Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 16

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

 

Прокурор Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Ц.Б

            Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нарыг оролцуулан хийж,         

 

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолтой Ц.Б-д холбогдох эрүүгийн 201612000134 тоот 2 хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихийн 10 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй гэх, Боржигон овогт Ц.Б /РД: ЗЮ79052179/

 

Шүүгдэгч Ц.Б 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихийн 10 дугаар гудамжны 13 тоотод иргэн  Р.Птай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Анхан шатны шүүх: 

 

Шүүгдэгч Боржигон овогт Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлаж,

Шүүгдэгч энэ хэргийн улмаас  1 /нэг/ хоног цагдан  хоригдсон болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-с 12374436 /арван хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан хохирогч Р.П-т олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ц.Б-с хохирогч Р.Пт хохирол барагдуулах ажиллагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Р.П-т цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаар баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Б-с иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23.5 см урттай хар өнгийн хуванцар бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг энэхүү шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбогдох заалт биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа  гаргах таслан  сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн гэм буруугийн болон ял шийтгэл оногдуулах шүүх хуралдаанд Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт буруутайд тооцож Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  1.10 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн  1.1, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д тус тус заасан үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хэргийг  хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргасан.

Анхан шатны шүүхээс Ц.Б-ийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг үйлдсэн байх бөгөөд шүүгдэгч 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2002 оны Эрүүгийн  хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан, мөн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2015 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн  хэрэг  үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол тус тус үйлджээ. Тодруулбал гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул улсын яллагчаас гаргасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг  480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Гэтэл Ц.Б нь 2016 оны 07 дугаар сарын  25-ны өдөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа мөн мөрдөн байцаалтын шатанд Ц.Бд ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн  Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  бол...”, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй...” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн  анхан  шатны шүүхийн  шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн заалтын дагуу шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн  хэлэлцэх нэг жилийн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх тул Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасны дагуу Ц.Б-ийг гэм буруутайд тооцож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд анхан  шатны шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан  шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын  эсэргүүцэл бичсэн гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах журмаар гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хохирогчид 12374436 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн юм. Анхан  шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс түүнд холбогдох хэргийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг  хэрэгсэхгүй болгуулах, мөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг түүний нотлогдсон байдлыг харгалзан заримыг буюу хэсэгчлэн хангаж шийдвэрлүүлэхээр санал  гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх Ц.Б-ийг 2016 оны 09 сарын 25-ны өдөр 2002 оны Эрүүгийн  хуулийн 98 дугаар зүйлийн  98.1, 2017.07.06-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад эрүүгийн  хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэмээн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 10 дугаар гудамжны 13 тоотод иргэн Р.Птай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Прокуророос Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцжээ.

 

            Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл нь  “...Ц.Б нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэсэн заалтын дагуу Ц.Б-ний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дууссан байхад анхан шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн дүгнэлт хийж , Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн  гэсэн асуудал болно.

 

      Гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад Ц.Б нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэн Р.П-ын нуруун тус газар нь хутгалж  хүндэвтэр  гэмтэл  санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж  /хх-ийн 64  дүгээр хуудас/,  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  ял сонсгож  яллагдагчаар татжээ. /хх-ийн 238-р хуудас/

 

 Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны талаар хэргийн оролцогчид маргадаггүй. Дээрх  байдлаас үзэхэд Ц.Б-ийг гэмт хэрэг үйлдсэнэээс хойш 2 сарын дараа  түүнийг бусдын биед хүндэвтэр  гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татсан, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 11 сар 20 хоногийн дараа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол   учруулсан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна. Өөрөөр хэлбэл Ц.Б нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрөөгүй байхад түүнийг яллагдагчаар татсан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй бөгөөд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөнгөн гэмт хэрэгт 1 жилийн хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй гэж зааснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Иргэний нэхэмжлэлийг түүний нотлогдсон байдлыг харгалзан заримыг буюу хэсэгчлэн хангаж шийдвэрүүлэх “ тухай саналыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 13.634.436 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд  нэхэмжлэгч нь өвчний түүх, эмнэлгийн төлбөрийн нэхэмжлэх,урьдчилгаа төлбөр төлсөн баримт /хх-87/, шатахууны баримт зэргийг шүүхэд ирүүлснийг шүүх нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

2.Шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан эсхүл  хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл  гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧИД                                   Т.БЯМБАЖАВ

 

                                                                                         Ш.ТӨМӨРБААТАР