Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/00814

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2017 оны 03 сарын 09 өдөр

   Дугаар 101/ШШ2017/00814

Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                      

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

   

Нэхэмжлэгч: Н ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Д холбогдох,

 

    2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Ч.*******,  хариуцагч С.*******, гэрч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.                       

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

              

Нэхэмжлэгч “*******” ХХК, захирал Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Ч.******* миний бие С.*******тай 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хамтарч ажиллахаар тохиролцон амаар гэрээ байгуулсан юм. 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Төмөр замын 60 дугаар байрны гадаа С.******* нь Н.*******, н.******* нарын хамтаар надаас урьдчилгаа түлшний мөнгө гэж 2,700,000 төгрөгийг авсан бөгөөд ямар ч ажил хийлгүйгээр зугтаж алга болсон. Би удаа дараа С.*******тай холбогдох гэсэн боловч утсаа салгаад болохгүй байсан тул аргагүй эрхэнд цагдаад хандаж шалгуулсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тул иргэний журмаар шүүхэд хандаж байна. Миний бие н.*******аас 15,000,000 төгрөгийг түлшний мөнгө гэж бэлнээр авсан бөгөөд уг мөнгөнөөсөө 2,700,000 төгрөгийг С.*******д ажилчдын урьдчилгаа гэж өгсөн боловч дараа нь энэ хүн ажлаа хийгээгүй.

           Иймд С.*******гаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үнийн дүн 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

      Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Миний бие С.******* Ч.*******ын гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Би энэ бичсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Үүнийг н.*******, н.******* нар мэдэж байгаа. Ч.******* нь өнгөрсөн  жилийн 05 дугаар сараас хойш надтай нийлж юм хум хийе гэж явсан боловч ажил нь бүтэлгүйтгэж, үндсэндээ Ч.******* нь н.******* бид хоёрыг хулхидсан. Тэгээд алт олборлох ажлаа зогсооё, би авсан мөнгөө буцааж өгье гээд н.******* Ч.*******т 15,000,000 төгрөг буцааж өгсөн. Би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан 2,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь уг мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

“*******” ХХК-ийн захирал Ч.******* нь 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хамтран ажиллах зорилгоор С.*******д ажилчдын цалин гэж урьдчилгаа 2,700,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь “Мөнгө олгохыг хүссэн өргөдөл”, “Бэлэн мөнгөний зарлагын баримт”, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Харин хариуцагч нь хамтран ажиллах зорилго байсан, гэхдээ уг 2,700,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа боловч зохигчдын тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй байна.

 

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж зааснаар хариуцагч С.******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

           1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч С.*******гаас 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 58,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЭНХЖАРГАЛ