Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1042

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00608 1157 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын *****  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Булгадар овогт ******* /РД.ОО8302***************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороололд байрлах 8а байрны орчим хохирогч Л.П***эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, түүний толгой тус газар нь гараараа цохиж, улмаар хохирогчийн өмдний халаасанд байсан iрhone-6 маркийн гар утас, утасны кейс, Хаан банкны виза карт болон картан дотор байсан 1.430.000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 1.620.000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 819 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Б.Сын нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, цагдаагийн сангийн лавлагаа /хх79-104/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх107/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх108/, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх110/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дугнэлт: Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороололд байрлах 8а байрны орчим хохирогч Л.П***толгой тус газар нь гараараа цохиж, зодон, улмаар хохирогчийн өмдний халаасанд байсан iphone 6  маркийн гар утас, утасны кейс,1,430,000 төгрөгтэй Хаан банкны виза карт зэргийг авч, бусдад нийт 1,620,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “... үл таних хүнд iphone 6 маркийн гар утас, виза картаа дээрэмдүүлсэн..." гэсэн тэмдэглэл /хх 5/,

- “Уран” кафе-ны газрын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх24-32/,

- Хохирогч Л.П***таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх14-17/,

- Хохирогч Л.П***Хаан банкны депозит дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх7, 35-36/,

- Хаан банкнаас ирүүлсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зураг, 2 ширхэг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх19-22, 34/,

- Хохирогч Л.П***“... Би 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21-ийн автобусны буудлын ард байрлах “Уран” нэртэй кафед ганцаараа пиво орж уух зорилгоор 16 цагийн орчим орсон юм. Тэгээд би тухайн кафены хойд жигүүрт нэг ширээн дээр ганцаараа сууж 4 шил Боргио пиво захиалж уусан бөгөөд миний эсрэг талын ширээн дээр ганцаараа пиво уугаад сууж байсан 40-50 орчим насны нэг залуу миний ширээн дээр ирээд надтай яриа өрнүүлсэн... Би тэгээд 18 цаг 35 минут орчим тухайн газраас гараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-ийн автобусны буудлын баруун талын 8а байрны харалдаа гэр рүүгээ орох гээд явж байтал кафед яриа өдөөд байсан нөгөө залуу миний мөрөн дээгүүр гараа давуулаад намайг тэвэрч аваад явсан бөгөөд толгой руу нэг удаа цохиж, өмдний халаасанд байсан iphone 6 маркийн гар утас болон утасны кейсэнд байсан Хаан банкны картыг авсан бөгөөд надаас зугтаагаад гүйгээд явчихсан... Харин кафед надтай танилцаж байсан Увсын залуу намайг 4 боргионы тооцоог хаан банкны картаар хийж байхад зөөгчид хэлсэн “0202” гэсэн нууц дугаарыг сонссон байх гэж бодож байна. Тэрнээс биш өөр хүн миний Хаан банкны нууц дугаарыг мэдэхгүй... iphone 6 маркийн гар утасны 180,000 төгрөг, хаан банкны виза картын 5000 төгрөг, гар утасны кейсний 5000 төгрөг, Хаан банкны картын данснаас алдсан бэлэн 1,430,000 төгрөг буюу нийт 1,620,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх42-44, 49/,

- Гэрч А.Д-“... 2021 оны 3 дугаар сарын 12 өдөр 19 цагийн үед намайг гэртээ байж байтал миний нөхөр Л.П***гаднаас орж ирээд надад хандаж Дариа миний данс хаагаарай, намайг хүн цохиод гар утас, карт хоёр аваад явчихлаа” гэж хэлсэн... Харин архи юм уу пиво юм уу амнаас нь үнэртэж байсан бөгөөд ухаангүй болтол уугаагүй байсан. Надад хэлэхдээ намайг хүн цохиод миний утас, Хаан банкны картыг аваад явчихлаа л гэж хэлж байсан. Миний нөхөр “тухайн залуугийн царайг хараад танина” гэж хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг/хх56-57/,

- Гэрч Б.М***/Уран кафены ажилтан/ “...Манайхаар үйлчлүүлэхдээ нийт 4 шил пиво авч уусан бөгөөд эхлээд 2 шил пиво авч уугаад сууж байсан. Тэгтэл 3 номерын ширээн дээр сууж байсан нэг эрэгтэй хүнтэй юм яриад тухайн хоёр хүн хамтдаа сууж дахин хоёр шил пиво захиалж хамтдаа суусан. Сүүлийн хоёр шил пивоны тооцоо болох 8000 төгрөгийн тооцоог би ширээн дээр нь очиж авсан бөгөөд тухайн хүн надад тооцоогоо Хаан банкны карт өгч үйлчлүүлсэн. Надад хаан банкны картаа өгөөд өөрийнхөө нууц кодыг пос машин дээр хийж байхад 3 номерын ширээн дээр сууж байгаад 4 номерын ширээн дээр хамтдаа сууж байсан эрэгтэй пос машинд хийж байгаа кодыг нь хараад сууж байсан... Тухайн үед хаан банкны картаараа тооцоо хийсэн ах түрүүлээд манайхаас гарсан бөгөөд араас нь 3 номерын ширээн дээр сууж байсан эрэгтэй дагаад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх60-61/,

- “Тэнцвэрт эстимэйт” ХХК-ний 278, 833 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...бэлэн мөнгө 1,430,00 төгрөг, гар утасны кейс 5,000 төгрөг, iphone 6 маркийн гар утас 180,000 төгрөг, виза карт 5,000 төгрөг нийт 1,620,000 төгрөг”-ийн хохирлын тайлан /хх70-71, 75-76/,

- Б.Сын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Тэр хүнтэй Уран кафе пабд хамт суугаад ярилцаж байгаад тооцоогоо хийх үед кодыг нь 0202 гэдгийг мэдчихсэн юм. Тэгээд бид 2 тэндээс гараад явж байтал тэр хүн нэлээд муудчихсан байх шиг байхаар нь картыг нь авчихсан юм...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх126-127/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: Э д хөрөнгийг авахаар цохих, зодох, хоолой боох зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл хамаарах бөгөөд хохирогч Л.П***“...миний мөрөн дээгүүр гараа давуулаад намайг тэвэрч аваад явсан бөгөөд толгой руу нэг удаа цохиж, өмдний халаасанд байсан iphone-6 маркийн гар утас болон утасны кейсэнд басан хаан банкны карт аваад зугтаасан...” гэсэн мэдүүлгээс үзэхэд  шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэж, ... довтолсон ...” гэх шинжийг хангаж байгаа.Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу довтолгоон эхэлснээр гэмт хэргийн шинж хангагддаг, хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй, шүүгдэгчийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн шинж бүрэн хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М***нийт 1,620,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 278, 833 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...бэлэн мөнгө 1,430,000 төгрөг, гар утасны кейс 5,000 төгрөг, iphone-6 маркийн гар утас 180,000 төгрөг, виза карт 5,000 төгрөг нийт 1,620,000 төгрөг”-ийн хохирлын тайлан /хх70-71, 75-76/-аар тогтоогдож байна.

Хохирогч Л.П***нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нийт 1,430,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй талаар хүсэлтийг нотариатаар баталгаажуулж ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Сыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2

дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн талаар маргадаггүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулан тооцож, харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хэдий ч түүний үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөж, хохирогчийг зориуд сонгон гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулах өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй.

 

Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн өмгөөлөгч, улсын яллагчийн дүгнэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна" гэсэн.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход шүүгдэгч нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэжээ.

Шүүгдэгч Б.Сын байнга оршин суух хаягийн бүртгэл “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын 3-1 тоот хаягтай/, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Сад оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “... Дээрэм /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, ... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэсний дагуу өршөөлийн хуульд хамрагдаж зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо зорчих
эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцох бөгөөд түүний байнга оршин суух хаягийн тодорхойлолтыг үндэслэн “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх” ялаар солих нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах.

 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Булгадар овогт ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Сыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Сад оногдуулсан 02 жилийн хугацааны хорих ялыг мөн хугацаагаар Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх Зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын урьдчилан цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг Зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хонгоор тооцож, түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Сад мэдэгдсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДАШДОНДОВ