Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/654

 

 

 

 

 

 

 

 

     2021         10         13                                      2021/ШЦТ/654

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн

улсын яллагч Г.Энэрэл /томилолтоор/

шүүгдэгч С.Т

хохирогч Ц.Ц

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 12-нд Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, эгчийн хамт ХХХХ дүүргийн 000 дугаар хороо, 000 дугаар гудамж, 00 тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

ХХ000000 регистрийн дугаартай Т овогт С-ийн Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Т архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө ХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” нэртэй зочид буудлын үүдэнд хохирогч Ц.Ц-ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцож чадна. Хохирогч Ц-г зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ зодох шалтгаан надаас шууд болоогүй. Анх баарнаас гарахад Ц нь хоёулаа нийлж юм ууя гээд намайг авч явсан. Манай гэр хол байдаг учраас адилхан эр хүн байна гэж бодоод би дагаад явсан. Үүрийн 06:00 цагийн үед баар хааж гарсан учраас дэлгүүр хайсан. Сансар ороод тэндээсээ хорооллын Өргөө кино театрын зүүн талын Энхбаярын замаар орсон. Тэгээд такси бариад явсаар байтал өглөөний 07:00 цаг болсон. Дэлгүүр онгойж байгаа юм байна гээд намайг дэлгүүр дагуулж орсон. Таксины мөнгийг Цогдэлгэр өгсөн. Дэлгүүр ороод 1 шил архи, 1 ундаа авсан. Намайг өөр юу авмаар байна, дайлж байна гэхээр нь би юм авахгүй гэсэн. Тэгээд хажуу талын буудалд орсон. Буудлын мөнгийг төлөөд намайг орж бай гээд өрөөний түлхүүр өгсөн. Ороод архинаас нэг нэг татсан. Гэтэл надад дансны хуулганы үлдэгдэл харуулаад надад 1.000.000 төгрөг байна, надтай нэг шөнийг өнгөрөөчих, би чамд хангалттай мөнгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би явах ёстой юм байна гэж бодоод би ажилтай гэдгээ мартсан байна, явлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг татаж чангаагаад, гуянаас бариад, илээд байхаар нь явлаа гэсэн чинь явуулахгүй байсан. Тэгээд бид хоёр зодолдсон. Намайг эхлээд цохисон. Би 2-3 удаа цохиод гараад явсан. Би буудлаас гараад хадмынхаа гэрт очих гэж байсан юм. Тэр үед би эхнэрээсээ салаад, муудалцсан байсан. Өглөө нь тийм зүйл болсон учраас хадмынд очих гээд гарсан чинь миний утас байхгүй байсан. Тэр үед миний утас цэнэггүй болоод унтарчихсан байсан. Утсаа зочид буудалд цэнэглэх гээд ширээн дээр гаргаад тавьсан байсан юм. Эргээд орох гэсэн чинь Ц буудлын үүдэнд сууж байсан. Би очоод утсаа авчих уу гэсэн чинь чи намайг сая зодчихлоо гээд босоод ирсэн. Тэгээд дахин зодолдоод халааснаас нь утсаа аваад явсан. Би уг нь хүнд гэмтэл учруулъя гэж бодоогүй. Би гэмтээсэн эмчилгээний зардал бүх зүйлийг нь өгсөн.

Надаас Ц хохирол гэж анх 10 сая төгрөг нэхсэн. Би өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд дараа нь 1.2 сая төгрөгийн баримт гаргаж өгсний зарим баримтууд давхардаж байсан учраас би 1.050.000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч Ц.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би шөнө 03-04 цагийн үед талбайн урд талын бааранд орсон. Ороод хэсэг бүжиглэж байтал хамт байсан охин маань нэг харсан чинь байхгүй байхаар нь явчихсан юм байна гэж бодоод хэсэг бүжиглэж байгаад гадаа гарч тамхи татсан. Би ганцаараа үлдсэн, Т бас ганцаараа явж байсан. Тэгээд энэ залуутай юм ярьж байгаад эргэж орж бүжиглээд, буцаж гадаа гараад тамхи татсан. Тэгсэн чинь намайг чи хаана байгаа юм гэхээр би буудалд өрөө авсан байгаа гэж хэлсэн. Бас нэг охинтой явж байгаад буудал авсан чинь нөгөө охин алга болсон гэж хэлсэн. Тэгээд буудалд ороод ганцаараа унтах байхдаа гэсэн чинь надад очих газар байхгүй байна, хамт очиж хонож болох уу гэсэн. Тэгэхээр нь би тэг гээд баарнаас өглөө 06 цагийн үед гарсан. Гараад такси бариад баахан тойрч явсан. Хороололд буудлын гадаа очоод элээд би буудал руу орсон. Т үүдэнд зогсож байсан. Би ресейпшн дээр очоод өрөө авсан байгаа гэсэн чинь чи өрөө аваагүй, буудлаа андуурсан байна гэж хэлсэн. Тэгээд гараад явсан бөгөөд гадаа шатан дээр сууж байтал Т намайг өрөөгөө олохгүй байгаа юм биш биз дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Т надад архи аваад өгчих гэж хэлсэн. Одоо ууж яах юм бэ гэж би хэлсэн чинь архины мөнгө өгчих гээд байсан. Тэгээд би хаа байсан талбайгаас энд аваад ирсэн юм чинь гэж бодсон. Тэгсэн чинь намайг буудлаа ч мэдэхгүй байна, таксины мөнгө, архины мөнгө өгчих гээд байсан. Тэгэхээр нь би өгөхгүй гэсэн чинь Т намайг түлхээд, хөлөөрөө өшиглөөд байсан. Сүүлдээ бид хоёр хоорондоо зодолдсон. Намайг гарааж, шат хоёрын голд унасан байхад толгой руу өшиглөсөн. Тэгээд би толгойдоо нэлээн хүнд гэмтэл авсан. Рич зочид буудлаас 2 эгч гарч ирсэн. Тэр эгч гарч ирээгүй байсан бол Т намайг дахин зөндөө өшиглөх байсан. Камерын бичлэг дээр хүртэл байгаа. Ресейпшн гарч ирсэн чинь өшиглөхөө больсон. Тэр эгч цагдаа дуудлаа шүү гэсэн чинь намайг зодохоо больсон. Тэгээд тэр залуу урагшаа алхаад яваад өгсөн. Би хальт харсан чинь урагшаа алхаад явж байсан хүн чинь алга болсон байсан. Би Рич буудлын зүүн талын 9 давхар байрны орцонд ороод 3 давхарт нь гараад сэргэх гээд жаахан унтсан. Миний нүүрнээс цус их гарсан аймаар царайтай байсан. Орцонд бараг 2 цаг орчим суугаагаараа унтсан байх. Тэгээд арай гайгүй болоод буудлаа хайсан. Тэгээд Рич зочид буудлын хажуу талын буудал руу ороод өрөө авсан гэсэн чинь чи манайд өрөө авсан, гэхдээ ийм царайтай, ийм хүнийг оруулахгүй гэсэн. Тэгэхээр нь би ороод гар, нүүрээ угаах гэсэн юм гэсэн чинь саванд ус хийгээд өгье гээд миний дээрээс ус хийж өгөөд би цусаа арилгасан. Тэгээд гэртээ такси бариад харьсан. Гэртээ бараг 2 хоног хэвтсэн бөгөөд босохоор толгой эргээд унах гээд байсан. Тухайн үед өвчин гайгүй болохоор Цагдаагийн хэлтэс орох гэж байсан юм. 2 хоног гэртээ хэвтээд толгой арай гэж гайгүй болоод Цагдаагийн хэлтэс орсон. Шүүх эмнэлэг ороод үзүүлсэн чинь чи чинь аймаар олон толгойн цооролтой байна гэсэн. Тэгээд намайг яагаад гадуур яваад байгаа юм бэ, шууд эмнэлэгт хэвт гэсэн. Би Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Цагдаа дээр 2-3 удаа очсон чинь олохгүй байна гээд бараг 2 жил болсон. Тэгээд нэг өдөр миний өмнө нь үерхэж байсан Ц гээд охинтой уулзъя гээд уулзсан. Тухайн үед бид хоёр салсан байсан, гэхдээ уулзсан. Ц хоёр найз охинтойгоо байна, нэг найз охин маань найз залуутайгаа байна гэж хэлсэн. Тэгээд намайг хүрээд ир, хамт ууя гэсэн. Би нэлээн байж байгаад орой очсон чинь энэ залуу сууж байсан. Би Т-г гаднаас нь хараад таньсан. Тухайн үед би мэдэн будилаад би чамайг танихгүй юм байна гээд байж байх хооронд чи яагаад намайг танихгүй байгаа юм бэ, хоёулаа талбайн урд бааранд танилцсан биз дээ, хоёулаа зодолдсон биз дээ гээд байсан. Тэгээд би уучлалт гуйгаад тийм байна гэж хэлсэн. Намайг овоо зодолдож байна шүү гээд байсан. Би та нарт архи, пиво аваад өгье гээд Ц-тэй гадаа гараад 102-т дуудлага өгсөн. Тэгсэн чинь цагдаа ирээд энэ залууг баривчилсан. Цагдаа ирсэн чинь энэ залуу намайг танихгүй, энэ хүн чинь галзуу юм биш үү, намайг гүтгээд байна гээд байсан. Бас намайг огт харж байгаагүй гээд байсан.

Хохиролд гэж 1.050.000 төгрөг авсан нь үнэн. ХААН банк дахь миний данс руу орсон байна лээ.

Миний бие одоо болтол хэвийн байдалд ороогүй байгаа. Толгой байнга өвдөж байна, юмыг маш их мартдаг болсон. Би эмчилгээ хийлгэмээр байна. Хохирлын хэмжээгээр төлбөр өгнө гэсэн. Би эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй учир мөнгө хэрэгтэй байна гээд учирлаж хэлж байсан. Гэтэл намайг мөнгө нэхлээ, сүртэй пизда вэ, өгч чадахгүй гээд байсан. Надад хүнд гэмтэл учирсан, цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоо дор хаяж 6 сая төгрөг нэхэмжилмээр байна. Би энэ хүнээс их айж байна. Энэ хүнд хорих ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсье гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц-ны Ц “... 2019 оны 9 дүгээр сарын 19-ний орой 17 цагийн орчимд гэрээсээ гараад найз Э-тэй уулзаад Өргөө кинотеатрын баруун талын зам дагуу паб-д орж, нэг нэг шил пиво уугаад сууж байгаад зүс таних эмэгтэйгээ утсаар яриад хаана байна гэж асуугаад, Өргөөгийн зүүн талд гадаа уулзсан. Одоо хайчих юм гэтэл би гэртээ орж болдоггүй гэж уг эмэгтэйг хэлэхээр нь хорооллын эцэст караокед орох гэж байгаад болиод хорооллын “ХХХХ”-н хойно “ХХХ” зочид буудлын хажуугийн буудалд нэг өрөө авч том пиво авч орсон. Ингээд пиво уугаад сууж байтал 00 цагийн үед уг эмэгтэй бааранд оръё гэхээр нь буудлаас гараад такси бариад талбайн урд байрлах “ХХХХ” гэх бааранд очиж үйлчлүүлсэн. Би хамт явж байсан эмэгтэйд нэг шил пиво авч өгөөд өөрөө нэг шил пиво авсан. Би дахиад нэг шил пиво аваад ууж байтал уг эмэгтэй харагдахаа больсон, би явсан байх гэж бодсон. Ингээд баар хааж байтал зах нь үстэй цэнхэр яак өмссөн, 175-178 см өндөртэй, баруун нүдний хөмсөгний хажуу талд бага зэргийн шивээстэй, бага зэргийн үстэй, халзан мэт харагдахаар, туранхай, нэрийг нь одоо санахгүй байна, тухайн залуу “чи одоо хайчих юм” гэхээр нь би нэг эмэгтэйтэй буудал авсан. Буудалдаа очоод ганцаараа унтах байхдаа гэж хэлтэл, хоёулаа цуг явъя л даа гэхээр нь баарнаас гараад автобусны буудлаас такси бариад хорооллын “ХХХХ”-н ойролцоо авсан буудал руу явсан. Ингээд “ХХХ” буудлын ойролцоо таксинаас буугаад, авсан буудлаа андуураад “ХХХ” буудал руу орсон. Ороод авсан өрөөндөө оръё гэж хэлээд байж байснаа, тухайн буудлаас өрөө аваагүйгээ санаад буудлаас гараад буудлын үүдэнд зогсож байтал тухайн эрэгтэй намайг нэг юм авчих, хоёулаа ууя гэж хэлсэн. Одоо уухгүй ээ зүгээр ороод унтъя  гэсэн чинь тэр залуу “энэ хүртэл чи намайг яах гэж авчирсан юм бэ” гээд маргалдсан. Би янз бүрийн үг хэлээгүй байхад өөдөөс дайрч зодсон. Толгой руу гараараа 2-3 удаа цохиж, газар унасан байхад толгой руу өшиглөөд, явахгүй араас хөөж зодоод байсан. Тэгээд нэг эмэгтэй хүн ирээд салгасны дараа уг эрэгтэй яваад өгсөн. Би замын нөгөө талд байсан есөн давхрын байрны, нэг орц руу нь ороод 3 давхарт гараад суугаагаараа унтсан. Шатан дээр сууж байхдаа тухайн үеийн байдлын зургаа авсан. Ингээд хоёр хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн” /хх-н 14-17, 47-49, 50-51/ гэж,

гэрч Н-ийн Н “... би Баянгол дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй зочид буудалд зохион байгуулагчаар ажилладаг. 2019 оны 9 дүгээр сард, өдрийг нь санахгүй байна, бусдад зодуулсан гэх Ц гэдэг залуу гаднаас орж ирээд өрөө асуухаар нь байхгүй гэдгийг хэлсэн чинь буцаж гарсан. Гэтэл гадаа хүн зодолдох чимээ гарахаар нь та нар боль гээд явуулсан. Зодсон гэх хүнийг нь сайн харж амжаагүй, ямар ч байсан зодуулсан гэх залуутай ойролцоо насны эрэгтэй хүн байсан. Манай зочид буудлаар огт үйлчлүүлээгүй. Зодуулсан гэх залууг таньж байгаа бөгөөд зодоон болсноос хойш ажил дээр ирээд камерын бичлэг байна уу гэж асууж байсан” /хх-н 52-54/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Ц.Ц-ийн гэмтэлтэй холбоотойгоор “... Ц.Ц-ийн биед зүүн суурь ясны их далавчнаас дээш дух яс, титэм заадас дайрч зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хоншоор ясны урд хана, хацар яс, ухархайн доод хананы шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун хацар, хамар, уруул, хүзүү, нуруунд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, уруулд цус хуралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн 11507 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байна. /хх-н 36-37/

 

Эд зүйл, баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч Ц.Ц-с гаргаж өгсөн хохирлын баримтууд болон Ц.Ц-ийн бусдад зодуулсны дараа авсан гэх гэрэл зураг зэрэг бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Түүнчлэн шүүгдэгч С.Т нь өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ

“... 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр найзынхаа гэрт өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглээд байж байтал надад зодуулсан залуу орж ирсэн. Энэ үед цагдаа дуудаад намайг 2 жилийн өмнө зодоод зугтсан залуу мөн байна гэсэн. Ингээд би тухайн үед болсон зодооны талаар санасан бөгөөд надтай талбайн урд талын бааранд танилцаж хорооллын хойд талд байдаг “Таац” нэртэй буудлын орчимд надад зодуулсан залуу мөн байсан ...” /хх-н 56/ гэжээ.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Т овогт С-ийн Т-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Т-гийн хувийн байдалтай холбоотой;

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81/, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-н 84/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-н 85/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 88-89/, нийгмийн даатгал төлж байсан эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 93-96, 106-107/, төрсний гэрчилгээний лавлагаа /хх-н 103 /, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 104/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 105/ гэсэн баримтууд авагдаж,

гэрч С.А “... Т нь эхээс дөрвүүлээ бөгөөд айлын бага. Бага насаа эцэг эхийн гар дээр Эрдэнэт хотод өссөн бөгөөд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад цэцэрлэг, сургуульд явж байсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сантехник, гагнуурын ангийг төгссөн. Т эхнэр, хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэрийг нь Ариунзаяа гэдэг. Одоо тусдаа амьдарч байгаа. Урьд нь хэрэгт холбогдож байсан эсэхийг мэдэхгүй, зан байдлын хувьд дөлгөөхөн, ажил хөдөлмөр хийх дуртай, ажилд нямбай сайн чанартай гүйцэтгэдэг” /хх-н 57-58/ гэж мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.Т урьд өмнө нь буюу 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ.

Шүүхийн уг шийтгэх тогтоолд тусгагдсан хэргийн үйл баримтаас үзвэл С.Т нь мөн л бааранд орж архидан согтуурах явцдаа хүнийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг энэ хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгохгүй боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлэх баримт юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Т нь шүүхээр хэргээ шийдвэрлүүлснээс даруй 4 сарын дараа дахин хүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байгааг энэ шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа шүүх харгалзсан болно.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Хавтаст хэрэгт 1.047.893 төгрөгийн баримт авагдсан байх бөгөөд шүүгдэгч С.Т хохирогч Ц.Ц-ийн ХААН банк дахь данс руу 1.050.000 төгрөг шилжүүлсэн байна.

Хохирогч Ц.Ц “... гомдолтой, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх тул түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв. Харин түүний 6.000.000 төгрөг авмаар байна гэсэн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир шүүх шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Т-гийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө буюу 2019 оны 9 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө үйлдэгджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад хамаарах тул түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж үлдэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч С.Т шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч С.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Т овогт С-ийн Т-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Т-г 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. С.Т-д оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. С.Т-д оногдуулсан 8 сарын  хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. С.Т цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

6. С.Т хохиролд 1.050.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.Ц-ийн энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хохирогч Ц.Ц гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Т-г “цагдан хорьсон”-г хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ