Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар ШЦТ0042

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Хохирогч Ж.Б,

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С овгийн Ц-н Э д холбогдох эрүүгийн 201615010079 тоот хэргийг 2016 оны 07 дугаар 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19..... оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5: эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Цэргийн хотхоны 520 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан, Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №100  дугаартай захирамжаар ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овгийн Ц-н Э /РД: ......../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь ялтай байх хугацаандаа 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр Ж.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллагдагчаар татсан тогтоолд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манай найз Батмөнх, Цэрмаа нарынд Б бид хоёр очсон. 2 пиво авч очсон. Тэднийд олон хүмүүс байсан. Тэд нар уусан. Б машин барьж яваад, шавар руу оруулсан. Би унтаж явсан. Тэгээд намайг машинаа гаргая гээд дуудахаар  нь би өглөө гаргая гээд хөлөөрөө тийрсэн чинь хөмсөг нь язарсан байсан. Их гэмшиж байна...” гэв.

Хохирогч Ж.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Энхсайханы 1 найзынд бид хоёр очсон. 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байсан.  Тэднийд их удсан. Нэг шил архи 2 пиво уусан. Манай хүн нойр дутуу байсан. Би машин барьж явж байгаад харанхуй болсон байсан болохоор намагт орсон. Дуудаад босч ирэхгүй байсан. Тэгэхээр нь толгой руу цохиод босооч гэсэн чинь өөдөөс нүүр рүү тийрсэн. Миний хөмсөг язарсан байсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №6750 тоот дүгнэлтэд: “1. Бгийн биед хөмсөг, шанаанд няцарсан шарх, хөмсөгт сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөр чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх 26/         

           - Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/

            - Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/         

            Шүүгдэгч Ц.Эыг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр /хх 32-33/, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар /хх 36/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/ зэрэг болно.

            Ц.Э нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр Ж.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Ж.Бгийн “...Э-ны 1 найзынд бид хоёр очсон. 2016 оны 06 дугаар сарын 5-ны өдөр байсан.  Тэднийд их удсан. Нэг шил архи 2 пиво уусан. Манай хүн нойр дутуу байсан. Би машин барьж явж байгаад харанхуй болсон байсан болохоор намагт орсон. Дуудаад босч ирэхгүй байсан. Тэгэхээр нь толгой руу цохиод босооч гэсэн чинь өөдөөс нүүр рүү тийрсэн. Миний хөмсөг язарсан байсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №6750 тоот дүгнэлтэд: “1. Бгийн биед хөмсөг, шанаанд няцарсан шарх, хөмсөгт сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөр чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх 26/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол / хх 1/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

            Шүүгдэгч Ц.Эы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Ц.Эыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Ц.Эыг ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

       Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Ц-н Э ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овгийн Ц-н Э ыг 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Эд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН