Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 05

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Хэргийн индекс: 123/2017/0049/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч З.Энхтуяа нарын  бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигсувдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Сансари” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох

Гуравдагч этгээд Ш.Оюунцэцэг, Баярболд, Ц.Гэлэгжамц, Өсөхжаргал, Ч.Ундраа, Ш.Ариунбаяр

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага: Төв аймгийн нь Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, “Сансари” ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг 98,6 га-аар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га-аар шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг даалгах,

Нэхэмжлэлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002179 дугаартай бүртгэл 000427888 тоот гэрчилгээ, Г-1403002173 дугаартай бүртгэл 000427890 тоот гэрчилгээ, Г-1403002192 дугаартай бүртгэл 000429624 тоот гэрчилгээ Г-1403002174 дугаартай бүртгэл 000427887 тоот гэрчилгээ,  Г-1403002172 дугаартай бүртгэл 000427889 тоот гэрчилгээ, Г-1403002193 дугаартай бүртгэл 000429623 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                         А.Цогтмагнай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                 Ө. Сайнбаяр, С.Эрдэнэсувд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                          Б.Мөнхбаяр 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               Б. Одонпүрэв

Иргэдийн төлөөлөгч                                                            Б.Бат-Эрдэнэ   нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Цогтмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:- “Сансари” ХХК нь 2006 онд Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р багт байрлах Түшээ гүний хөндийд зуслан, жуулчны бааз, амралтын зориулалтаар үйл ажллагаа явуулахаар 100 га газрыг Сумын Засаг даргын 2006 оны 10-р  сарын 31-ний өдрийн 138 тоот захирамжийг үндэслэн гэрээ байгуулсны дагуу 2007 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ /дугаар 0118183/ олгогдон амралт, хүүхдийн зуслангийн зориулалтаар эзэмшин ашиглаж ирсэн. Хүүхдийн зуслан нь 2017-2019 онуудад Монгол Улсын шилдэг зуслан болсон. Тухайн бүсийг аялал жуулчлалын бааз болгож хөгжүүлэхээр төлөвлөж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл 2013 оны 05-р сарын 09-ний өдрийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр нь А/167 тоот захирамж гаргаж “Сансари”ХХК-ийн 100 га газар эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгосон байдаг. Манай компани нь дээрх Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 09-ний өдрийн А/167 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 08-ний өдрийн 09 дугаар шийдвэрээр давхцал бүхий 6-н айлын 1,4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98,6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Сансари” ХХК-ийн газрын 98,6 га газар эзэмших эрх сэргэсэн бөгөөд түүнийг баталгаажуулах шаардлагатай байсан юм. Дээрх 6-н айлын 1,4 га газар нь одоо маргаж буй 7-н иргэний газартай хамааралгүй юм.

Мөн тус асуудлаар “Сансари” ХХК-аас Төв аймгийн Засаг даргад гаргасан гомдлын дагуу Засаг дарга Ж.Батжаргал нь “Сансари” ХХК-д 98,6 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Батсүмбэр сумын Засаг даргад үүрэг болгосон.

Гэтэл Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга 2017 оны 11 сарын 01-ний өдрийн А/482 дугаар, “Газар өмчлөх эрхийг сэргээн олгох тухай” захирамжаар “Сансари”ХХК-ийн 95.4 га газрын эзэмших эрхийг сэргээж, үлдсэн 3,2 га газрын эрхийг сэргээгээгүй байна. Өөрөөр хэлбэл зөрүү болох 3,2 га газар нь 2016 оны Батсүмбэр сумын Засаг даргын А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжийн дагуу 7-н иргэнд өмчлөлөөр олгогдсон гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг сэргээгээгүй. Төв аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн 09 дугаар шийдвэр гарч хүчин төгөлдөр болсноор “Сансари” ХХК-ийн өмнө  нь эзэмшиж байсан 98,6 газрын эзэмших эрх сэргэсэн гэж үзэх бөгөөд дээрх 7-н иргэнд газрыг өмчлөлөөр олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт “Хүсэлт гаргасан нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж газрыг давхардуулан олгосон байна. Бид тус асуудлаар 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 016 тоот албан бичгээр Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад хандсан боловч 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 05/231 дугаар “Албан шаардлагын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “..98,6 га газрын зөрүү болох 3,2 газар нь 2016 оны Засаг даргын А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжийн дагуу 7-н айлд өмчлөлөөр олгосон байх тул холбогдох газрын маргааны асуудлыг хуулийн дагуу холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэсэн албан ёсны хариу хүргүүлсэн байна.

Үүнийг эс зөвшөөрч Төв аймгийн Засаг даргад “Сансари” ХХК-аас 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 022 дугаар албан бичгээр гомдол гаргасан боловч 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 01/1838 дугаар албан бичгээр шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү хэмээн хариу өгсөн. Энэхүү газрын маргаанаас болж манай компаний хувьд үйл ажиллагаагаа тэлж илүү том цогцолбор, амралт болгоход бэрхшээл болж байгаа юм. Улаанбаатар хотоос 75-80 км зайнд Хэнтийн нурууны төгсгөл хэсэгт байрлалтай тул байгалийн тогтоц сайхан рашаан устай, ой модтой газар байдаг. Голд завь гаргаж, ууланд хиймэл “ханан хаданд авирах” спортоор хичээллэж болохоор бүтээн байгуулалт хийсэн байдаг. Амарч байгаа хүмүүс тус газарт байгалийн сайхныг мэдэрч чадахуйцаар тохижуулж үйл ажиллагаа явуулдаг. Тухайн иргэдэд газар өмчлүүлснээр байгалийн сайхан тогтоцтой газар нь суурин болж болзошгүй. Ингэснээр гадаад дотоодын жуулчид байгалийн сайхныг мэдрэхгүй буцах нөхцөл байдал үүсч байгаа юм. Өмнө гарсан шүүхийн шийдвэрээр 100 га газрыг 98.6 болгож шийдвэрлэсэн. Гэтэл одоо 95.4 га газар болгож байгаа нь манай компаний ашигтай талбарууд үгүй болж байна.

Иймд Төв аймгийн нь Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, “Сансари” ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га-аар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га-аар шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг даалгаж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002179 дугаартай бүртгэл 000427888 тоот гэрчилгээ, Г-1403002173 дугаартай бүртгэл 000427890 тоот гэрчилгээ, Г-1403002192 дугаартай бүртгэл 000429624 тоот гэрчилгээ Г-1403002174 дугаартай бүртгэл 000427887 тоот гэрчилгээ,  Г-1403002172 дугаартай бүртгэл 000427889 тоот гэрчилгээ, Г-1403002193 дугаартай бүртгэл 000429623 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуульд бусдын эзэмшил газар дээр давхардуулан газар олгож болохгүй байхаар хуульчилсан боловч “Сансари” ХХК-ийн газрыг иргэдэд өмчлүүлж эзэмшүүлсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт иргэнд газар өмчлүүлнэ гэж заасан байдаг. Батсүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталснаар 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Түшээ гүнд байрлах 2 га газрыг иргэдэд шинээр өмчлүүлэхээр төлөвлөсөн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан цэг нь “Сансари” ХХК-ний газартай давхцуулаагүй өөр газарт тусгасан байтал манай компаний эзэмшлийн газрыг иргэдэд олгосон байдаг.

Тухайн маргаан бүхий газарт “Сансари” ХХК-ний худаг байрлаж байгаа юм. Худаг байрлаж байгаатай холбоотойгоор Усны тухай хуульд зааснаар 100 м газарт эрүүл ахуйн бүсэд хамаарагддаг байтал 6 айлын газар нь тухайн бүсэд хамаарч байгаа. Тиймээс хэд хэдэн хууль зөрчиж Засаг дарга захирамж гаргаж иргэдэд газар өмчлүүлж байгаа нь үндэслэлгүй юм.

Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эдгээр 6 айлын газрын эрхийг хүчингүй болгосноор “Сансари” ХХК-ийн 98.6 га газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага үүсч байгаа. Засаг дарга дахин эс үйлдэхгүйгээр нэхэмжлэлийг хангахгүй орхигдуулах боломжтой тул даалгах нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэл гаргасан.

Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд Засаг даргын хууль бус захирамжуудыг үндэслэн нэр бүхий 6 иргэдэд олгосон газрын гэрчилгээ нь ч хууль бус болох эрх зүйн үр дагавар үүсч байгаа тул хүчингүй болгуулах шаардлагатай гэж үзэж байна.  Иймд захирамж, гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагын тухайд “Сансари” ХХК-д 95.4 га газар эзэмшүүлсэн захирамж нь гуравдагч этгээдүүдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй. “Сансари” ХХК-д шүүхийн шийдвэрээр тус газрыг сэргээн эзэмшүүлсэн. Энэ нь эрх нь сэргэж байгаа үйл баримт учраас шинээр эзэмшүүлсэн зүйл огт байхгүй юм. Мөн газрын давхцал байхгүй учраас эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан нэхэмжлэл гаргах ажиллагаа явуулах шаардлагагүй. 6 хүний итгэмжлэлээс харахад сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тодорхойлсон. Бие даасан шаардлагыг тусгайлан зааж эрх олгоогүй байсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-  Маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “хуульд үндэслэх” гэсэн суурь зарчмыг зөрчиж байна. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5.2 дахь хэсэгт зааснаар шаардлага хангаагүй газарт буюу зөрүүтэй байршилд газар оногдуулсан. Мөн эдгээр гуравдагч этгээдүүд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дахь хэсэгт зааснаар газар өмчлөх тухай хүсэлтийг гаргаагүй. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлтэд холбогдох газар нь бусдын эзэмшил, ашиглалттай давхцаагүй байх ёстой гэх зохицуулалтыг зөрчсөн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан зарчмыг зөрчсөн хууль бус захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагаа нь хуульд заасан бодит нөхцөл байдалд нийцсэн байх ёстой боловч хуульд үндэслэхгүйгээр шийдвэр гаргасан байна.

Бие даасан шаардлага гаргасан Г.Нарангэрэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар тусгайлсан итгэмжлэлгүйгээр бие даасан шаардлага гаргасан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлагыг шүүх хүлээн авахгүй байх үндэслэлтэй.  Мөн тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу дээд шатны Засаг даргад хандаагүй тул тухайн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авах үндэслэлгүй. Иймд гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар “Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Үүний дагуу Засаг дарга нь тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж 95.4 га газрыг “Сансари” ХХК-д эзэмшүүлж шийдвэрлэсэн байхад хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэртэй маргах боломжгүй юм гэв.

 

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр нараас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:-   Батсүмбэр сум нь үндсэн 7024 иргэн түр оршин суугчтай нийлээд 13000 гаруй оршин суугчтай. Баянголын иргэд нь 3700 гаруй байдаг. Тэгэхээр “Сансари” ХХК нь 100 га газартай ч ашигладаг талбай нь 40 га газар л байдаг. Тиймээс газрыг эргэлтэнд оруулахын тулд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж өгсөн байдаг. Үүнд нийт 2 га газар биш. 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүснэгт 5, 6-д нэг нь 1.5 га, нөгөө нь 2 га гэж тусгагдсан байгаа. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан солбицолууд нь буруу зурагдсан. “Сансари” ХХК-ийн анх эзэмшиж байсан 100 га газар дотор 3.2 га газар багтсан.Тэгэхээр Баянголын аманд Түшээ гүн гэдэг газар байрладаг. Газрын эзэмших эрхийг цуцлахад Засаг дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Тагнуулын газрын 2013 онд гаргасан дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээд нар нь газар өмчлүүлэх тухай хүсэлтээ яг тэр газарт гэж байршил зааж өгөөгүй, мөн хүсэлт өгсөн талаар бүртгэлийн дэвтэрүүдэд бүртгэгдээгүй боловч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нотлох баримтаар газар өмчлөх хүсэлтүүдийг гаргаж өгсөн байгаа гэв.

 

Хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- Иргэн Чинзоригийн Ундраа, Очийн Баярболд, Шагдарын Оюунцэцэг, Чинзоригийн Өсөхжаргал, Цэвээний Гэлэгжамц, Шархүүгийн Ариун баяр нар нь сумын Засаг даргаас газар өмчлүүлсэн захирамж, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт, газрын нэгдмэл мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбараа хавсаргаж улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлөө бичиж мэдүүлэг бөглөн өмчлөх эрхээ улсын бүртгэл бүртгүүлэн баталгаажуулжээ. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйл 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 11 дүгээр зүйлийн 11.5.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 11 дүгээр зүйлийн 11.5.2-д энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.6.1-10.6.4-д заасан нотлох баримтуудад үндэслэж хуульд заасан журмын дагуу бүртгэж баталгаажуулсан байна. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар ... зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ, 4 дүгээр зүйлийн 4.1 өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгүүлэж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажина гэсэн заалтуудыг зөрчөөгүй байна. Иргэд мэдүүлэг гаргахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж бүртгүүлсэн байна.

Иймд иргэдийн өмчлөх эрхийг зөрчих учир Улсьн бүртгэлийн хэлтэст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сансари” ХХК нь 100 га-гаар газар авч гадны байгууллагын шашны үйл ажиллагаа явуулдаг, түрээсээр ажиллуулдаг ч шилдэг аж ахуйн нэгж гэж тодорхойлогддог. 2013 онд МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын газраас хамтарсан ажиллагаа явуулж “Сансари” ХХК-ний 100 га газрыг цуцлах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлт нь хэрэгт огт авагдаагүй. Мөн тухайн жилд иргэдийн өргөдөл, гомдол гаргаж байгаагүй мэтээр ярьж байгаа боловч бодит байдалд өргөдөл, гомдол гаргасан иргэдийн бүх бичиг баримтыг устгасан, хүсэлт гаргасан бүх иргэдийн материал алга болсон байдаг. Үүнийг нэхэмжлэгч тал өөрсөддөө ашигтайгаар эргүүлэн тайлбарлаж байна. Одоо 98.6 га газрыг авчихсан байгаа. Албан ёсоор захирамж гарч газар өмчилсөн байтал шүүхээр тухайн газрыг нэхэмжилж байгаа. Мөн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч Ш.Батсүхийн гарын үсэг болон анх гарсан гэрчилгээнүүдийг хуурамчаар үйлдэж өгсөн. Эдгээр хуурамч бичиг баримт хийсэн асуудалд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Энэ хэрэг бүртгэлтийн хэрэг нь захиргааны хэрэгтэй уялдаа холбоотой тул тухайн цагдаагийн газарт шалгагдаж буй хэргийг эцэслэн шийдвэрлэснээр өнөөдрийн хэрэг нь шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна.

Г.Нарангэрэлийн бие даасан шаардлагад түүнийг бие даасан шаардлага гаргахад төлөөлөх эрхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Г.Нарангэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан итгэмжлэлийн үндсэн дээр бие даасан шаардлага гаргасан. Бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэлийн “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/895, А/896, А/897, А/898, А/994 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжаар гуравдагч этгээд Ш.Оюунцэцэг, Баярболд, Ц.Гэлэгжамц, Өсөхжаргал, Ч.Ундраа, Ш.Ариунбаяр, Ж.Ангараг гэх нэр бүхий 7 иргэнд Батсүмбэр сумын Баянгол 3-р баг, Түшээ гүнд тус бүр 5000 кв.м газар буюу нийт 3.0 га газрыг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг үндэслэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл дээрх газар нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...А/167 дугаар захирамжаас 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98.6 га газарт холбогдох хэсгийг  хүчингүй болгож...” шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрээр олгогдох ”Сансари” ХХК-ийн эзэмших 98.6 га газартай давхацсан байна. Хариуцагчийн гаргасан дээрх захирамжууд нь Монгол улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “... сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан,...иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т  “...бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 19 дүгээр зүйлийн 19.1.4-д “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна.

Гуравдагч этгээд нарт өмчлүүлсэн газар нь Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн “Газар зохион байгуулалтын ажлын 2015 оны тайланг дүгнэж 2016 оны төлөвлөгөөг батлах тухай” 04 дүгээр тогтоолын иргэнд өмчлүүлэхээр тусгагдсан байршлуудад бус, харин нэхэмжлэгч  “Сансари” ХХК-ий эзэмшиж байсан анхны 100 га газар буюу шүүхийн шийдвэрийн дагуу хасаж, өөрчилж “Сансари” ХХК-д эзэмшүүлэх 98.6 га газартай давхцуулан олгож шийдвэрлэсэн болох нь Төв аймгийн кадастрын мэдээллийн сангийн бүртгэл, кадастрын зураг, шинжээчийн дүгнэлтүүд, түүнд хавсаргасан зураг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдож байх тул хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/895, А/896, А/897, А/898 дугаар захирамжуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Ж.Ангараг нь /НБ90010919/  “Сансари” ХХК-ийн 98.6 га болгосон газарт газар өмчилж аваагүй, харин  Баянгол 3 баг Жимсэнд 0,2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг болох нь Ж.Ангарагийн “Сансари ХХК-ний газар дээр газар өмчлөөгүй” гэх тайлбар, газрын даамал буруу зураг оруулсан байсныг засаж “Сансари” ХХК-ний газартай давхцалгүй болгосон гэх хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/994 дүгээр захирамж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэлийн “Сансари” ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээг 98,6 га-аар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож”, “Сансари” ХХК-ийн  3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээг 98.6 га-аар шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээг шинээр олгуулахыг даалгах” шаардлагын тухайд

Батсүмбэр сумын Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 09-ны өдөр “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/167 дугаар захирамж гаргаж “Сансари” ХХК-ийн 100 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон боловч Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/167 дугаар захирамжаас 1.4 га газарт  холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэснээр, нэхэмжлэгч “Сансари” ХХК-д 98.6 га газар эзэмших эрх үүссэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д ”Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсон байх ба хариуцагч Батсүмбэр сумын Засаг даргаас “Сансари” ХХК-ийн  газрыг 98,6 га-гаар сэргээх гэхэд 3.2 га газрыг маргаан бүхий захирамжаар иргэдэд өмчлүүлсэн учраас боломжгүй байсан гэх тайлбарыг нэхэмжлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/231 тоот албан бичгээр хариуг хүргүүлж байсан байна. Иймд газар эзэмших эрхийн  гэрээг 98,6 га-аар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Батсүмбэр сумын Засаг даргын  татгалзсан шийдвэрийг “эс үйлдэхүй” гэж үзэх боломжгүй тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн “Сансари” ХХК-ийн 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх шаардлагын тухайд  Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн А/482 дугаар “Газар өмчлөх эрхийг сэргээн олгох тухай” захирамжаар нэхэмжлэгчийн эзэмших газраас 95.4 га газрыг сэргээн эзэмшүүлсэн байна. Харин үлдэх 3.2 га газраас хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/895, А/896, А/897, А/898 дугаар захирамжуудаар иргэн Ш.Ариунбаяр, О.Баярболд, Ш.Оюунцэцэг, Ц.Гэлэгжамц, Ч.Ундраа, Ч.Өсөхжаргал нарт нийт 3 га буюу 30000 м2  газрыг өмчлүүлэхээр  шийдвэр гаргасан нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай тус тус нийцээгүй, өмчлөх газар нь эзэмшлийн газартай давхацсан, мөн 0.2 га /2000 м2/ газрыг хэнд ч эзэмшүүлж, өмчлүүлэхээр шийдвэрлээгүй байж хассан  болох нь иргэн Ж.Ангарагт газар олгосон хариуцагчийн 2016 оны А/994 дүгээр захирамжаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 3.2 га газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн одоо эзэмшиж байгаа 95.4 га газар дээр маргаан бүхий 3.2 га газар эзэмших эрхийг сэргээж, нийтдээ 98.6 га газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад даалгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- 1403002179 дугаартай бүртгэл 000427888 тоот гэрчилгээ, Г- 1403002173 дугаартай бүртгэл 000427890 тоот гэрчилгээ, Г- 1403002192 дугаартай бүртгэл 000429624 тоот гэрчилгээ, Г- 1403002174 дугаартай бүртгэл 000427887 тоот гэрчилгээ, Г- 1403002172 дугаартай бүртгэл, 000427889 тоот гэрчилгээ,Г- 1403002193 дугаартай бүртгэл 000429623 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч нь гуравдагч этгээд Ш.Ариунбаяр, О.Баярболд, Ш.Оюунцэцэг, Ц.Гэлэгжамц, Ч.Ундраа, Ч.Өсөхжаргал нарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэхдээ Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус зөрчиж, газрыг давхцуулан олгосон хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/895, А/896, А/897, А/898 дугаар захирамжууд нь  нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр байх тул дээрх захирамжуудыг үндэслэн олгосон Ш.Ариунбаярын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- 1403002193 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000429623 тоот гэрчилгээ, О.Баярболдын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002171 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427890 тоот гэрчилгээ, Ш.Оюунцэцэгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002192 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000429624 тоот гэрчилгээ, Ц.Гэлэгжамцын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002174 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427887 тоот гэрчилгээ, Ч.Ундраагийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002173 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427888 тоот гэрчилгээ, Ч.Өсөхжаргалын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002172 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427889 тоот гэрчилгээнүүдийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Энэ хуулийн 7.3, 7,5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж зааснаар тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Гуравдагч этгээд нараас Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд:

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас нэхэмжлэгч “Сансари” ХХК-д эзэмшүүлэх ёстой 98.6 га газраас 2017 оны 11 дугаар сарын 01-ний өдөр “Газар эзэмших эрхийг сэргээн олгох  тухай” А/482 дугаар захирамжаар “Сансари” ХХК-д 95.4 га газрын эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэхээр, үлдэх 3.2 га газрыг маргаан бүхий А/895, А/896, А/897, А/898, А/994 дугаар захирамжаар 7 иргэнд өмчлүүлсэн гэсэн үндэслэлээр хасч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчид 95.4 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн гаргасан 2017 оны А/482 дугаар захирамж нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын газар өмчлөн авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ѐсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж зааснаар  дээрх захирамжийн улмаас гуравдагч этгээд нарын газар эзэмших, өмчлөх эрх хөндөгдөөгүй байх тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангэрэлийг бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд гэх тайлбарын тухайд  энэ хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй гуравдагч этгээд Ш.Ариунбаяр, О.Баярболд, Ш.Оюунцэцэг, Ц.Гэлэгжамц, Ч.Ундраа, Ч.Өсөхжаргал нараас  Г.Нарангэрэлд 2018 оны 01 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 23, 27, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрүүдэд олгосон итгэмжлэлээс үзэхэд бие даасан шаардлага гаргах эрхийг олгосон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,106.3.1,106.3.13  дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Сансари” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/898 дугаар захирамжууд, Ш.Ариунбаярын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002193 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000429623 тоот гэрчилгээ, О.Баярболдын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- 1403002171 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427890 тоот гэрчилгээ, Ш.Оюунцэцэгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- 1403002192 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000429624 тоот гэрчилгээ, Ц.Гэлэгжамцын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- 1403002174 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427887 тоот гэрчилгээ, Ч.Ундраагийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- 1403002173 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427888 тоот гэрчилгээ, Ч.Өсөхжаргалын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- 1403002172 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427889 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, хариуцагч Батсүмбэр сумын Засаг даргад “Сансари” ХХК-нд 98,6 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/994 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “Сансари” ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг 98,6 га газраар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.Ариунбаяр, О.Баярболд, Ш.Оюунцэцэг, Ц.Гэлэгжамц, Ч.Ундраа, Ч.Өсөхжаргал нарын гаргасан Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Сансари” ХХК, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газар болон Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  17550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Сансари” ХХК-д олгосугай.

 

          4. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 0061 дүгээр захирамж нь  энэ шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                                                                                                                                  

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ОЮУНЧИМЭГ 

 

                                    ШҮҮГЧИД                                Д.НАРАНТУЯА

 

                                                                                     З.ЭНХТУЯА