| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2021/0289/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/295 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/295
2021 03 19 2021/ШЦТ/295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Х.Онолт,
Шүүгдэгч Н.Г**** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-***д холбогдох 2008030850131 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Смарт зоне” гар утас засварын төвд засварчин ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 3 дугаар гудамжны ***** тоотод оршин суух хаягтай, урьд
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан,
Боржигон овогт Н-гийн Г /рд:ух9703*****/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Б-ийг “худал ярьж, хэрүүл үүсгэлээ” гэх шалтгаанаар хоолойг нь боох, алгадах, түлхэж унагах зэргээр зодож, биед нь зүүн дээд зовхи, зүүн шанаа, хүзүү, зүүн нүдний алим, баруун бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, цээжинд зулгаралт, баруун завьжинд шарх бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Н.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх23, 98-99, 50-56/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх26/, эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх /хх33, 35, 37/, хүүхдийн төрс ний гэрчилгээний хуулбар /хх74/, хаан банкны деспозит дансны хулга /75-95/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
НЭГ: Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Н.Г, хохирогч нар нь 2020 оны 10 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 3-31 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,
Улмаар шүүгдэгч Н.Г нь гэрч Г.Х үсдэж зодсон, хохирогч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Б-ийн хоолойг нь боох, алгадах, түлхэж унагах зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч М.Б-ийн “...Н.Г ирээд миний гэдэс, нуруу, гараас чимхээд байхаар нь би уурлаад чи яагаад чимхээд байгаа юм бэ гэхэд чимээгүй бай гээд шивнэсэн... Н.Г эргэж хараад намайг ширээ рүү авч шидээд хойш нь савж, хоолой боож, үсдэж, нүүр рүү гараараа алгадаж намайг зодсон... өмнө нь намайг огт зодож, цохиж байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх8-9/
- Гэрч П.Б “...нэгнийхээ булхайг дэлгээд сүүлдээ хэрүүл нь даамжраад хоолойг нь боож, түлхэж алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх14-15/
- Гэрч Г.Х-ийн “...Би Г чи болиоч гэхэд эргэж хараад над руу дайрсан, тэгээд миний үснээс зулгаахад нь хоолойг нь боож байгаад яагаад худлаа хэлж хоёр хүнийг муудалцуулж байгаа юм бэ гээд гараараа алгадаж, хажууд байсан ширээ рүү шидчихсэн юм... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх17-18/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11927 дугаартай “...M.Б-ийн биед зүүн дээд зовхи, зүүн шанаа, хүзүү, зүүн нүдний зүүн нүдний алим, баруун бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, цээжинд зулгаралт, баруун завьжид шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хүзүү, зүүн зовхины цус хуралт, баруун завьжны шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх20-21/
- Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /39-41/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх42/
- Н.Г-ын “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байгаа, би дахиж ийм алдаа гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх64-65/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Г-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүс ч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Батчимэгийн биед “....зүүн дээд зовхи, зүүн шанаа, хүзүү, зүүн нүдний зүүн нүдний алим, баруун бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, цээжинд зулгаралт, баруун завьжид шарх ...” гэсэн хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11927 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон уг гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжүүдийг хангасан гэж дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Г, хохирогч М.Б нар нь гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй боловч 2018 оноос эхлэн хамтран амьдарсан, дундаасаа 1 хүүхэдтэй байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж дүгнэлээ. Энэ нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, бие махбодийн хүчирхийлэл үйлдэж буй шалтгаан нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ хохирогчийг өөрийн эрхшээл, дарамтад байлгах шинжтэй байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Харин шүүгдэгч Н.Г нь гэрч Г.Х үстэж зодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулахаар шилжүүлсэн байна. Учир нь гэрч Г.Х нь “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байна.
Хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэгт /69-70/ үндэслэн шүүгдэгч Н.Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: Н.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч Н.Г нь: Би өмнө нь М.Б-ийг зодож байгаагүй, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Н.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Н-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Г-ыг 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Н.Г-ад үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Г-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ