Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/669

 

     2021        10          25                                     2021/ШТЦ/669             

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Ц.Амар

хохирогч “ХХХ” ХХК-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр зам ашиглалтын инженер мэргэжилтэй, ХХХХ ажилтай, ам бүл 4; эхнэр хүүхдүүдийн хамт ХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

ХХ000000 дугаарын регистртэй, Б овогт Г-ын Ш

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.Ш нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ХХХ дүүргийн 0 дугаар хороонд байрлах “ХХХ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд 55.135.224 төгрөгийн бүтээгдэхүүний төлбөрийг “хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би цагдаа дээр очоод холбогдсон хэргийнхээ талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Мөнгө завшсан гэм буруугаа, мөн хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор хохирлоос 41.500.000 төгрөг төлсөн байгаа. Үлдэгдэл нь 13.635.224 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Цаашид өөртөө анхаарах болно гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н: “... би “ХХХ” ХХК-д Гүйцэтгэх захирлаар ажилладаг ба манай байгууллага 2017 оноос эхлэн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх Вьетнам улсаас угаалгын нунтаг, Индонез улсаас эдийн саван, ОХУ-аас цайруулагч, БНХАУ-аас цагаан будаа оруулж ирж бөөний худалдаа явуулдаг юм. Манай компани тогтмол харилцагч олон байгууллагатай, борлуулагчаар дамжуулж борлуулагч нь бараа бүтээгдэхүүн борлуулж хүргэж өгч төлбөр тооцоог манай байгууллагад тушаах журмаар үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 8 дугаар сард Ганбаатар овогтой Шинэбаяр гэх залуу ажлын байранд тэнцэж Нарантуул худалдааны төв дэх худалдааны цэгийг хариуцан ажиллуулдаг байсан. Г.Ш нь 2018-2019 онд ажлаа сайн хийж байсан, 2019 оны сүүлчээр манай байгууллагын агуулахаас Г.Ш нь цагаан будааг 5-6 удаагийн үйлдлээр их хэмжээгээр авч, төлбөр тооцоог компани руу хийхгүй байсан учир Г.Ш-тай уулзаж шаардлага тавихад “би нийт 60 гаруй сая төгрөгийн будааны мөнгийг шамшигдуулсан нь үнэн” гэж хүлээн зөвшөөрч, төлөх хугацаа авч, бичгээр 2020 оны 1 дүгээр сард баталгаа гаргаж, 2020 оны 2 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна гэсэн. Тэр өдрөөс хойш Ш нь шамшигдуулсан мөнгөнөөс нэг ч удаа төлөхгүй байсан учир Цагдаагийн байгууллагад 2020 оны 6 дугаар сард хандахад Г.Ш нь 20 гаруй сая төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл 40 гаруй сая төгрөг төлөгдөөгүй.

2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 323.360 төгрөгийн бараа материал дутааж, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 789.060 төгрөгийн бараа материалын мөнгө дутаагаад, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1.440.000 төгрөгийн бараа контейнер 266, дахиад энэ өдрөө 1.440.000 төгрөгийн барааг контейнер 370 борлуулна гэж аваад төлбөр тооцоо хийгээгүй, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэт хот Батбаяр гэх хүнд борлуулж байгаа гэж 2.880.000 төгрөгийн будаа, 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймаг Баяраа гэх хүнд борлуулна гэж 1.675.940 төгрөгийн будаа, 2019 оны 10 дугаар сард Шинэбаяр өөр дээрээ 1.545.000 төгрөгийн бараа, дахиад 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Бат-Эрдэнэ гэх хүнд 720.000 төгрөгийн белизна болон будаа, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6.100.000 төгрөгийн будаа, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөртөө 8.400.000 төгрөгийн будаа, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 8.200.000 төгрөгийн будаа, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16.400.000 төгрөгийн будаа тус тус авсан нийтдээ 63.709.610 төгрөгийн барааны мөнгө манай компанид төлөөгүй өртэй явж байгаа” /хх-н 22, 25/ гэж,

гэрч Н-ын Б “... борлуулагч Г.Ш нь агуулахаас бараа авч гадуур байгууллагууд руу бараагаа борлуулаад падаан баримтын дагуу эргээд надтай 7 хоногт нэг удаа тооцоо тулах үүрэгтэй ажилладаг. 2019 оны 9 дүгээр сараас хойш Г.Ш нь тогтоосон хугацаанд тооцоогоо тулгахгүй, тооцоо тулгах үед очиж байна гэж хэлээд ирдэггүй, байгууллагын хуралд ирж суудаггүй, зарим үед байгууллагын няравт худлаа хэлж бараа материал авч мөн манай байгууллагын нэрийг ашиглаж өөр хүнд элсэн чихэр нийлүүлнэ гэж хэлээд мөнгө авсан байсан. Тухайн үед цаад байгууллагаас мөнгийг нь өөрийн эгчийн дансанд хийлгэж уг дансны эзэмшигч нь Ц гэж манай нягтлан байдаг юм гэж худал хэлж мөнгө авч байсан. 2020 оны 1 дүгээр сарын эхээр Г.Ш-тай уулзахад манайхаас гарсан тооцооны баталгааг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас 60 гаруй сая төгрөгийн хохирол учраад байна. 2019 оны 12 дугаар сард тооллого хийхэд дээрх мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний бараа материал дутсан. Энэ байдлыг Г.Ш-т хэлэхэд өөрөө хүлээн зөвшөөрдөг” /хх-н 27/ гэж,

гэрч Д-ын Б “... 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр энэ талаар мэдсэн. Ш нь компанийн мөнгө үрэн таран хийж их хэмжээний өрөнд орсон гэж байсан. Компаниас нэхэмжилсэн мөнгөний баримт гаргаж өгсөн байсан. Г.Ш нь тэр их мөнгөөр яасныг сайн мэдэхгүй байна. Би Ш-ыг мөрийтэй тоглосон байх гэсэн хардлагатай байгаа. Өөрөөс нь асуухаар би мөрийтэй тоглоогүй гэж байсан. Яг яаж үрснийг надад огт хэлээгүй. “ХХХ” ХХК-д 62 сая төгрөгийн өртэй байсан. Тэрнээс байр зараад 20 сая төгрөгийг өгсөн. Одоо 42 сая төгрөг дутуу байгаа. 42 сая төгрөгөөсөө 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 500.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 40.500.000 төгрөг төлж дуусах дутуу байна” /хх-н 30/ гэж,

шинжээч Д-ын Б “... уг компанид 55.135.224 төгрөгийн орлого тушаагаагүй гэж ойлгоно. 5084030076 тоот дансанд 20.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь 96.054.964 төгрөгийн барааны үнийн төлбөрийн тооцоонд хамаарна. Дээрх бараа бүтээгдэхүүнтэй хамаагүй тооцооны орлого биш юм. “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8.000.000 төгрөг” энэ хэсгийн техникийн алдаа 2019 оныг 2021 оны гэсэн байна” /хх-н 75-77/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирлын тооцооны талаар:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч “... Болд Трейд ХХК-н борлуулагч Г.Ш нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны хугацаанд нийт 5 нэр төрлийн 98.349.440 төгрөгийн бараа хүлээн авч худалдан борлуулахаас 767.250 төгрөгийн урамшуулалд, 1.527.226 төгрөгийг хөнгөлөлтөд тооцогдсон төлбөл зохих барааны үнэ нь 96.054.964 төгрөг болсон ба компанийн харилцах дансаар 40.482.025 төгрөг, касс бэлнээр 437.490 төгрөг нийт 40.919.740 төгрөгийн барааны үнийн төлбөрийн тооцоог хийж 55.135.224 төгрөгийн барааны үнийг дутуу төлсөн байна” гэсэн 100 дугаартай дүгнэлтийг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байна. /хх-н 69-73/

 

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-ын өргөдөл /хх-н 18/, Их наяд аудит ХХК-ийн дүгнэлт /хх-н 40-47/, Улиастай ван аудит ХХК-ийн санхүүгийн тайлан /хх-н 48-67/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 90-132/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч Г.Ш өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ “... 2018 оны 2 дугаар сард анх борлуулагчаар ажилд орж, ахуйн хэрэглээний барааны борлуулагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Нарантуул зах дээр бараа материал тарааж борлуулчхаад мөнгөө ихэвчлэн бэлнээр авдаг байсан. Бэлнээр авсан мөнгөнөөсөө тоглоом тоглоод, зарим хүнд өрөө төлөөд, заримыг нь алга болгоод нийт 63 сая гаруй төгрөгийн өртэй болсон. Тухайн үед сар сардаа тооцоо тулгахдаа худлаа хэлээд тооцоогоо аргалчихдаг байсан” /хх-н 87/ гэж мэдүүлж байжээ.

 

“ХХХ гэрээ” /хх-н 97/, “ХХХ” ХХК-ийн ажилтны анкет /хх-н 93-94/, ажилд томилох тухай “ХХХ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаал /хх-н 180/ гэсэн бичгийн баримтууд нь шүүгдэгч Г.Ш-ыг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн болохыг тодорхойлно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Г№ын Ш№ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Ш-ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 128/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 129/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 130/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 131/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 132/, “ХААН банк”-ны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 154-161/, “ХАС банк”-н дансны хуулга /хх-н 162-164/, цалингийн тодорхойлолт /хх-н 172/ “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-н 173/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Ш-ыг нийт 55.135.224 төгрөгийн хөрөнгө завшсан гэж дүгнэсэн байх ба үнэлгээний талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.

Дээрх 55.135.224 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Г.Ш өнөөдрийн байдлаар 41.500.000 төгрөгийг төлж барагдуулан, одоо 13.635.224 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Үлдэгдэл энэ мөнгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар “Хохирол нөхөн төлөх хуваарь” гаргаж, нотариатаар баталгаажуулжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ш-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Ш үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, бусдад учруулсан хохирлын ихэнх хэсгийг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, түүний анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг шүүх ял оногдуулахдаа харгалзав.

 

Үүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “... миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн болон ар гэрийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, хохирлын үлдэх хэсгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Г.Ш-т хуульд заасан торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг,

хохирогч “ХХХ” ХХК-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ “... манай байгууллагын зүгээс шүүгдэгч Г.Ш-т заавал хорих ял оногдуулна гэхгүй. Учир нь, үлдэгдэл 13.635.224 төгрөгийн хохирлыг 3 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж, бид нар харилцсан тохиролцсон. Хэрвээ шүүгдэгч хорих ял эдэлсэн тохиолдолд хохирол төлбөр төлөх асуудал удаашрах магадлалтай. Тэгээд ч шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдлыг шүүх анхаарах нь зүйтэй болов уу” гэсэн хүсэлтийг,

улсын яллагч Г.Ганхөлөг “... шүүгдэгч Г.Ш-т 20.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн санал хэлснийг дурдах нь зүйтэй.

 

Харин улсын яллагчаас санал болгосон 20.000.000 төгрөгөөр торгох ял нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулахаар байна гэж шүүх үзээд торгох ялын хэмжээг 10.000.000 төгрөгөөр тогтоосон болно.

 

Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд байгаа “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ тухай” гэсэн Мөрдөгчийн саналд прокуророос ямар нэгэн шийдвэр гаргаагүй буюу прокурорын зөвшөөрөл олгоогүй, прокурор тогтоол гаргаагүй байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Ганхөлөг энэ талаар тайлбарлаж чадаагүй тул шүүх уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй юм.

Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон эсэхийг тодруулахаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, энэ асуудлаа талууд /прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч/ холбогдох газарт нь буюу прокурор, цагдаагийн байгууллагад хандаж жич шийдвэрлүүлбэл зохино.

 

Шүүгдэгч Г.Ш-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс түүнд оногдуулж байгаа 10.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь торгох ял бодитойгоор биелэгдэх боломжит хугацаа гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ш цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ын Ш-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Ш торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Ш цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ тухай” гэсэн Мөрдөгчийн саналд шүүх дүгнэлт хийгээгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-аас 13.635.224 төгрөг гаргуулж хохирогч “ХХХ” ХХК-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Ш-т шүүхээс авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.ЖАНЧИВНЯМБУУ