Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/693

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Л-ийн А-д холбогдох эрүүгийн ************* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********оны *************-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *************** тоотод оршин суух,

- урьд ************* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял,

- *************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Ц овогт Л-ийн А /РД: *************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.А нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед ********************** тоотод “эгчтэй муухай харьцсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Х.Э-ийн биед халдаж, хэвлийн тус газарт нь хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд хэвлийд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-6/,

2. Хохирогч Х.Э-ийн:

 “...2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16-17 цагийн үед эхнэрийн дүү А-тэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ********* тоот буюу А-ийн гэрт уулзсан. Бид хоёр тухайн байранд орцонд засвар хийх гэж байсан юм. Тэгээд бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад А 0.5 литрийн “Хараа” архинд явуулж авхуулаад бид хоёр А-ийн гэрт хувааж уусан. ...Тэгээд архиа уугаад сууж байхад 23 цагийн үед А-ийн эгч нь гэрт орж ирээд А-ийг архи уулаа гээд загнасан бөгөөд А нь эгчийнхээ урдаас уурлаад байсан. Тэгэхээр нь би уурлаад А-ийг “арай хэтэрхий харьцаж байгаа юм биш үү” гэж хэлээд А-ийн хамар руу нэг удаа цохиход А нь надтай барьцалдаж авсан. Тэгээд нээх удаагүй цагдаа нар ороод ирсэн бөгөөд А-ийг намайг хутгалсныг мэдсэн. Миний зүүн хэвлийгээс цус гараад байсан бөгөөд шууд эмнэлэг явж үзүүлсэн. Миний зүүн хэвлийн хэсэгт хутгаар зүссэн бөгөөд одоо миний бие хэвийн зүгээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 14-15/,

3. Гэрч Б.О-ийн:

“...2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Л.А-ийг эрүүлжүүлэхээс авахад Л.А нь “би Х.Э ахыг айлгах гэж байгаад хутгаар дүрсэн юм шиг байна. Х.Э ахын биеийн байдал ямар байгаа бол, архинаас болж тэнэг юм боллоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 36/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******дугаар:

“...Х.Э-гийн биед хэвлийд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 44-45/,

5. Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх7-11/,

6. Шүүгдэгч Л.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ганцаараа “Хараа” нэртэй 0.33 литрийн архи худалдан аваад өөрийн гэртээ буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ******** тоотод уугаад сууж байсан юм. Тэгээд 17 цагийн үед манай эгчийн нөхөр болох Х.Э ах манай байрны орцонд юм хийхээр ирсэн юм. Тэгээд би ахыг ирсэн гээд дэлгүүр явж 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч бид хоёр манай гэрт хувааж уусан. Тэгээд архиа уугаад сууж байхад гаднаас эгч О нь орж ирээд намайг “яасан их уудаг юм, одоо архиа боль” гэж хэлэхээр нь би эгчтэйгээ хэрэлдэж маргалдсан юм. Эгч О-г гэрээс гараад явсны дараа Х.Э ах “чи эгчтэйгээ арай дэндүү харьцаж байна” гэж хэлээд миний хамар луу нэг удаа цохихоор нь би уурлаад барьцалдаад авсан. Тэгээд ширээн дээр байсан ягаан өнгийн иштэй жижиг хутгыг аваад “дүрчихнэ шүү” гээд айлгаад Х.Э ахтай зууралдаж байгаад зүүн хэвлийн хэсэг рүү нь зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.А-эд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч С.А нь хохирогч Х.Э-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.А-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.А нь: 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* тоотод “эгчтэй муухай харьцсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Х.Э-гийн биед халдаж, хэвлийн тус газарт нь хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд хэвлийд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.Э-гийн “...А нь эгчийнхээ урдаас уурлаад байсан. Тэгэхээр нь би уурлаад А-ийг “арай хэтэрхий харьцаж байгаа юм биш үү” гэж хэлээд А-ийн хамар руу нэг удаа цохиход А нь надтай барьцалдаж авсан. Тэгээд нээх удаагүй цагдаа нар ороод ирсэн бөгөөд А-ийг намайг хутгалсныг мэдсэн. Миний зүүн хэвлийгээс цус гараад байсан бөгөөд шууд эмнэлэг явж үзүүлсэн. Миний зүүн хэвлийн хэсэгт хутгаар зүссэн бөгөөд одоо миний бие хэвийн зүгээр байна...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.О-гийн “...2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Л.А-ийг эрүүлжүүлэхээс авахад Л.А нь “би Х.Э ахыг айлгах гэж байгаад хутгаар дүрсэн юм шиг байна. Х.Э ахын биеийн байдал ямар байгаа бол, архинаас болж тэнэг юм боллоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9074 дугаар “...Х.Э-гийн биед хэвлийд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

- Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Л.А нь хохирогч Х.Эгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.Э нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардал нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч Л.А-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Л.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал буюу насны байдал болон урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч Л.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Л.А-эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг зохих журмын дагуу устгах, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Л-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 8.9 сантиметр ажлын хэсэг бүхий нийт 19.8 сантиметр ягаан өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ДАЛАЙХҮҮ