Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

 

 

 

 

 

 

 

   2021         01          12                                         39

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн  прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Год холбогдох эрүүгийн 2005001641751 дугаартай 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Г.

 

Шүүгдэгч А.Г нь үргэлжилсэн үйлдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2019 оны 12  дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвд хохирогч А.Мийн эзэмшлийн Самсунг А-30 загварын гар утсыг хулгайлан авч, түүнд 454 600 төгрөгийн, мөн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн 4 давхрын 157 дугаар лангууны хажууд явж байхдаа хохирогч О.эзэмшлийн “Самсунг А-51” загварын гар утсыг хулгайлан авч, түүнд 759 200 төгрөгийн хохирол, бусдад нийт 1 213 800 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- А.Г мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хулгай хийх зорилгоор Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын үнэлгээтэй маргахгүй. Хохирогч нартай холбоо барьж чадаагүй тул хохирол төлж барагдуулаагүй. Би хулгай хийж олсон мөнгөөр 3 хүүхдэдээ хэрэгцээний зүйл авч, гэртээ нүүрс, түлээ авсан. Би 3-9 насны 3 хүүхэдтэй. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч- А.М мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 17 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын 2 давхарт байрлах 126 тоот лангуун дээрээ ажлаа хийж байгаад гадуур куртикнийхээ халааснаасаа өөрийн Самсунг А-30 маркийн цэнхэр өнгийн гар утсаа хулгайд алдсан. Алдсанаа мэдээд Хархорин захын хяналтын камерыг шүүхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн харагдаж байсан. Тэрнээс өөр сэжигтэй зүйл харагдахгүй байсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан. Гар утсаа 2019 оны 6 дугаар сард Юнителээс 599 000 төгрөгөөр худалдаж авч байсан гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч- О.мэдүүлэхдээ:

Би 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумаас Улаанбаатар хот руу хувийн ажлаар ирээд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хархорин захын 4 давхарт явж байгаад халааснаасаа өөрийн Самсунг А-51 загварын гар утсаа хулгайд алдсан. Тухайн үедээ камер шүүж үзэхэд масктай, нүдний шилтэй хүн байсан санагдаад байна. Хотод манайхан нэг их удаагүй Улаанбаатар хотоос сум руугаа явах замдаа Баянгол дүүргийн цагдаад өргөдөл өгчхөөд хүрээд ирсэн юм. Би Хархорин худалдааны төвд явж байхдаа халаастай юбкатай явж байсан бөгөөд утсаа халаасандаа хийсэн байсан. Гар утсаа алдсаныхаа дараа камерын бичлэг шүүж үзэж байхад миний гар утас халааснаас тал нь шахуу гарчихсан явж байсан. Миний хулгайд алдсан гар утас Самсунг А-51 загварын цайвар ногоон өнгийн гар утас байсан. Би алдсан гар утсаа Теди төвөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хот руу эгч рүүгээ утсаар яриад захиж авхуулж байсан. Одоо надад баталгааны хуудас болон хайрцаг нь байна. 2020 оны 6 дугаар сард 850 000 төгрөгөөр худалдаж авч байсан гэжээ. (хэргийн 94-96 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Н.Д мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Алтансүх овогтой Г гэх хүн 220 000 төгрөгөөр Самсунг А-30 загварын гар утсыг ломбардад барьцаанд тавьсан байна. Тэгээд манай ломбардын барьцааны хугацаа дуусаад барьцааны баримт дээр тэмдэглүүлсэн 80731101 дугаар руу ярьж мэдэгдсэн. Тэгээд мөн дуусаж байгаа талаар утас руу мессеж явуулсан. Тэгээд хугацаа дуусаад сунгахгүй болохоор манай ломбард хохирлоо барагдуулах журамтай байдаг болохоор Самсунг А-30 загварын гар утсыг зарсан. Тэгээд 2020 оны 3 сард тухайн утсыг авсан хүн над руу залгаад цагдаа хулгайн утас байна гэж яриад байна гэхээр нь би цагдаа дээр ирсэн. Самсунг А-30 загварын гар утсыг 350 000 төгрөгөөр зарсан гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.Б мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Мөнх-Эрдэнийн хамт 7 буудлын орчимд машинаа янзлуулаад байж байтал над руу Г 88737129 дугаараас залгаад “хаана байна” гэж асуухаар нь би “7 буудалд машинаа янзалж байна” гэж хэлэхэд “уулзах хэрэгтэй байна” гэхээр нь “хүрээд ирэхгүй юу” гэж хэлсэн. Тэгээд Г удалгүй ирээд цүнхнээсээ дэлгэц нь хагарсан Айфоне экс, Самсунг А-51 маркийн гар утсыг гаргаж ирээд “энэ утсыг ломбардад түр тавья, мөнгөний хэрэг байна. Надад бичиг баримт байхгүй, чамд бичиг баримт байна уу” гэж хэлэхээр нь “надад бичиг баримт байхгүй” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Мөнх-Эрдэнэ гар утас хямдхан авчих гар утас засварчин Батука руу “2 гар утас зарах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд нөхөр Мөнх-Эрдэнэ, Гын хамт гурвуулаа Дэнжийн 1000 руу очиж, Гын авчирсан Айфоне Экс, Самсунг А-51 маркийн гар утсыг 600 000 төгрөгөөр зарсан ба бэлнээр 60 000 төгрөг авч, үлдэгдэл мөнгийг манай нөхөр Мө79 тоот дансанд шилжүүлэн авсан. Тэгээд манай нөхөр Гын данс Хаан банкны данс руу 300 000 төгрөг, ээжийн нь данс руу 200 000 төгрөг шилжүүлсэн” гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Ба мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуучин танил Мөнх-Эрдэнэ над руу 99914366 дугаараас залгаад манай лангуун дээр ирээд “манай найзын утас байгаа юм, хэрэг төвөгт орчхоод зарах хэрэг байна, гайгүй авчхаач гэхээр нь 600 000 төгрөгөөр бараан өнгийн А-51 маркийн гар утсыг авсан. Мөнгийг нь 5017048879 гэсэн данс руу шилжүүлсэн. Утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Мөнх-Эрдэнэ эхнэрийнхээ найз Г гэдэг эмэгтэй хүнээс энэ утсыг авч байсан гэж сая ирэхдээ ярьж байсан гэжээ. (хэргийн 97 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- И мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Бгийн хамт өөрийн машинаа янзлуулаад Чингэлтэй дүүрэгт явж байхад манай эхнэр рүү найз Г нь залгаад уулзмаар байна гэж хэлж байсан. Г удалгүй засварын газарт ирсэн. Ирээд мөнгөний хэрэг гарчихлаа зараад өгөөч гэж хэлээд дэлгэц нь хагарчихсан Айфоне экс болон цэнхэрдүү өнгийн А-51 байсан. Хоёр утсыг Батукад очиж үзүүлээд манай найз мөнгөний хэрэг болоод байна гээд заруулж байгаа юм гэж хэлээд хоёр утсыг цугт нь 600 000 төгрөгөөр өгсөн гэжээ. (хэргийн 105 дугаар хуудас)

 

Дамно ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шүүд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 454 600 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 22-23 дугаар хуудас)

 

Дамно ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шүүд харьцуулалтын аргаар 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 759 200 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 102-103 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч А.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвд хохирогч А.Мийн “Самсунг А-30” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвд хохирогч О.“Самсунг А-51” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.М, О., гэрч Н., И., Д.Ба, Б.Б нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргахгүй байх бөгөөд хохирогч А.Мт 454 600 төгрөг, хохирогч О.759 200 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Гоос 454 600 төгрөг гаргуулж хохирогч А.Мт, 759 200 төгрөг гаргуулж хохирогч О.тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Гыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч А.Гоос

454 600 төгрөг гаргуулж, хохирогч А.Мт,

759 200 төгрөг гаргуулж, хохирогч О.тус тус олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Год хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН