Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

хохирогч: Б.М, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн /2171/,

шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч Ю.Батболд /1958/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нт холбогдох эрүүгийн 2005030161649 дугаартай 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Н.

 

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины урдуур машинтайгаа шахаж орж ирлээ гэх шалтгааны улмаас иргэн Б.Мын биед халдан зодож, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Н мэдүүлэхдээ:

Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Барс” худалдааны төвийн гэрлэн дохио өнгөрөөд бараа худалдаж авахаар явж байтал хохирогч машинтайгаа туслах замаас орж ирээд миний машиныг мөргөсөн. Осол болсны дараа хохирогч бууж ирээд “чи миний машиныг албаар мөргөлөө, яаж байна мангар бацаан чинь” гэж хэлсэн. Би “юу гэж хүний машиныг албаар мөргөх билээ” гэж хэлтэл хохирогч “хуцаад байгаарай” гээд намайг заамдаж чирээд, зам тээврийн ослын газраас холдуулж, миний элгэн тус газар цохисон. Би хохирогчийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирол хувьд шүүхээс тогтоосон хохирлыг би төлж барагдуулна. Уг нь хохирогчийн гар утас руу хохирол төлөхөөр залгасан боловч хохирогч гар утсаа авахгүй байсан. Зам тээврийн ослын улмаас миний машинд гэмтэл учирсан. Би машинаа засаагүй байгаа. Машинд учирсан хохирлын талаар шалгасан зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Б.М мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай найз ажлаасаа буугаад гэр рүү дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд “Барс” худалдааны төвийн ойролцоо явж байтал манай найз жоохон хэрэгцээний зүйл авъя гэсэн болохоор “Барс” худалдааны төв рүү орох зорилготой зорчиж байсан. Тухайн үед зам түгжрэл ихтэй байсан. Би нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү орохоор дохиогоо өгөөд машиныхаа хамрыг хоёрдугаар эгнээ рүү оруулж, байрлалаа эзлээд 5-10 секунд зогсож байтал Н машинаараа миний машиныг мөргөсөн. Тэгэхээр нь би намайг дохиогоо өгөөд эгнээгээ солихоор зогсож байсан гэдгийг мэдсэн хэр нь ирж машин мөргөсөн болохоор бага зэрэг уурласан. Тэгээд замын цагдаад дуудлага өгсөн. Замын цагдаа ирээд “чи чинь зодуулсан байна шүү дээ” гээд эрүүгийн цагдаа дуудсан. Эрүүгийн цагдаа ирээд хэргийн нөхцөл байдалтай танилцаад мэдүүлэг авч, шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлж шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Намайг машинаасаа буугаад Нийг “яаж байгаа юм бэ” гэтэл “яадаг юм” гэж хэлээд намайг түлхэж уруулын дээд хэсэгт, шанаа, чих, нүүр рүү цохиж хэл амаар доромжилсон. Энэ гэмт хэргийн улмаас миний 3 шүд эмтэрсэн, чихний дээд талд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Би 3 шүдээ эмчлүүлэхийн тулд үнэтэй эмчилгээ хийлгээгүй. Энэ гэмт хэргийн улмаас эмтэрсэн 3 шүдээ төмрөөр бүрүүлсэн. Шүдний 25 хувийн хугархайг шинжээч эмч шүдний хугарал гэж үзэхгүй шүдний эмтрэл гэж үзнэ гэж тайлбарласан. Шүүгдэгчээс эмчилгээний зардлаа авсан тохиолдолд гомдол саналгүй. Тухайн зам тээврийн ослын улмаас миний машины хаалга гэмтсэн. Гэхдээ зам тээврийн осолд намайг буруутай гэж үзэж, би торгуулсан. Би хэрэг болсон өдөр шүүх эмнэлэгт үзлэг хийлгэхэд таны 2 шүд эмтэрсэн байна гэж хэлсэн. Гэртээ хариад шүдээ үзтэл дахиад нэг шүд эмтэрсэн байсан. Тэгээд Ханхүү эмчид дахин үзүүлэхэд Ханхүү эмч таны 3 шүд эмтэрсэн байна гэж хэлсэн. Би Ханхүү эмчээс 3 шүд эмтэрсэн тухай шинжээчийн дүгнэлтэд тусгах уу гэхэд Ханхүү эмч “таны 3 шүд эмтэрсэн тухай шинжээчийн дүгнэлтэд тусгана” гэж хэлсэн боловч шинжээчийн дүгнэлттэй танилцахад миний 2 шүд эмтэрсэн талаар бичсэн байсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2 шүдний эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч–Б.Б мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би ажлын Н, Улаанаа нарын хамт Нийн барьдаг ажлын машинаар Барс захын зам дээр явж байтал урдуур нэг машин орж ирээд Н тухайн машины хаалгыг нь шүргээд зогссон. Н машинаас буухад нөгөө машины жолооч эрэгтэй нь мөн адил машинаасаа буугаад ирсэн. Нөгөө машины эрэгтэй нь “чи байгууллагын машин барьчхаад албаар мөргөлөө гэхэд Н “би юу гэж хүний машин албаар мөргөдөг юм” гээд тэр хоёр маргалдаж байтал Нийг нөгөө машины жолооч эрэгтэй өмсөж явсан хувцасных нь захаас чирээд цаашаа явж байхдаа Нийн хөл рүү нь өвдгөөрөө хоёр удаа өвдөглөсөн. Би машинаасаа буух гэхэд миний сууж байсан талын хаалгаар мөргөлдөөд онгойхгүй байсан учир жолоочийн хаалгаар буугаад Н болон нөгөө залуу хоёр дээр очоод салгах гэхэд Н тухайн эрэгтэй хүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Нт цохиулсан жолоочийн уруул нь хавдсан байдалтай байсан. Тэгээд Н цагдаа дуудсан гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11561 тоот дүгнэлтэд:

1. Б.Мын биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машины урдуур машинтайгаа шахаж орж ирлээ” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Мын биед халдан зодож, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.М, гэрч Б.Бын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11561 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь эмчийн үзлэг хийлгэхэд 15 000 төгрөг, рентген зураг авхуулахад 15 000 төгрөг, 3 шүдний хэв авахад 1 000 000 төгрөг, 3 шүдний бүрээс хийлгэхэд 280 000 төгрөг, түрээс наахад 90 000 төгрөг төлсөн гэж өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар 1 400 000 төгрөг нэхэмжилж байна.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11561 тоот дүгнэлтэд Б.Мын биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэсэн бөгөөд мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд 3 шүдний хэв авхуулсан, 3 шүдний бүрээс хийлгэсэн, 3 шүдний бүрээс наалгасан төлбөрөөс тус тус 1 шүдний төлбөрийг хасаж, 1 000 000:3=333.333 төгрөг, 280 000:3=93 333 төгрөг, 90 000:3=30 000, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Б.Нээс 943 334 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мд олгож, үлдэх 456 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Нт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Нээс 943 333 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мд олгож, гэм хорын хохирлоос 456 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Н цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН