Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 05

 

 

              Дорнод аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

              Гомдол гаргагч: Улаанбаатар хот, ....байрлах, “М” ХХК-ийн гомдолтой,

              Хариуцагч: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч ....-д холбогдуулан гаргасан,

              Гомдлын шаардлага: “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0165922 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  гомдлын шаардлага  бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.Б, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын хяналтын  Улсын байцаагч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Гомдол гаргагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “М” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 316 дугаар тогтоолоор  Дорнод аймгийн 7 сумыг хамарсан талбайд хайгуулын ажлыг 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хийж ирсэн. Манай компани Дорнод аймаг дахь Баянтүмэн 17-р талбайг эзэмшиж, газрын тосны хайгуулын ажил явуулж байгаатай холбогдуулан тус аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12/234 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалтыг хийсэн. Уг удирдамжаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Б ахлан, Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч И.Энхтуяа нар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхээр томилогдсон. Гэвч шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны даалгавар зэргээс харахад Улсын байцаагч Г.Б л хяналт шалгалтыг дангаараа явуулж, манай компанийг
Газрын  тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1, 27.4-т  заасныг тус тус зөрчсөн гэж үзэн  Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх үндэслэлээр 5 000 000 /таван сая/  төгрөгийн торгууль тавьж, шийтгэл ногдуулсан байдаг.  Үүнийг улсын тусгай хэрэгцээнд авсан газарт тухайн сумын Засаг дарга ашиглах шаардлагагүй байдаг бөгөөд  үүнийг  Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хуулийг буруу хэрэглэж, заавал захирамж гарах ёстой мэтээр ойлгож хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Энэ талаар манай компани нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан боловч тус газрын дарга Д.Мөнхтуяа нь гомдлыг хүлээн авч 0165922 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариу өгсөн бөгөөд, Мэргэжлийн хяналтын газраас “...газар эзэмших, ашиглах зөвшөөрөл аваагүй...” гэж байгаа нь буруу гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. 1. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бид хайгуулын ажил хийх үүрэгтэй.  2. ...төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжид шалгалтыг Улсын байцаагч Г.Б, И.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийхээр заасан. Гэтэл Г.Б гэж хүн ганцаараа очиж үзэж хараад “...зөвшөөрөл байхгүй...” гэж дүгнээд шийтгэвэр бичсэн. Энэхүү шийтгэвэр дээрээ ч тэр, албан тушаалтны даалгавар дээр ч тэр Г.Б байцаагч ганцаараа гарын үсгээ зурж ирүүлсэн байсан. И.Энхтуяа гэж хүн тухайн шалгалтын бүрэлдэхүүнд байсан боловч шалгалтын ажилд оролцоогүй. Ийм байдлаар шалгалтын процессын алдаа гарч, Г.Б байцаагчийн үзэмжийн асуудлаар торгууль тавигдсан гэж үзэж байна.  3. “М” ХХК-д огт хамааралгүй Төгсбаяр гэгч хүнийг аваачиж тайлбар мэдүүлэг аваад, эрх үүрэг танилцуулсан баримт үйлдэн, зөрчлийн хэрэг нээж шийтгэл ногдуулсан байсан. Гэтэл энэ Төгсбаяр гэж хүн “М” ХХК-д огт ажилладаггүй, ...томилогдсон тушаалын хуулбарыг “МТ Баянгол” ХХК-иас гаргуулж авсан байгаа... Улсын байцаагч Г.Бгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0165922 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлын шаардлагаа дэмжиж байна гэв.

               Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  09/3491 тоот,  Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  2/2393 тоот албан бичиг,  “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” НҮТББ-аас ирүүлсэн албан шаардлага, Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан  2019 оны 01/234 удирдамжийн дагуу газрын тосны Баянтүмэн 17 дугаар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Б ахлан, Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч И.Э нар хийсэн. 1.Газрын тосны Баянтүмэн 17 дугаар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК нь Чойбалсан сумын Сүмбэр  2 дугаар багийн нутаг дэвсгэрт 11 контейнер, өрмийн 1 цамхаг, 2 генератор, 1 гэр байх бөгөөд манаачаас өөр хүн байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй байсан. Чойбалсан сумын Засаг дарга Ц.Ариунболдоос “М” ХХК–ийн үйл ажиллагааны талаар асууж тодруулсан. Тус компани үйл ажиллагаа явуулаагүй болохыг танилцуулж, холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгсөн.

            2. “М” ХХК нь Баянтүмэн 17 дугаар талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд 2018 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн дагуу Чойбалсан сумын 2 дугаар багт хайгуулын нэг цооног өрөмдөхөөр өрмийн ангийн нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг 2018 оны 10 дугаар сарын 04-нд эхлүүлсэн бөгөөд  Баянтүмэн 17 дугаар талбайд өрөмдлөг, хайгуул, олборлолт хийхгүй байх тухай иргэдээс гаргасан санал санаачлагыг дэмжсэн, хог хаягдал, ус ашиглах гэрээ, кемпийн газрын зөвшөөрөл олгохгүй байхыг сумын Засаг даргад үүрэг болгосон Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэр гарч өрмийн ангийн нүүлгэн шилжүүлэлтийн ажил  2018 оны 10 дугаар сарын 07-нд зогссон байна. Энэ үед 11 контейнер, өрмийн 1 цамхаг, 2 генераторыг тус газарт авчиржээ.

             3. “М” ХХК-ийн талаар Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Алтантуяагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 25-нд, аймгийн Засаг даргын 2019 оны А/447 захирамжийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрүүдэд  тус Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шалгалт хийхэд тус компани нь ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, 11 контейнер, өрмийн 1 цамхаг, 2 генератор байсан бөгөөд өнөөдрийн байдлаар тэр хэвээрээ байсан.

              “М” ХХК-иас Чойбалсан сумын Засаг даргад газар ашиглах тухай хүсэлт 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3699/19 тоот албан бичиг, 08 сарын 19 өдрийн 3199/19, 08 дугаар сарын 31-ний өдрийн 2427/18 дугаартай тоотоор удаа дараа гаргасан байна. “М” ХХК нь Чойбалсан , 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.3, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 5.1.1, 5.3, 5.5-д заасныг тус тус зөрчсөн  тул  Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу “М” ХХК-д 5000 нэгжийн шийтгэлийн арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж ажилласан.

           Мөн Чойбалсан сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтны утасны дугаарыг авахад Төгсбаяр  гэж хүний дугаарыг өгсөн.  Энэ хүн бол “М” ХХК-ийн Дорнод аймаг дахь Салбарын дарга гэсэн албан тушаалтай хүн байгаа. Төгсбаяр нь компанийхаа хуулийн зөвлөх, дарга нартай холбогдоход “...очих боломжгүй. Дорнод аймаг дахь Салбарын дарга учир зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно...” гэсэн чиглэл өгсний дагуу түүнд эрх, үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан байгаа. Төгсбаяр байгууллагынхаа хуулийн мэргэжилтний зөвлөсний дагуу шийтгэлийн хуудас болон албан даалгаварт гарын үсэг зурахаас татгалзсан тул энэ талаар тайлбар бичиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

          Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч ажилласан тул 0165922 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5000000 төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

          Гомдол гаргагч “М” ХХК нь Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулсан 0165922 дугаар шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгох шаардлага гаргасан[1].

         Дорнод аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12/234 тоот удирдамжийн[2] хүрээнд MV-00136АА дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “М” ХХК-ийн үйл ажиллагаанд  Байгаль орчин газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Б, Геологи уул уурхайн хяналтын Улсын байцаагч И.Энхтуяа нар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж, “М” ХХК нь ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн  газар ашиглаж байгаа нь,  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Газрыг  энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. ”Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” заасныг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу  5000 нэгжийн  шийтгэл оногдуулжээ[3].

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 “Эрх бүхий байгууллагаас олгосон  ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь … нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх”, мөн хуулийн 8.2  “нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох” талаар хуульчилсан байна.  Гомдол гаргагч  компани нь  Чойбалсан сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2018 оны  08 дугаар сарын 05-ны өдрийн 3699/19[4],  2018.08.19-ний өдрийн 3199/19[5], 2018.08.31-ний өдрийн 2427/18[6] тоот албан бичгээр  хандсаны дагуу  “...газрын зөвшөөрөл олгож гэрээ хийх боломжгүй“ хариуг  2018.10.05-ны өдрийн 1/305[7] албан  бичгээр хүргүүлсэн байна.    

            Дорнод аймгийн Чойбалсан сумын “Сүмбэр” 2 дугаар багийн нутаг дэвсгэр  Газрын тосны Баянтүмэн 17 дугаар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК нь ...өрмийн ангийн нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг 2018 оны 10 дугаар сард  ...11 контейнер, өрмийн 1 цамхаг, 2 генератор авчирч зөвшөөрөл бүхий  талбайд байрлуулсан хэдий ч,  ...үйл ажиллагаа явуулаагүй талаархи гомдол гаргагчийн тайлбар,  Улсын байцаагч[8]  болон сумын Засаг дарга нь “үйл ажиллагаа явуулаагүй”[9] талаар  тайлбарлаж  байгаа болно.

          Гэтэл хяналт шалгалт явуулсан Улсын байцаагч нь “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан үндэслэл-”ээр торгуулийн шийтгэл оногдуулахдаа  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4. “...газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” “... гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” заасан байгааг “газар ашиглах”  гэжээ. Тодруулбал: “Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэх ойлголт юм. “М” ХХК нь тухайн талбайд /эдэлбэр газрын зориулалтаар/ аль нэг ашигтай байдлаар ашиглаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байна.

              Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч нь  “М” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт  шалгалтыг явуулахдаа ... тусгай зөвшөөрөл бүхий талбайд дурьдсан ... техник  тоног төхөөрөмжийг байрлуулсаныг үйл ажиллагаа явуулж, газар ашигласан хэмээн үзэж торгуулийн шийтгэл оногдуулж байгаа нь  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д “...захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь  үндэслэл бүхий байх”  зарчим  алдагдсан  байна.

            Иймд “М” ХХК-ийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Зөрчилд 5000000 төгрөгийн шийтгэл оногдуулсан 0165922 дугаар шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгох нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Зөрчлийн тухай хуулийн 8.1  дүгээр зүйлийн 10.1 дэх  хэсэгт  заасныг баримтлан, гомдол  гаргагч  “М” ХХК-ийн,  Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчид холбогдуулан гаргасан, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулсан 0165922 дугаар шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-д зааснаар гомдол гаргагч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагч компанид олгосугай.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т  зааснаар  энэхүү  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш таван хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

          

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОЮУН                    

 


[1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[2] Хавтаст хэргийн 10-11-р хуудас

[3] Хавтаст хэргийн 12-14-р хуудас

[4] Хавтаст хэргийн 79-р хуудас

[5] Хавтаст хэргийн 80-81-р хуудас

[6] Хавтаст хэргийн 77-р хуудас

[7] Хавтаст хэргийн 129-р хуудас

[8] Хавтаст хэргийн 52-56-р хуудас

[9] Хавтаст хэргийн 120-121, 131-р хуудас