгч нарыг гэм буруугүй” гэж үзсэн тэдгээрийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл болно.

 

Шүүгдэгч Д.М-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133/, Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 134-135/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 138/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 139/, Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 140/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 141/, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 145/,

 

шүүгдэгч Б.Х-гийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163/, Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 164-165/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 168/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 169/, Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 170/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 174-175/,

 

шүүгдэгч А.Э-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148/, Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 149-150/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 153/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 154/, Эд хөрөнгийн /хх-ийн 155/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 156/, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 161/

 

Хохирол, төлбөрийн талаар:

Хохирогч Б.А “... 3 сая төгрөг авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн баримтууд тус тус хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзсан болно.

Тухайлбал, улсын яллагчаас гаргасан шүүгдэгч Д.М, Б.Х, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2.700.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Д.М, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь тэдгээрийн хувийн байдалд нийцэхээргүй, зохимжгүй ял гэж шүүх үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

 

Гэвч шүүгдэгч Д.М, Б.Х, А.Э нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжихээс өмнө байх ба тэдгээрийн үйлдсэн гэмт хэргүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамаарч байна.

Шүүгдэгч Д.М, Б.Х, А.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ ягаан өнгийн кейстэй, хар өнгийн Самсунг А-51 маркийн гар утсыг ашигласан байх тул энэ гар утсыг түүнд буцаан олгох шаардлагагүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэргийн талаарх бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-ийн М, У овогт Б-ын Х нарыг бүлэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

Б овогт А-гийн Э-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

 

Б овогт Д-ийн М, У овогт Б-ын Х нарыг албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М, Б.Х нарыг 8 /найм/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-ийг 6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М, Б.Х нарыг 1 /нэг/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М, Б.Х нарт оногдуулсан тус бүрийн 8 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эд оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М, Б.Х нарт оногдуулсан тус бүрийн 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг

тус тус 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Д.М, Б.Х, А.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Амарсанаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн кейстэй хар өнгийн Самсунг А-51 маркийн, Д.М-ийн эзэмшлийнх гэх 1 ширхэг гар утсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

хэргийн талаарх бичлэг бүхий 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.М, Б.Х, А.Э нарт урьд авагдсан тус бүрийн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ