Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0522

 

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0522

Улаанбаатар хот

 

 

 

 

                                “С***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б***, Б.Б***, З.М***,

Гуравдагч этгээд “Д***” СӨХ,

Гуравдагч этгээд Соёлын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “С***” ХХК,

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд “Д***” СӨХ,

Гуравдагч этгээд Соёлын яам,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0485 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б***, Б.Б***, гуравдагч этгээд “Д***” СӨХ-ны төлөөлөгч Ё.Э***, гуравдагч этгээд “Д***” СӨХ-ны өмгөөлөгч Л.Н***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*** нар.

Хэргийн индекс: 128/2022/0466/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С***” ХХК-иас шүүхэд хандан “2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0485 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасныг тус тус баримтлан “С***” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1. “С***” ХХК-д 2012 оны А/400-1,46 тоот архитектур төлөвлөлтийн даалгаварт даалгасны дагуу барилгын загвар зургийг баталж, тэг тэнхлэгийг тогтоосны үндсэн дээр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байхад тус компани нь барилгаа батлагдсан тэг тэнхлэгээс зүүн тийш зөөж барьсан зөрчил гаргасан нь үйл баримтаар тогтоогдож байхад шүүх зөв үнэлж дүгнээгүй,

 3.2. Нийслэлийн Засаг дарга нь өөрийн гаргасан захиргааны актыг хүчингүй болгох эрх нь Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль, тогтоомж, тогтоолд заасны дагуу нээлттэй бөгөөд хориглоогүй байхад маргаан бүхий захирамжийг зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу гарах ёстой байсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

3.3. Маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасны дагуу холбогдох ажиллагааг хийсний үндсэн дээр гаргасан тул хууль зөрчөөгүй гэж,

4. Гуравдагч этгээд “Д***” СӨХ-ноос дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

4.1 Анхан шатны шүүх оршин суугчдын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг ойлгоогүй, бодитоор амь нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцөл үүссэн оршин суугчдын эрхийг бус захиалгын гэрээний дагуу ирээдүйд мөнгөөр хохирч магадгүй гэж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг мөнгөтэй дүйцүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу,

4.2 “С***” ХХК зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барилгаа тэг тэнхлэгээс зөөж барьсан, бохирын шугамыг зөвшөөрөлгүй зөөсөн зэрэг үйл баримттай холбогдуулан гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй,

4.3 Маргаан бүхий акт гарах талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг Газрын тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хийх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч хариу тайлбар ирүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй байтал шүүх сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн дүгнэсэн нь буруу,

4.4 Нэхэмжлэгч гаргасан зөрчлөө зөвшөөрсөн бөгөөд баримтуудаар тогтоогдож байхад хариуцагчийг маргаан бүхий актыг гаргахдаа ганцхан хуулийн заалтыг баримтлаагүй гэх үндэслэлээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь буруу гэж,

5. Гуравдагч этгээд Соёлын яамны итгэмжлэгдсэн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

5.1 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Барилгын тухай хууль, Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн болох үйл баримтыг бүрэн гүйцэд нягтлан тогтоолгүй хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн,

5.2 Маргаан бүхий акт нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр байсан,

5.3 Үндэсний номын сангийн барилга, түүнд хадгалах соёлын өвийг хамгаалах асуудал нь нийтийн эрх ашиг гэх ойлголтод хамаарах бөгөөд “С***” ХХК-ийн 16 давхар орон сууцны барилга баригдсан тохиолдолд сөргөөр нөлөөлөх эсэх талаар мэргэжлийн байгууллагын буюу шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож, үндэслэлтэй шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,

3.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/441 дүгээр захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/ 52 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 3254 м.кв газрыг эзэмшигч "С***" ХХК нь мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэсэн.

3.2. Энэхүү шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч “С***” ХХК-иас шүүхэд хандан “... Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зураг, техникийн нөхцөлийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчлөөгүй. Өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас эзэмших эрх бүхий газар дотроо  барилгаа зүүн тийш шилжүүлэн барьсан. Хариуцагчаас мэдэгдэх, сонсох ажиллагаа хийхгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус” гэсэн агуулгаар, 

хариуцагчаас “нийслэлийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 8.1.2, 8.1.3, 8.1.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжийг гарсан” гэсэн агуулгаар,

 

гуравдагч этгээд Соёлын яамнаас “маргаан бүхий газарт баригдаж буй 16 давхар орон сууцны барилга нь Үндэсний номын сангийн барилгаас зөвхөн автомашины замаар тусгаарлагдаж байгаа нь барилгын болон номын сангийн холбогдох норм, стандартыг зөрчиж байгаа, Үндэсний номын санд хадгалагдах соёлын өвийн асуудал энд яригдаж байгаа“ гэх агуулгаар

гуравдагч этгээд “Д***” СӨХ-өөс маргаан бүхий газарт баригдаж буй орон сууцны барилга нь “Д*** СӨХ-ийн орчны газартай давхцаж, оршин суугчдийн эрүүл, аюулгүй орчинд амьдар эрхийг зөрчиж байна” гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргажээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Энэ дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал, тайлбар хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудалд шаардлага, татгалзал тус бүрт дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

5. Тухайн тохиолдолд, хариуцагчийн зүгээс “мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилсөн” “нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн” гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс “Сүхбаатар дүүргийн Тамгын газрын барилгын ажил гүйцэтгэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр бохирын Ф200мм-ийн трассыг манай газар дээр шилжүүлэн, мэдээллийн санд бүртгүүлсэн тул барилгыг эзэмшил газар дотроо зүүн тийм шилжүүлэн барьсан” хэмээн, гуравдагч этгээд Соёлын яамны зүгээс “нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар дээр барьж буй барилга нь Үндэсний төв номын сангийн барилгатай нэг замын наана цаана баригдаж байгаа нь барилгын, галын болон номын сангийн холбогдох норм, стандартыг зөрчиж байгаа” хэмээн, гуравдагч этгээд “Д***” СӨХ-өөс маргаан бүхий газарт баригдаж буй орон сууцны барилга нь оршин суугчдийн эрүүл, аюулгүй орчинд амьдар эрхийг зөрчиж байна гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүх тухайн маргааж буй үндэслэлд хамаарах нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

6. Тодруулбал,  анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах нэхэмжлэгч “С***” ХХК нь өөрийн захиалан бариулж буй барилгаа батлагдсан тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлэн барихтай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагуудад хандаж, зөвшөөрөл авсан эсэх, маргаан бүхий газарт баригдаж буй 16 давхар орон сууцны барилга болон  гуравдагч этгээд Соёлын яамны захилгаар баригдаж буй Үндэсний төв номын сангийн барилга, “Д***” СӨХ-ийн оршин суугчдын амьдарч буй барилга  хоорондын зай бодитоор хэдэн метр болон энэ нь тус улсад мөрдөж буй Барилгын норм ба дүрэм, бусад холбогдох стандарт, нормд нийцэж буй эсэх зэрэг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулж, шаардлагатай гэж үзвэл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах замаар хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА