Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/025

 

Э.Нид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Нийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Нид холбогдох эрүүгийн 1714000000101 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Галдан гэцэл овогт Э.Н, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Э.Н нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 25 дугаар байрны гадна иргэн Л.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Э.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Галдангэлэн овогт Э.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Нид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар Э.Н нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Э.Нийн эзэмшлийн ТСЛ маркийн 48 инчийн зурагтыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Э.Нид буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Н гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие шүүх хуралдааны явцад хууль тогтоомж болоод шийдвэрийн талаар ойлголт байгаагүйн улмаас буруу тайлбар гаргасан байсан. Э.Н миний бие нь нийтэд тустай ажлыг нэгжийн торгуулиар шийтгүүлэх хүсэлттэй байгаа тул өргөдлийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Э.Нид холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхээс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхдээ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар *******ийг оролцуулжээ.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон ******* өмнө нь уг хэрэгт шүүгчийн туслахаар оролцож байсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах” үндэслэлд хамаарч байх ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд тооцогдож байгаа болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Нийн нийтэд тустай ажлыг торгох ялаар солиулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт М.Зоригт гэж тухайн хэрэгт огт хамааралгүй хүний талаар дүгнэсэн, шүүгдэгч Э.Нийн нэрийг Э.Нямдорэид гэж, тогтоох хэсэгт шүүгдэгчийн ургийн овогийг “Галдангэлэн” гэж хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан Э.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаанаас эрс зөрүүтэй бичсэн зэрэг алдаа зөрчил гаргасан байгааг дурдаж, цаашид хэргийн материалтай сайтар танилцаж байхыг анхааруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болохыг дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Нид холбогдох эрүүгийн 1714000000101 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э.Нид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                        Д.ЭРДЭНЭБИЛЭГ