| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2021/0050/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
2021 02 01 2021/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ж.Отгончимэг,
хохирогч М.Лхамжав,
шүүгдэгч Д.Б***, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галтайбулнай овогт Д-ын Б холбогдох 1808 00285 1558 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, хоёр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчины *** тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 05 дугаар 13-ний өдрийн №183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 06 сарын 04-ны өдрийн №145 дугаартай шүүгчийн захирамжаар 11 сар 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар 19-ний өдрийн №392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 03 сарын 03-ны өдрийн №105 дугаартай шүүгчийн захирамжаар10 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар 05-ний өдрийн №78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар 6 жил 5 сар 24 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. 2007 оны 07 сарын 03-ний өдөр ялын хугацаа дуус ч суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар 24-ний өдрийн №911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 01 сарын 27-ны өдрийн №24 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 1 сарын хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан,
Галтайбулнай овогт Д-ын Б /РД:УБ7209****/.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1176 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх90/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх91/, эд хөрөнгийн лавлагаа /хх95/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх120/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх57/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх71-88, 125-135/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах, харин түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Д.Б-т 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд “...орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг...” /хх102/, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1176 дугаартай яллах дүгнэлтэд нийт 1.600.000 төгрөгийн хохирол учирсан /хх138/, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20/047 дугаартай Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланд “...мөнгөн аяга 3 ширхэг,...нийт үнэлгээ 1.600.000 төгрөг” гэсэн /хх61/, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэлд “...3 ширхэг мөнгөн аяга...” зэрэг алдагдсан /хх22/, хохирогчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэгт “...3 ширхэг мөнгөн аяга...” /хх34/ зэрэг дээр дурьдсан нотлох баримтууд нь утга агуулгын хувьд зөрүүгүй байна. Иймд яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн утга нь 2 ширхэг мөнгө аяга гэснийг гэм буруугийн дүгнэлтэд 3 ширхэг мөнгө аяга гэж зөвтгөж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 33 дугаар гудамжны **** тоотод оршин суух иргэн М.Л-ын байшингийн вакум цонхыг хагалж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Панасоник фирмийн 42 инчийн лсд зурагт, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, Сваровский фирмийн хослол бүхий 1 хос ээмэг, 1 хос бөгж, 1 ширхэг гинж, 1 ширхэг кулон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь:
- Хохирогч М.Л-ын “...Тухайн хэрэг болсон өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр Э.Бандийн хамт 12 цагийн орчимд гэрээ цоожлоод цонхоо хаагаад гарсан. Орой нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед нөхрийн хамт гэртээ ирээд хаалгаа онгойлгоод яваад ортол хүүхдийн өрөөний цонх онгорхой, мөн унтлагын өрөөний цонх хагарсан байдалтай байшингийн том өрөөнд байрлах зурагтын тавиур дээр байсан зурагт, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, унтлагын өрөөнд байрлах шүүгээн дотор байсан миний өөрийн эдэлж хэрэглэдэг Сваровский брендийн зуувандуу хэлбэртэй хар өнгийн чулуун ээмэг, гинж, кулон, бөгжний хослол алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх34-38/,
- “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх23-28/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №629 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4, 8, 9, 10, 11 дугаартай гарын мөр М.Л-ын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ, 2 дугаартай гарын мөр Папилон системийн нэгдсэн санд байгаа Дагва овогтой Б-ийн баруун гарын долоовор хурууны хээтэй тохирч байна. гарын дардсыг 101454 дугаараар бүртгэсэн байна. Папилон симтемийн нэгдсэн санд байгаа гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх45-50/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээгээр “Панасоник фирмийн 42 инчийн лсд зурагт, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, сваровский фирмийн ээмэг, бөгж, кулоны хослол, вакум цонх” зэрэг эд зүйлсийг нийт 1.600.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх60-62/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирогч М.Л-ын байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл авснаар хулгайлах гэмт хэргийн бүрдэл төгссөн гэж дүгнэлээ.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Б нь энэхүү гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Харин шүүгдэгч Д.Б нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэх боловч түүний мэдүүлэг бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт цуглараагүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь үнэлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
“Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тайланд нийт 1.600.000 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ. Мөн шүүгдэгч Д.Б нь хохирол төлөөгүй болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ээс нийт 1.600.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Л-т олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд: шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар 24-ний өдрийн №911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 01 сарын 27-ны өдрийн №24 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 3 жил 02 сар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хорих ял хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, суллагдсан хугацаанаас хойш санаатай дахин гэмт хэрэг үйлдээгүй болохыг шүүх харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм.
Шүүгдэгч Д.Б урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ...” гэж заажээ.
Харин шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар 24-ний өдрийн №911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 01 сарын 27-ны өдрийн №24 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 1 сарын хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан боловч уг ялыг, энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэхгүй болно. Учир нь эрүүгийн 1808 00285 1558 дугаартай хэрэг нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн байх тул шүүгдэгч Д.Б-ийг ялтай байх хугацаандаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй болно. Тодруулбал: Д.Б нь 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс хойш болгоомжгүй болон санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй тул 1 жил 1 сарын хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Галтайбулнай овогт Д-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Б-т 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б-ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 1.600.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Л-т олгуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ