Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 113/2020/0001/3 |
Дугаар | 221/МА2023/0513 |
Огноо | 2023-08-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2023/0513
2023 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2023/0513 | Улаанбаатар хот |
“Э***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э***, Ч.Т***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э***” ХХК,
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга,
Гуравдагч этгээд Н.Б*** нарын 800 иргэн,
Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны А/26 дугаар захирамжийн хавсралтын 1-200 дах хэсгийг хүчингүй болгуулах, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дах хэсгийг хүчингүй болгуулах, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дах хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0009 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*** гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Э.С***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М***.
Хэргийн индекс: 113/2020/0001/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э***” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны А/26 дугаар захирамжийн хавсралтын 1-200 дах хэсгийг, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дах хэсгийг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дах хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0009 дүгээр шийдвэрээр “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ын өдрийн А/26 дугаар захирамжийн хавсралтын 1-200 дахь хэсгийг, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дахь хэсгийг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад байгууллагын шийдвэрээр хайгуулын болон ашиглалтын ажил гүйцэтгэж байсан нь нотлогддог. Гэтэл газар эзэмших эрхийг он цагийн дарааллаар, түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчмыг анхан шатны шүүх баримтлаагүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу,
3.2 Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5-д заасныг зөрчсөн,
3.3 Иргэд хуульд заасны дагуу өөрсдөө хүсэлт гаргасан эсэх нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн газар олгосон шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,
3.4 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлалгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн,
3.5 Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т***ыг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх эрхээр хангаагүй зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.
4. Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд:
3.1. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхай, кадастрын албаны даргын 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1114 дүгээр шийдвэрээр “Дорноговь аймгийн Даланжаргалан сум” Шивээговь нэртэй газарт 23623 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх 8***Х дугаар тусгай зөвшөөрлийг иргэн Н.М***д анх олгож, улмаар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхай, кадастрын албаны даргын 2004 оны 1728 дугаар шийдвэрээр тухайн 8***Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ш***” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.
3.2. Ашигт малмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаас 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Ш***” ХХК-д олгосон дээрх 8***Х дугаартай хайгуулын зөвшөөрлийн талбайн байршиж буй газрын нэрийг “Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын 20849 гектар талбай” гэж өөрчилсөн бөгөөд
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1190 дүгээр шийдвэрээр тухайн 8***Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн талбайн “Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын нутагт “Шивээговь” нэртэй 5447.21 гектар талбайд” ашигт малтмал ашиглах MV-02*** дугаартай тусгай зөвшөөрлийг “Ш***” ХХК-д олгож, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “Э***” ХХК-д шилжүүлэн 2045 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар ашиглах эрхийг олгосон.
3.3. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182 дугаар “2012 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” тогтоолоор Говьсүмбэр аймгийн болон сумын төвд нийтдээ 228.31 га газрыг иргэнд үнэгүй өмчлүүлэхээр, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 104 дүгээр “Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” тогтоолоор Говьсүмбэр аймаг болон сумдын төвд 136.50 га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” А/26 дугаар захирамжаар нэр бүхий 200 иргэнд тус аймгийн 4 дүгээр багийн Өехий гудамжинд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв бүхий газрыг,
2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” А/250 дугаар захирамжаар нэр бүхий 200 иргэнд тус аймгийн 4 дүгээр багийн Өехий 11-21 дүгээр гудамжинд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг,
2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” А/278 дугаар захирамжаар нэр бүхий 400 иргэнд тус аймгийн 4 дүгээр багийн Өехий 1-21 дүгээр гудамжинд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг тус тус өмчлүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын MV-02*** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайтай бүхэлдээ давхацсан.
3.4. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс “...2004 оноос хойш ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан талбайд Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2013 оны А/26, 2017 оны А/250 болон А/278 дугаартай захирамжаар иргэдэд өмчлүүлсэн нь хууль бус” гэж,
хариуцагчаас “...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-д заасан журмын дагуу аймгийн Засаг даргаас санал аваагүй. Орон нутгийн иргэд болон нутгийн захиргааны байгууллага тухайн газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон гэдгийг мэдээгүй. Тухайн газар нь Шивээговь сум болон Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, улсын чанартай автозамын дагуу байрлалтай. Засгийн газрын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу 2013 оны А/26, 2017 оны А/250, 2017 оны А/278 дугаар захирамжуудаар 800 иргэнд газрыг өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Энэ дагуу анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шаардлага, татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал, тайлбар хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно”гэж,
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж,
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Засгийн газар дараахь бүрэн эрхтэй”, 9.1.1-т “иргэдэд газар өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын харилцааны талаархи төрийн нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах”, 9.1.2-т “аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.
6. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, анх ямар учраас Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхай, кадастрын албаны даргын 2004 оны 1114 дүгээр шийдвэрээр иргэн Н.М***д ашигт малтмалын хайгуулын 8***Х дугаар тусгай зөвшөөрлийг олгохдоо “Дорноговь аймгийн Даланжаргалан сум Шивээговь нэртэй газарт 23623 гектар талбай” хэмээн олгосон болох, 2008 онд Ашигт малмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаас хайгуулын зөвшөөрлийн талбайн байршлыг “Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын 20849 гектар талбай” хэмээн өөрчлөхдөө холбогдох нутгийн захиргааны байгууллага болон олон нийтэд энэ талаар мэдэгдсэн эсэх,
Засгийн газрын 2012 оны 182 дугаар, 2016 оны 173 дугаар болон 2017 оны 104 дүгээр тогтоолоор Говьсүмбэр аймгийн болон сумын төвд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоосон гэх хариуцагчийн тайлбартай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тухайн тогтоолоор батлагдсан байршил нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай болохыг мэдэж байсан эсэх, хэрэв мэдэж байсан бол тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тогтсон талаарх тайлбар, тодруулгыг авсны үндсэн дээр маргааныг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА