Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

 

 

 

 

 

 

 

2021             01          12                                     38     

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч: М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дт холбогдох эрүүгийн 2005029821742 дугаартай 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам барилгын инженер мэргэжилтэй, “Д.

 

Шүүгдэгч М.Д нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Сын нүүр хэсэгт гараараа цохиж, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний зовхи, хамар, хоёр чамархайд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Д мэдүүлэхдээ:

Хохирогч бид хоёрын дунд маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед хохирогч өөрийгөө “би тэрбумтан” гэж хэлж байсан. Тэгээд би явахдаа “за баян ах гараад ир” гээд таттал хохирогчийн пиджак урагдчихсан. Үүний дараа хохирогч намайг дуудаад, яваад очтол намайг цохисон. Би согтуу байсан тул түргэн уурлаад түүнийг зөрүүлээд нэг удаа цохисон. Дараа нь би “та дүүгээ уучлаарай” гэж хэлтэл “би чамайг цагдаад өгөөгүй, хоёулаа тохиролцъё” гэж хэлсэн. Тэгээд “хоёулаа яаж тохиролцох вэ” гэтэл “би лангуу ажиллуулдаг тул 1 өдрийн 1 000 000 төгрөгийн цалинтай. Надад учирсан гэмтлээс үзэхэд би 7 хоног ажилдаа явж чадахгүй тул 7 хоногийн цалин болох 5 000 000 төгрөг өг” гэж хэлсэн. Би хохирогчийг нэг л удаа цохисон. Хохирогч газар унахдаа нүүр нь зулгарч, хөмсөг нь задарсан байх. Би хохирогчийг олон удаа цохиогүй. Хохирогчийн пиджакийн төлбөрийг төлнө. Эмчилгээний зардлын хувьд би шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж барагдуулна. Хохирогчтой холбогдож “би таныг эмнэлэгт үзүүлье” гэтэл хохирогч “чамтай уулзах шаардлага байхгүй. Намайг дагуулаад эмнэлэг явах хүн байгаа” гэж хэлсэн. Үүний дараа хохирол төлөхөөр гар утас руу залгатал хохирогч гар утсаа авахгүй байсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Э.С мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний хуурай дүү болох Золбоогийн хурим болоод манай эхнэр бид хоёр хуримын үйл ажиллагаа дээр нь очсон юм. Би тухайн хурим дээр согтууруулах ундааны зүйл нэлээн их хэрэглэсэн бөгөөд хуримын үйл ажиллагаа тараад би гадаа гараад байж байтал хуримаа хийсэн Золбоогийн одоо ажиллаж байгаа ажлынх нь газрын Д гэх залуу над дээр ирээд та их баян гэсэн үү гээд надаас хэрүүл нэхээд байсан. Би Д гэх залууд хандаж “чи бид хоёр Золбоогийн хуурай ах учир маргалдаад яах вэ” гэж хэлсэн. Тэгтэл миний өмсөж явсан хослолын зүүн талын энгэрээс гараараа зуурчхаад тавихгүй байсан. Тэгээд би тухайн эрэгтэйг тавиулах гэхэд миний хослолын зүүн талын энгэрийг тэр чигт нь урчхаад яваад өгсөн. Би тухайн хүнтэй ямар нэгэн зүйл ярилгүй орхисон. Тэгээд тухайн хуримд ирсэн хүмүүс болон Золоогийн ойр дотны хүмүүс үргэлжлүүлэн караоке орохоор болсон. Золбоо болон Золбоогийн хуурай ах гэх согтуу залуу бид гурав караоке руу явсан. Би Золбоо болон нөгөө согтуу залуу хоёроос түрүүлээд алхаж явсан ба Лорд гэх ломбард өнгөрөөд явж байтал хуримын үйл ажиллагаа тараад миний хослолыг урсан Д гэх залуу үл таних эрэгтэйн хамт хоёулаа явж байгаад зам дагуу надтай таарсан. Д намайг хараад над руу ирээд миний санаж байгаагаар миний зүүн талын нүд рүү аль гараараа гэдийг санахгүй байна, ямар ч байсан нэг удаа цохисон. Тэгээд би ухаан алдсан. Тухайн эрэгтэй хүн хэдэн удаа намайг яаж цохиж, зодсоныг би сайн мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд би гэмтлийн эмнэлэг дээр очсон, нүдэндээ оёдол тавиулж байсан. Тухайн үед өмсөж явсан пиджак маань хар ногоон өнгийн, даавуун материалаар хийсэн, 2020 оны 7 дугаар сард Улсын их дэлгүүрээс 850 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаагүй. Тархины томографын зураг авхуулж, 100 000 төгрөгөөр эм авч уусан. Миний бие тухайн эрэгтэйд зодуулсны улмаас хорь гаруй хоног өөрийн эрхэлж буй гар утасны дагалдах хэрэгсэл зардаг худалдааны төвийн үйл ажиллагааг явуулж чадаагүй бөгөөд түрээс болон ажилчдынхаа цалинг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 9, 37 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.О мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр найз Золбоогийн хурим болсон юм. Тухайн хурим дээр Золбоогийн хуучин ажлын ах гэх намхан нуруутай эрэгтэй хүн байж байсан. Тэгээд Д бид хоёр очих караоке руугаа алхаад явж байсан бөгөөд тухайн үед гар утсаар хүнтэй яриад явж байсан болохоор болсон үйл явдлыг сайн хараагүй. Золбоогийн хурим дээр уригдаж ирсэн хуучин ажлын ах гэх намхан нуруутай эрэгтэй Дыг дуудаж байх шиг байсан. Тэгтэл гэнэт Д нүүрээ дараад “чи яахаараа намайг цохидог юм” гээд нөгөө эрэгтэй хүний нүүр рүү гараараа нэг удаа цохиод газар унагаачихсан. Тэгээд би тэр хоёр дээр явж очоод Дыг тухайн эрэгтэй хүнээс салгаад, Дт цохиулаад газарт унасан хүнийг газраас босгоход түүний аль гэдгийг санахгүй байна, ямар ч байсан хөмсөг нь сэтрээд маш их цус гарч байсан. Тэгээд би тухайн эрэгтэй хүнийг таксинд суулгаж өгөөд явуулсан. Д бид нар караоке ороод байж байтал түүний нэг нүд нь хавдаад хөхөрсөн байсан гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11607 тоот дүгнэлтэд:

1. Э.Сын биед баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний зовхи, хамар, хоёр чамархайд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Дамно ХХК-ийн 2020 оны 12  дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 287 520 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас) 

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М.Д эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Д нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Сын нүүр хэсэгт гараараа цохиж, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний зовхи, хамар, хоёр чамархайд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.С, гэрч Э.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11607 тоот дүгнэлт, Дамно ХХК-ийн 2020 оны 12  дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.Сын пиджакийг Д урсан тул түүний үнэ 278 520 төгрөг, мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, нийт 295 520 төгрөгийн гэм хорын хохирол учирсан нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 295 520 төгрөг гаргуулж, хохирогч Э.Сд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Э.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Дыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг М.Дт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Даас 295 520 төгрөг гаргуулж, хохирогч Э.Сд олгосугай. 

 

6. Хохирогч Э.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Д цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН