Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн н Эд холбогдох эрүүгийн 2005031481741 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гаалийн удирдлага мэргэжилтэй, “Э.

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Twin House” нэртэй зочид буудлын 405 тоот өрөөнд хохирогч Б.Г нүүр хэсэгт гараараа цохиж, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Э мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч бид хоёр олон жилийн өмнөөс бие биеэ таньдаг, найзын харилцаатай хүмүүс юм. Тухайн үед бид нэгэндээ туньсан байдалтай маргалдаад, би түүнийг цохитол хамраас цус гарахаар нь түүнийг эмнэлэгт хүргэж өгөөд эмчилгээ хийлгэсэн. Тэгээд “чи явж болно” гэж хэлэхээр нь би зам гараад явж байтал намайг орхиод явж байгаа юм уу гэж хэлсэн. Би хохиролд 416 000 төгрөг төлсөн. Уг мөнгийг хохирогчийн хамрын эмчилгээ болон бусад эмчилгээний зардалд төлсөн бөгөөд хохирогчид  цаашид гарах хагалгааны төлбөрийг нэн даруй төлж барагдуулна. Түүнд хагалгаа хийлгэхээр цаг авсан. Мөн түүний цаашид гарсан эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Б.Г мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Twin house” нэртэй зочид буудлын 405 тоотод өөрийн найз Б.Эд зодуулж, хамраа хугалуулсан. Тухайн үед Б.Э нь эхнэртэйгээ муудалцаад байхаар нь би салгах гэтэл миний хамар руу 2 удаа гараараа цохиж, нэг удаа өшиглөсөн. Одоо миний хамар хугарсан байгаа бөгөөд эмнэлэгт мөгөөрс өргүүлэх эмчилгээ хийлгэсэн. Эмч намайг хамрын мөгөөрс тэгшлэх хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Тухайн хагалгаа нь 2 800 000 төгрөгийн үнэтэй гэсэн. Одоогийн байдлаар надад мөнгө байхгүй учир хагалгаа хийлгэж чадахгүй байна. Би мөгөөрс өргүүлэх эмчилгээнд өөрөөсөө 415 200 төгрөгийн зардал гаргасан. Цаашид хамрын мөгөөрс тэгшлэх хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа тул үүнд 2 800 000 төгрөг хэрэгтэй байгаа. Энэ асуудлыг шийдүүлмээр байна. Нэг бол мөнгийг нь гаргуулж авах эсхүл Б.Э нь өөрөө намайг дагуулан явж хагалгаанд оруулж, төлбөрийг төлөх шаардлагатай байна. Би эмчилгээний зардлаа хүнээс зээлж авсан.

Намайг Б.Э дуудаад байсан. Тэгэхээр нь би очсон. Тэгээд ганц хоёр хундага юм л уусан. Тийм их уугаагүй. Эмнэлэг рүү Этай хамт явсан. Эмнэлэг дээр очоод Эыг гадаа байж бай гэж хэлсэн. Тэрнээс явж бай гэж хэлээгүй. Тэгээд үзүүлж дуусаад гараад ирсэн чинь явсан байсан. Намайг харих ямар ч мөнгөгүй үлдээгээд явсан байхаар нь эгч Номинтуяагаас мөнгө асуутал яасан юм гэж асуухаар нь болсон үйл явдлын талаар хэлсэн чинь эгч цагдаад дуудлага өгсөн байсан. Хамар битүүрч байгаагаас өөр зовиур байхгүй. Нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлээд сар гаруй болж байна. Одоо өмнөх эмчилгээний төлбөр 415 700 төгрөгийг Б.Эаас авчих юм бол өөр санал, хүсэлт алга. 6 сарын дараа хамар тэгшлүүлэх хагалгаанд орно.

Сарын хугацаанд эмчилгээ хийлгэж хэвийн болсон тул гомдол саналгүй гэжээ. (хэргийн 9-10, 12, 64 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12705 тоот дүгнэлтэд:

1. Б.гын биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой байна.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Twin House” нэртэй зочид буудлын 405 тоот өрөөнд хохирогч Б.нүүр хэсэгт гараараа цохиж, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12705 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 414 600 төгрөгийн нотлох баримтыг гаргасан ба эмчилгээ хийлгэж хэвийн болсон, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Эд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН