| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/09595/и |
| Дугаар | 101/ШШ2017/00647 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2017/00647
| 2017 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/00647 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: И ББСБ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Э
Хариуцагч: Н.А нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 792,627 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,
Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох илүү төлсөн 507,373 төгрөг, хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд төлсөн 30,000 төгрөг, нийт 537,373 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0024/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******” ХХК нь иргэн Л.*******, Н. ******* нартай 2014 оны 01 дугаар сарын 16-ны өдөр №04 тоот зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгчтэй Фидуцийн № 04 тоот гэрээ байгуулж ******* улсын дугаартай ******* арлын дугаартай Honda Civic маркийн автомашиныг “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барьцаалсан. Зээл төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн № 04 тоот гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр дуусгавар болох байсан боловч зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж байсан тул барьцаа хөрөнгө суудлын автомашиныг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөгөөр үнэлсний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөгөөр худалдан борлуулж төлбөрийг барагдуулсан. Уг 2,500,000 төгрөгөөс үндсэн зээлд 1,500,000 төгрөг, хүүд 1,000,000 төгрөгийг суутгасан. Худалдан борлуулах талаар мэдэгдээгүй гэж байна, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Замын цагдаагийн газрын саатуулах байранд автомашиныг байхад нь очиж авсан. Худалдан борлуулах талаар Л.*******т мэдэгдэхэд Л.*******тэй ярь гэдэг байсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар зээлдэгчийн эрхийн дагуу автомашиныг худалдан борлуулсан. Нэхэмжлэгч нь өмчлөх эрх үүссэн тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар чөлөөтэй эзэмших, захиран зарцуулах эрхтэй юм.
“*******” ХХК нь барьцааны хөрөнгө худалдан борлуулсаны дараа иргэн Л.*******, Н.******* нараас үлдэгдэл зээл хүүний төлбөрийг төлж барагдуулахыг шаардахад төлөхгүй байгаа тул зээл 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тооцож үзэхэд үндсэн зээл 358,366 төгрөг, үндсэн хүү 277,665 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,595 төгрөг, нийт 792,627 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Бэлэн мөнгө болон бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Л.*******, Н.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, өмгөөлөгч Б.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.*******, Н.******* нарт холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: П.*******, Н.******* нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “*******” ХХК-иас 3,500,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй машинаа тавьж зээл авсан. Энэ хугацаанд үндсэн мөнгө хүүгийн хамт 3,141,600 төгрөг төлсөн. Төлснийг тус байгууллага зөвшөөрч байгаа. Үлдэгдэл 1,121,200 төгрөгийг төлөх боломжгүй болсоноо тус байгууллагад хэлж машинаа заруулж хохиролгүй болгосон. Харин ч Л.*******, Н.******* нар нь зөрүү 978,800 төгрөгийг “*******” ХХК-иас авах ёстой. Автомашиныг нэхэмжлэгч нь худалдан борлуулах гэж байгаа талаар хариуцагч нарт мэдэгдээгүй юм. Зээлийн гэрээний дагуу барьцаанд байгаа автомашиныг худалдан борлуулж болно гэсэн үг байхгүй, гэрээний 4.2.5-д 10 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой байсан боловч өгөөгүй байна. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд нь эд хөрөнгийг худалдан борлуулах эрх байхгүй байна.
Иймд “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 792,627 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Л.*******, Н.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, өмгөөлөгч Б.******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үндсэн нэхэмжлэл гаргагч “*******” ХХК нь 3,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан байсан Honda civic маркийн ******* арлын дугаартай, улсын дугаартай, суудлын зориулалттай, 1490 хөдөлгүүрийн багтаамжтай, Япон Улсад 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг маань бидэнд ямар нэгэн мэдэгдэл өгөлгүй 2,500,000 төгрөгөөр зарж борлуулсан байна. Одоогийн зах зээл дээр ийм тээврийн хэрэгсэл 3,800,000 төгрөгийн үнэ ханштай байна. Зөрүү 1,300,000 төгрөг гарч байна. Мөн 3,500,000 төгрөгийн зээлээс 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 413,500 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 107,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 581,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 383,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 375,500 төгрөг, нийт 2,160,000 төгрөг төлсөн. Эдгээр төлөлт нь үндсэн нэхэмжлэлд орж тооцогдохоор байгаа учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Машины үнийн зөрүү 1,300,000 төгрөгөөс нэхэмжилсэн 792,627 төгрөгийг хасч тооцоход 507,373 төгрөгийн илүү төлөлттэй байгаа.
Иймд хариуцагч “*******” ХХК-иас илүү төлсөн 507,373 төгрөг, хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд төлсөн 30,000 төгрөг, нийт 537,373 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч “Инвестос” ББСБ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд Л.*******, Н.******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбар гаргаж байна. Зээлдэгч Л.*******, Н.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллага 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 148 тоот албан бичгээр 792,627 төгрөг нэхэмжилсэн болно. Сөрөг нэхэмжлэлд “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн автомашины тодорхойлолт автомашины бодит үнэлгээ биш байна. Уг тодорхойлолтонд хэдэн онд үйлдвэрлэсэн, хэдэн онд орж ирсэн, хэдэн жил ашиглагдсан ямар өнгө үзэмжтэй, эдэлгээ чанар хэрхэн байсныг барьцаа хөрөнгө дээр бодитой үнэлээгүй тул нотолгооны хэрэгсэл болохгүй гэж үзэж байна. Хариуцагч Л.*******, Н.******* нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Л.*******, Н.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 358,366 төгрөг, хүү 277,665 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,595 төгрөг, нийт 792,627 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд бэлэн мөнгө болон бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлд илүү төлсөн 507,373 төгрөг, хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн зардал 30,000 төгрөг, нийт 537,373 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээл авч, илүү төлөлт хийсэн, автомашиныг худалдан борлуулах талаар бидэнд мэдэгдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нь хариуцагч нар зээлээс илүү төлөлт хийгдээгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
“*******” ХХК нь Л.*******, Н.******* нартай 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 04 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байхаар буюу зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгэрэ сарын 16-ны өдөр дуусгавар болохоор харилцан тохирч, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулагджээ.
Хариуцагч нар зээлийн гэрээний үндсэн хугацаанд
үндсэн зээлд 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 282,833.67 төгрөг, 3 дугаар сарын 19-ний өдөр 50,000 төгрөг, 3 дугаар сарын 24-ний өдөр 120,000 төгрөг, 4 дүгээр сарын 04-ний өдөр 65,000 төгрөг, 4 дүгээр сарын 16-ны өдөр 538,800 төгрөг, 6 дугаар сарын 05-ны өдөр 240,000 төгрөг, 6 дугаар сарын 17-ны өдөр 345,000 төгрөг, нийт 1,641,633.67 төгрөгийг төлсөн,
зээлийн хүүд 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 130,666.66 төгрөг, 3 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 3 дугаар сарын 24-ний өдөр 30,000 төгрөг, 4 дүгээр сарын 04-ний өдөр 42,000 төгрөг, 4 дүгээр сарын 16-ны өдөр 43,000 төгрөг, 6 дугаар сарын 05-ны өдөр 143,000 төгрөг, 6 дугаар сарын 17-ны өдөр 30,500 төгрөг, нийт 519,166.66 төгрөгийг төлсөн,
Нийт зээлийн гэрээний үүрэгт 2,160,800.33 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү үнийн дүнгийн хувьд маргаагүй.
Хариуцагч нар нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш дахин төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээнд заасан зээлийг эргүүлэн хугацаанд нь хуваарийг зөрчиж, үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 04 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г хийж, Л.*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай, Honda civic маркийн хар өнгийн автомашиныг гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон, энэхүү гэрээ нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээ байгуулагдсан байна.
“*******” ХХК нь дээрх гэрээний дагуу ******* улсын дугаартай автомашиныг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшилд бүртгүүлсэн болох нь уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон боловч үлдэгдэл зээлээ төлөх үүргийг зээлдэгч нар биелүүлээгүй, улмаар фидуцийн гэрээний дагуу ******* улсын дугаартай, Honda civic маркийн хар өнгийн автомашиныг 2015 оны 11 дүгээр сард “*******” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.
Уг заалтын дагуу үүрэг хүлээгч буюу хариуцагч Л.*******, Н.******* нар нь зээлийн гэрээний дагуу мөнгийг бүрэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгө болох автомашиныг буцаан авах эрхгүй байна.
Харин хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул “*******” ХХК нь автомашиныг бодитойгоор өөрийн өмчлөлд шилжүүлж, гаргуулан авснаар зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” нь дуусгавар болсон байна.
“*******” ХХК нь автомашиныг тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний “МЧД” ХХК-иар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаартай “Автомашины зах зээлийн үнэ тогтоосон тайлан”-гаар үнэлүүлж, зах зээлийн үнэлгээ болох 2,500,000 төгрөгөөр иргэн О.д худалдан борлуулж, О.ийн нэр дээр шилжүүлэхийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 118 дугаартай албан бичгийг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн, О. нь “*******” ХХК-д 2,500,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Уг 2,500,000 төгрөгөөс үндсэн зээлд 1,500,000 төгрөг, хүүд 1,000,000 төгрөгийг суутгасан болох нь баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь ийнхүү 2,500,000 төгрөгөөр худалдан борлуулсаныг сая шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй, уг тайлбараа нотлоогүй болно.
Автомашиныг фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авч, худалдан борлуулсан боловч хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн дуусгавар болоогүй, зээлийн үлдэгдэлтэй байсан байна.
2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” нь дуусгавар болсон боловч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохгүй юм.
Ийнхүү зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэгч нь үлдэгдэл зээл, түүнд тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон Иргэний хуульд зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар зохигчид харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 358,366 төгрөг, хүүд 277,665 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна, харин нэмэгдүүлсэн хүүгийн хувьд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тохирсон хүүгийн 20 хувиас хэтрэхгүй буюу хүү 277,665 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү тооцоход 55,533 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 691,564 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлд илүү төлсөн 507,373 төгрөг, хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн зардал 30,000 төгрөг, нийт 537,373 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Ийнхүү зээлд илүү төлсөн 507,373 төгрөгийн шаардлагыг “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/06 дугаартай “Тодорхойлол”-оор өнөөгийн зах зээл дээр дундажаар Honda civic маркийн автомашин 3,800,000 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байгаа гэх тодорхойлолтыг хариуцагч тал үндэслэн уг 3,800,000 төгрөгийн үнэлгээнээс 2015 оны 11 дүгээр сард худалдан борлуулсан автомашины үнэлгээ болох 2,500,000 төгрөгийг хасч машины зөрүү 1,300,000 төгрөг ба үүнээс нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 792,627 төгрөгийг хасч 507,373 төгрөгийг зээлд илүү төлсөн гэж үзэж Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсгийн зохицуулалт нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгож буй зээлийн асуудалд хамааралтай бөгөөд банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлд хамаарахгүй юм.
Түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын автомашины зах зээлийн үнэлгээ болох 3,800,000 төгрөгөөс 2015 оны 11 дүгээр сарын автомашины зах зээлийн үнэлгээ болох 2,500,000 төгрөгийг хасч тооцож буй нь үндэслэлгүй, 2015 онд Honda civic маркийн автомашин нь 2,500,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байсан гэж хариуцагч маргадаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас автомашиныг бусдад худалдсан талаарх худалдах-худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн биелэлтэд “*******” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 30 дугаартай албан бичгээр хариу өгсөн, түүнчлэн Авто тээврийн үндэсний төвд явуулсан албан бичиг, мөнгө төлсөн баримтыг ирүүлсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.*******, Н.******* нараас үндсэн зээлд 358,366 төгрөг, хүүд 277,665 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 55,533 төгрөг, нийт 691,564 /зургаан зуун ерэн нэгэн мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “бэлэн мөнгө болон бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар хариуцагч Л.*******, Н.******* нарын нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан зээлд илүү төлсөн 507,373 төгрөг, хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн зардал 30,000 төгрөг, нийт 537,373 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,573 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,772 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 21,147 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ