| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08048/и |
| Дугаар | 101/ШШ2017/00854 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2017/00854
| 2017 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2017/00854 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Н холбогдох
2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэгч Ц.*******, бэлэг хүлээн авагч Г.******* нарын хооронд хийсэн Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах, 2014, 2015 оны СӨХ-ны төлбөр 504,215 төтгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г.У
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Ц.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.******* нь анх 2012 онд “Тайм Констракшн” ХХК-тай “Барилгын хэсэгчилсэн хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр хаус буюу хувийн байшин авахаар тохиролцсон боловч 2 тал харилцан зөвшилцөөд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, *******, ******* хотхонд “*******” ХХК-ийн барьж буй барилгад “Барилгын төсөлд хэсэгчилсэн хөрөнгө оруулалтын гэрээ” болгон өөрчлөн орон сууц, авто зогсоол авсан. Энэхүү гэрээг анх байгуулахад тус компанийн борлуулалтын менежер Ц.******* гэгч эмэгтэй компанийг бүрэн төлөөлөх эрхтэй гэж гэрээ байгуулахаас авахуулаад үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, гэрээг өөрөө баталгаажуулсан. Тэрээр гэрээ солигдох үед одоо ямар ч сонголтгүй 1 байр, 1 автомашины зогсоол үлдсэн “тэрийг л ав” гэсний дагуу Рояал Гарден хотхоны 28/10 дугаар байрны 02 тоот байр, 1 ширхэг зогсоол гэж 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Барилгын төсөлд хэсэгчилсэн хөрөнгө оруулалтын гэрээ”-нд тусгаж баталгаажуулсан. Үндсэн гэрээнээс гадна зогсоолын гэрээ гэж тухайн үед байгуулаагүй. Төсөл дуусгавар болж компанийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай материалуудыг бүрдүүлж гэрчилгээ гарсан. Үүний дараа менежер Ц.******* миний үйлчлүүлэгч Ц.*******гийн нөхөртэй уулзаж “би найздаа эндээс зогсоол авч өгөхийн тулд танай эхнэрийн нэр дээр өөр нэг зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэмээд гаргуулчихсан юм” тиймээс та манай найзад тус зогсоолыг “бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлээд өгөөч гэж гуйсан байсан. Ц.******* нь Ц.******* түүний нөхөр хоёрт анхнаасаа танайх 1 зогсоолтой гэж тайлбарласан бөгөөд тэгж гэрээ байгуулсан тул янз бүрийн сэжиг төрөлгүй зөвшөөрсөн. 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн хажууд байрлах нотариатын газар Ц.*******, Ц.*******гийн нөхөрт найздаа өгөх зогсоолыг шилжүүлээд өгөөч гэж хэлсэн бөгөөд түүний дагуу нотариатын газар нь очоод бэлэглэлийн гэрээн дээр нь гарын үсэг зураад явсан. Гэхдээ уг бэлэглэлийн гэрээг хийх үед найз н.******* гэгч нь байхгүй байсан бөгөөд Ц.******* “******* дараа ирээд гарын үсэг зурна, та ажлаа алдаад яахав гарын үсгээ зураад явчих” гэсэн тул би бэлэглэлийн гэрээн дээр гарын үсгээ зураад явсан. Тухайн үед зогсоолыг Ц.*******ынх гэж итгэсэн байсан тул гэрээний хувийг авна гэж ч ойлгоогүй, хожим гэрээний хувийг ч өгөөгүй. Ц.******* нь өөрийнх нь нэр дээр 7 тоот зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсныг анх нотариатын газар ирэхдээ харсан. Өмнө түүнд энэ талаар огт мэдэгдээгүй бөгөөд анх хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт хийгдэх ёстой байсан хоёр зогсоолын гэрээ байсныг Ц.******* нотариатын газар бэлэглэлийн гэрээ хийгдэх үед гаргаж ирээд гарын үсэг зурж баталгаажуулахдаа “миний зогсоол найздаа шилжүүлнэ, би дотроо ажилладаг болохоор болохгүй байсан учир танай нэр дээр энэ зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан юм” гэж тайлбарласан. Байр ашиглалтад орсны дараа манай байрыг хариуцсан “*******” СӨХ-оос манай хаяг дээр 2 зогсоолын ашиглалтын төлбөр гараад байхаар нь Ц.*******ад хэлтэл та санаа зоволтгүй манай найз төлбөрөө төлнө гээд өнгөрсөн. Ц.******* нь энэ 7 тоот зогсоолын ашиглалтын зардлыг уг байр ашиглалтад орсон өдрөөс эхлээд 2015 оны 01 дүгээр cap хүртэл төлсөн. Дахин дахин төлбөрөө төлөөч гэж шаардаад, Ц.******* тодорхой арга хэмжээ авахгүй болохоор нь 2015 оны 9 дүгээр сард “Тайм Констракшн” ХХК-ийн захирал н. гэдэг хүнтэй уулзаж энэ талаар хэлтэл бүх үнэн байдал илэрсэнээр нэхэмжлэгч энэ тухай мэдсэн. Үнэн байдал гэдэг нь компани уг байрыг анх төлөвлөхдөө айл бүрт 2 зогсоол төлөвлөсөн бөгөөд, миний үйлчлүүлэгчийн байр мөн адил 2 зогсоолтой байсан байна. Тус компаний захиралд Ц.*******ын баталгаажуулж өгсөн “Барилгын төсөлд хэсэгчилсэн хөрөнгө оруулах гэрээ”-ний 1 зогсоолтой гэх гэрээний хувийг гаргаж үзүүлтэл захирал нь компанид хадгалагдаж буй гэрээний хувийг гаргуулж өгсөн бөгөөд тэрэн дээр гараар нэмж нэг зогсоол гэж бичсэн байсан. Мөн компаний зүгээс танайх бэлэглэлийн гэрээгээр 7 тоот зогсоолоо зарсан юм биш үү гэж дээр дурьдсан 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээний хуулбарыг гаргаж ирсэн. Ингээд захирал н. энэ барилгын төсөл анхнаасаа айл бүрт 2 зогсоол төлөвлөсөн гэдгийг хэлж, борлуулалтын менежер Ц.******* танай зогсоолыг худал хэлж бусдад зарсан байна гэдгийг хэлсэн. Иймд тус компанийн борлуулалтын менежер Ц.******* гэгч нь компаний зүгээс олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг анх төлөвлөсний дагуу айл бүрт 2 зогсоолын гэрчилгээний хамт өгөх байсныг зөвхөн нэг зосоол буюу 8 тоот гэрчилгээний хамт өгч, анхнаасаа Ц.******* түүний нөхөр хоёрыг хууран мэхэлж сонголтгүй 1 байр, 1 зогсоолтой байгаа гэж гэрээ байгуулан баталгаажуулж, нэг хувийг нэхэмжлэгчид өгөөд харин компанид үлдсэн гэрээнд “гараар засвар оруулан 2 зогсоолтой болгосон” байна. Өөрөөр хэлбэл анх гэрээ байгуулах үеэс бүх зүйлийг төлөвлөж бидэнд хуваарилагдсан байсан зогсоолыг хууран мэхлэн бусдад шилжүүлэх зорилготой байсан нь илэрхий байна.
|
|
Ц.******* нь 7 тоот зогсоолыг найздаа шилжүүлэх өөрийнх нь зогсоол гэж намайг хууран мэхэлж компанитай хамтран ажилладаг Хан-Уул дүүргийн дэргэд байрлах нотариатч С. дээр Ц.*******г дуудуулж бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зуруулж бичиг баримтаа бүрдүүлж авсан байна. “Тайм Констракшн” ХХК-ийн борлуулалтын менежер Ц.******* нь анхнаасаа нэхэмжлэгч Ц.******* болон түүний нөхөр хоёрыг хууран мэхэлж тэдний байранд төлөвлөгдсөн байсан зогсоолыг өөрийн зогсоол мэт итгүүлж нэхэмжлэгч Ц.******* түүний нөхөр хоёрыг хууран мэхэлж үл таних хүнд 10,000,000 /арван сая/ төгрөгөөр үнэлэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн тус үйлдэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан “Хууран мэхэлж хийсэн хэлцэл” байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь анх 2013 оны 6 дугаар сарын 08-нд “Тайм консракшн” ХХК-тай “БТХХО гэрээ”-гээр Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Махамата Гандигийн гудамж, төв цэнгэлдэх урд талд, Апартмент буюу хувийн байшин /хаус/ авахаар тохиролцсон боловч 2 тал харилцан зөвшилцөөд 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан болгож дахин гэрээ байгуулсан, мөн гэрээтэй хамт 07, 08 дугаар автозогсоолын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан/ Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, /17013/, тоот, 229.18 м.кв орон сууц болгон өөрчлөн орон сууц, авто зогсоолыг /08 тоот/ гэрээний дагуу шилжүүлэн авсан байна. Анх байгуулсан гэрээ /2013 оны 06 дугаар сарын 08/-нд зогсоол 1 ширхэг байна гэж тусгасан бөгөөд, авто зогсоолын гэрээг тусад нь байгуулаагүй байна. Дахин байгуулсан авто зогсоолын хөрөнгө оруулалтын гэрээг /07, 08-р зогсоол/ 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тусад нь байгуулсан ба Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийн жагсаалтад “авто зогсоолын төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт” шаардлагатай учир Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн хэлтэст “Тайм консракшн” ХХК-ийн захирал Б.гийн 07 тоот авто зогсоолын өмчлөх эрх шилжүүлэх тухай гэсэн тодорхойлолт явуулснаас үзэхэд анхнаасаа Ц.*******д 2 зогсоол хуваарилагдаж, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. Хариуцагч Ц.******* нь хууран мэхлэх санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгчид 2 зогсоолыг гэрчилгээний хамт өгөх байсныг зөвхөн 08 тоот авто зогсоолын гэрчилгээг өгч, 07 тоот авто зогсоолын гэрчилгээг “би найздаа эндээс зогсоол авч өгөхийн тулд танай эхнэрийн нэр дээр өөр нэг зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэмээд гаргуулчихсан юм” гэж хэлж анхнаасаа бодит нөхцөл байдлын талаар нуун дарагдуулж, 1 байр 1 авто зогсоол хуваарилагдсан мэтээр нэхэмжлэгчид бат итгүүлсэн байна. Мөн Ц.******* нь нэхэмжлэгчийг төөрөгдөхийг мэдэж, зорилгоо болгож, хуваарилагдсан байсан 07 тоот авто зогсоолыг өөрийнхөө зогсоол гэж итгүүлэн хууран мэхлэн бэлэглэлийн гэрээ байгуулахад хүргэж бусдад буюу Г.*******д худалдах зорилготой байсан нь тодорхой харагдаж байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно” гэж заасны дагуу бэлэглэлийн гэрээний нэг тал болох Г.******* нь бэлэглэлийн гэрээний үндсэн дээр авто зогсоолыг Ц.*******гээс шилжүүлэн аваагүй, харин Ц.*******аас 34,000,000 төгрөгөөр авто зогсоолыг худалдан авсан тул хариуцагчийн дээрх хууран мэхлэх үйлдлийн талаар мэдэж байсан нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл эрхийн зөрчилтэй эд хөрөнгө гэдгийг анхнаасаа мэдэж байсан хэрнээ өөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн хариуцагч Ц.*******аас үнийн төлж авсан байна. Иймээс уг бэлэглэлийн гэрээгээр 07 тоот авто зогсоолыг шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл юм. Дээрх 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийн тухай 2010 оны Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарт: А. “Энэ зохицуулалтаар гуравдагч этгээдийн үйлдсэн хууран мэхлэх үйлдлийг зохицуулна. 59.1 болон 59.2-т заасан тохиолдолд хууран мэхэлсэн үйлдэлд хууран мэхлэгч, мэхлэгдэгч гэсэн зөвхөн хоёр этгээд оролцсон байна. Харин тухайн хэлцэлд оролцоогүй гуравдагч этгээд хууран мэхлэгч байж болно. Энэ тохиолдолд хэлцлээс ашиг олж байгаа зарга үүсгэгчийн эсрэг тал хууран мэхлэх үйлдлийн талаар мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой, боломжтой байсан нь илэрхий нөхцөлд нэхэмжлэл гарган хэлцлийг, хүчин төгөлдөр тооцуулахаар маргаж болно” гэжээ.
Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Ц.*******гийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Г.*******тай хийсэн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, 2014 онд 304,672 /гурван зуун дөрвөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг, 2015 оны 5 дугаар cap хүртэл 163,543 /нэг зуун жаран гурван мянга таван зуун дөчин гурав/ төгрөг, нийт 504,215 /таван зуун дөрвөн мянга хоёр зуун арван тав/ төгрөгийг тус зогсоолын СӨХ-ны төлбөрт өөрсдөө эзэмшиж ашиглаагүй байж төлсөн тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.******* /Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 28/10-02 тоот/-гийн гаргасан 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэгч Ц.******* бэлэг хүлээн авагч Г.******* нарын хооронд хийгдсэн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.******* нь нэхэмжлэлд олон зүйлийг худал зохион бичиж намайг гүтгэсэнд гомдолтой байгаа бөгөөд шүүхэд бүрдүүлсэн материалд 2 авто зогсоолын гэрээ, гараар засвар оруулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2014, 2015 оны зогсоолын сар бүрийн нэхэмжлэл төлсөн баримтыг дутуу бүрдүүлж өгсөн байна. Анхнаасаа “Тайм Констракшн” ХХК нь 18 айлд тус бүр 1 гараж төлөвлөсөн. 2 гаражаар төлөвлөсөн бол 36 ширхэг байх ёстой. Зургаар бодитоор төлөвлөгдсөн нь нийт 30 ширхэг зогсоолтой болно. Байран доор 24 зогсоол, үйлчилгээний төвийн доор 6 гараж хийгдсэн. Тухайн гэрээ хийх үед борлогдоогүй 1 байр 1 авто зогсоол үлдсэн байсан. Ц.******* нь манай хамгийн сүүлд борлуулалт хийгдсэн айл болно. Бусад байр зогсоол 2011-2012 оны сүүл гэхэд гэрээ хийгдэж дууссан байсан. Компаниас Ц.*******гийн нэр дээр гэрчилгээг шилжүүлэхэд анхны гэрээнд зогсоолын дугаар бичигдээгүй тул үл хөдлөхийн гэрчилгээ гарах үед “Тайм Констракшн” ХХК-иас дахин хөрөнгө оруулалтын гэрээг 2 гаражийн гэрээний хамт хийж Ц.*******гээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Дараа нь Ц.*******гийн нэр дээр орон сууц 2 авто зогсоолын гэрээ шилжихэд нотариат дээр Ц.******* өөрөө гарын үсгээ зурж шилжүүлсэн. Ц.*******гийн нөхөр н.Батбаяр нь анх манайд 2 зогсоол шаардлагагүй 1 машинаа манайх өөрийн компанийн байранд тавьдаг гэсэн. “Эм Ди Жи проперти” СӨХ нь 2014 оны 12 дугаар сард байгуулагдсан, 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс авто зогсоолын төлбөр айлуудаас хурааж ирсэн. 2014 онд бүх айлуудаас зогсоолын төлбөр хураагдаагүй зөвхөн ашиглалтын төлбөр хураагдсан. 2014 онд Ц.******* өөрөө 7 тоот зогсоол дээр машинаа тавьж ашиглаж байсан. 2014, 2015 оны ашиглалтын төлбөрийн нэхэмжлэл, төлсөн баримт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт шилжүүлэхэд бүрдүүлсэн гаражийн гэрээнүүд шүүхэд өгсөн материалд хавсаргаагүй байна. Компанид байгаа гэрээнд би гараараа 2 гараж гэж засвар хийж бичээгүй болно. Уг гэрээ хууран мэхэлсэн зүйл байхгүй эхнээсээ хуулийн дагуу хийгдэж ирсэн. 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс төлөгдөөгүй 163,543 төгрөгийг төлөөгүй удаасан буруу байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.*******гийн нэхэмжлэлтэй, Ц.*******ад холбогдох Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардлагатай иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Г.******* миний зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн зүйл болсон Бэлэглэлийн гэрээ нь ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй, миний зүгээс бэлэглэгчийг хууран мэхэлсэн асуудал огт байхгүй юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус байна. Тус орон сууц нь 18 айлын орон сууцтай бөгөөд зурагт 24 гаражтай гэснээс үзэхэд айл бүрт 2 гараж хуваарилагдсан байх үндэслэлгүй юм. Сонголтгүй нэг гаражтай байсан гэж итгүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, түүнчлэн нотариатч дээр гарын үсэг зурахдаа нэхэмжлэгч нь миний нэр дээр гараж байдаг гэдгийг мэдэж, бэлэглэлийн гэрээ хийсэн, огт мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Г.Уянгын гэр нь тэр гаражийн ойролцоо байдаг учраас худалдан авсан байдаг. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар мэдсэн, мэдэх ёстой байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Г.******* нь Ц.*******г танихгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.*******гийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэхээр байна. 7 тоот гараж нь анхнаасаа Ц.*******гийнх байгаагүй гэж үзэхээр ийм нөхцөл байдал байхад ямар байдлаар хууран мэхэлсэн нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ц.*******ад холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэгч Ц.*******, бэлэг хүлээн авагч Г.******* нарын хооронд хийсэн Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах, 2014, 2015 оны СӨХ-ны төлбөр 504,215 төтгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсан бөгөөд эцсийн байдлаар Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон болно.
Хариуцагч Ц.******* нь бэлэглэлийн гэрээгээр 7 тоот гаражийг гуравдагч тэгээд Г.*******д шилжүүлсэн үйлдэлд миний зүгээс Ц.*******г хууран мэхэлсэн зүйлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь “Тайм констракшн” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Барилгын төсөлд хэсэгчилэн хөрөнгө оруулах гэрээ”-г байгуулж, Роял гарден хотхоны апартмент 1 дүгээр давхрын 02 тоот, нийт 229.18 мкв талбайтай, барилгын үнэ нь 527,114 ам.долларын үнэтэй, 1 ширхэг зогсоолын үнэ 12,000 ам.доллараар тооцож, нийт 539,114 ам.доллараар тохирч гэрээ байгуулжээ.
Түүнчлэн Ц.******* нь “Тайм констракшн” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 12/09/15-01, 12/09/15-02 дугаартай “Автозогсоолын хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион-Оргил /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө 28/10 дугаар байрны зоорийн давхарт байрлах, тус бүр нь 18 мкв талбайтай 7 болон 8 тоот автозогсоолын талбайд хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон байна.
Уг гэрээний дагуу 8 тоот автозогсоолыг нэхэмжлэгч Ц.******* нь өмчилж байгаа талаар маргаан гаргаагүй болно.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион-Оргил /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө 28/10 дугаар байрны зоорийн давхрын зохион байгуулалтаас харахад 24 автомашины зогсоолтой байх бөгөөд 18 айл бүрт 2 ширхэг автозогсоол хуваарилагдсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.
Ц.*******гийн “Тайм констракшн” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 12/09/15-01 тоот гэрээг үндэслэн “Тайм констракшн” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 14/07/21-01 тоот албан бичгийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулсан байх бөгөөд уг албан бичгээр “хөрөнгө оруулагч Ц.******* нь гэрээний үүргийг бүрэн биелүүлж, төлбөрийг 100 хувь төлсөн болно… уг автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг хүсье” гэжээ.
Уг албан бичгийг явуулсан өдөр буюу 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион-Оргил, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 28/10 дугаар байр, зоорийн давхрын 7 тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн гаражийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэгч Ц.*******гийн өмчлөлд бүртгэгдэн олгогдсон байна.
Хэдийгээр “Тайм констракшн” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт ийм агуулгатай албан бичиг хүргүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ Ц.*******гийн нэр дээр гарсан боловч уг 7 тоот автозогсоолын үнийг Ц.******* нь “Тайм констракшн” ХХК-д бодитоор төлөгдөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Мөн 7 тоот автозогсоолын төлбөрийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.
Нэхэмжлэгч Ц.*******, гуравдагч этгээд Г.******* нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ” байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион-Оргил, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 28/10 дугаар байр, зоорийн давхрын 7 тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн гаражийг бэлэглэлийн дагуу шилжүүлж, гэрээ байгуулсан өдөр Г.*******д өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, 2014 оны 12 дугаар сараас 7 тоот автозогсоолд Г.******* нь бодитоор өөрийн автомашиныг тавьж эхэлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү Ц.******* нь Г.*******д автозогсоолыг шилжүүлэхдээ хариуцагч Ц.*******ад Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно” гэж зааснаар хууран мэхлэгдсэн гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.
Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд хууран мэхлэгч этгээд нь хэлцэлд оролцоогүй гуравдагч этгээд байж болох боловч Ц.*******, Г.******* нарын хооронд байгуулсан гэрээнээс Ц.******* нь ашиг хонжоо олсон болон хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь хууран мэхлэгдсэн гэдгээ 2015 оны 9 дүгээр сард “Тайм констракшн” ХХК дээр очиж байж мэдсэн, энэ талаар гэрчийн мэдүүлэгт байгаа боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Ц.******* нь “Тайм констракшн” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 7 тоот автозогсоолын гэрээг байгуулж, Г.*******тай 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээг байгуулсан зэрэг цаг хугацаанд Ц.******* нь өөрийгөө хууран мэхлэгдсэнийг мэдэх ёстой байсан байна гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар аль аль хугацаагаараа мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
“Эм Ди Жи проперти” СӨХ-ны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай албан бичгээр 2014, 2015 онд 7 болон 8 тоот автозогсоолын ашиглалтын төлбөрийг Ц.******* төлж байсан гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөнийг үндэслэн нийт 504,215 төгрөгийг хариуцагч Ц.*******аас нэхэмжилж байх бөгөөд энэхүү төлбөрийг хэрхэн төлсөн болох нь бусад бичгийн баримтаар нотлогдоогүй, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ц.******* ашиглалтын зардалыг төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.*******ад холбогдуулан гаргасан “2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэгч Ц.*******, бэлэг хүлээн авагч Г.******* нарын хооронд хийсэн Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах, 2014, 2015 оны СӨХ-ны төлбөр 504,215 төтгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ