Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/662

 

 2021          10          14                    2021/ШЦТ/662                                  

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч Э.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 0000000 тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; хүүхдүүдийн хамт ХХХХ дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. 2008 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1024 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

ХХ00000 дугаарын регистртэй, Б овогт Э-ийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Г 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ХХХХ дүүргийн нутаг дэвсгэрт “ХХХ” чиглэлийн автобусан дотор хохирогч Ш.Ч-ийн үүргэвчнээс “Самсунг А-10” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 304.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би цагдаа дээр байхдаа хэргийн талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн гар утсыг буцааж өгсөн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ш.Ч “... би 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 08 цаг 40 минутын орчимд Өргөө кино театрын хойд талын автобусны буудлаас 3 дугаар эмнэлэгт үзүүлэх гээд явж байгаад 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр буух үедээ үүрч явсан үүргэвчнээсээ “Самсунг А-10” загварын гар утсаа хулгайд алдсан” /хх-ийн 6/ гэж,

яллагдагч Э.Г гэрчээр мэдүүлэхдээ “... автобусан дотор миний урд талд зогсож байсан 50 орчим настай ахын гар цүнхнийх нь цахилгаан онгойсон байсан. Тэгээд гар утас нь харагдаад байхаар нь хулгайлж аваад 10 хорооллын автобусны буудал дээр буугаад урагшаагаа зам хөндлөн гараад явж байгаад энгийн хувцастай цагдаагийн албан хаагч нарт баригдсан” /хх-ийн 8/ гэж тус тус мэдүүлжээ.

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Самсунг А-10” загварын гар утсыг 304.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 15-16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч Э.Г-ийн хувийн байдалтай холбоотой:

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 36/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, хүү Г.Г-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 43/, охин Г.Г-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 44/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 47-54/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Ш.Ч “... гар утсаа алдаад олж авсан тул гомдолгүй” гэх мессеж /хх-н 20/ байх тул шүүгдэгч Э.Г-ийг бусад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Б овогт Э-ийн Г-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрэх хүсэлтийг прокурорт гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь хэргийн оролцогчдоос гаргасан дээрх хүсэлтүүд болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Э.Г-т оногдуулах ялын төрөл /зорчих эрхийг хязгаарлах ял/, уг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Харин шүүгдэгч Э.Г нь цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-ийн Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Э.Г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Э.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ