Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 34

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхнят,

улсын яллагч Б.Соёлмаа,

хохирогч Ч.Батбаяр,

шүүгдэгч М.Оюунбаатар, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

шүүгэгдч Н.Өлзийбаатар, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Мягмарсүрэнгийн Оюунбаатар, Соном овогт Намжилсүрэнгийн Өлзийбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526030498 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

            1. Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Сөүл вилл” ХХК-нд мужааны туслах ажил хийж байсан, ам бүл 3, эхнэр, 4 настай хүүхдийн хамт, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Булганы 6А-07 дугаар гудамжны 04 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 2 дугаар хэсэг, 14-751 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

            -1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйийн 1, 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

            - 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 158 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

            - 2005 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 278 дугаар зүйлийн 278.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            - 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Оюунбаатар /РД:  ГЕ83081813/.

 

2. Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Шангрила төвд мужааны туслах ажил хийж байсан гэх, ам бүл 5, эхнэр, 1-13 насны 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 1 дүгээр баг Шаргад оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 15-464 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Соном овогт Намжилсүрэнгийн Өлзийбаатар /РД: ЙЙ89012910/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар

 

 

Шүүгдэгч М.Оюунбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг Халдвартын клиникийн эмнэлгийн ажилчдын 2 дугаар байрны урд хэсгийн гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр Ч.Батбаярын нүүр рүү цохиж унагаан Н.Өлзийбаатартай бүлэглэн түүний нүүр, толгой руу өшиглөж биед нь баруун нүдний ухархайн дотор хана, гайморын хөндийн хана, хамар ясны нийлмэл хугарал, баруун зовхи шанаанд цус хуралт, баруун хөмсөг дээд уруулд няцарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Н.Өлзийбаатар нь М.Оюунбаатартай бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг Халдвартын клиникийн эмнэлгийн ажилчдын 2 дугаар байрны урд хэсгийн гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр Ч.Батбаярын нүүр, толгой руу өшиглөж биед нь баруун нүдний ухархайн дотор хана, гайморын хөндийн хана, хамар ясны нийлмэл хугарал, баруун зовхи шанаанд цус хуралт, баруун хөмсөг дээд уруулд няцарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Ч.Батбаяр: “...Би өөрөө зайсанд амьдардаг байсан. 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Зайсанд голын эрэг дээр найзуудтайгаа пиво ууж байгаад буцаад Алтангэрэл, Давааням хоёрыг гэрт нь хүргэж өгөөд алхаж байсан. Тухайн үед миний утасны төлбөр гарч дуудлага хийх боломжгүй байсан болохоор би такси дуудаж чадахгүй, такси барихаар явсан. Намайг алхаад явж байтал 3 залуу хашааны хажууд маргалдаад зогсож байсан. Тэгээд намайг дуудахаар нь би жаахан халамцуу байсан болохоор “чи намайг дууддаг хэн юм бэ” гээд яваад очтол Оюунбаатар нь эхлээд миний нүүр рүү цохьсон. Би газар унасан чинь хоёр шүүгдэгч нийлээд намайг зодсон. Тухайн үед би ухаан алдсан. Нэг мэдэхэд ганцаараа газар хэвтэж байсан. Босч ирээд буцаад найзынх руугаа явсан. Тэнд Эрдэнэбаяр гэдэг залуу явж байхаар нь ахыг нь хүн зодчихлоо гэж хэлэхэд тэгвэл сая Давхарбаярынд 3 согтуу залуу байсан. Тэр гурав таныг цохьсон юм байна гэсэн. Тэгээд цагдаа дуудаж, тэр шөнөдөө Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Гомдол саналын хувьд бол Өлзийбаатарын ар гэрээс надтай байнга холбогдож 2,796,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохоор би гомдол, саналгүй.  Оюунбаатарын хувьд эхнэр нь 2 удаа ирж уулзсан, өөрөө 1 удаа ирж уучлалт гуйсан. Хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Би зөвхөн байгаа баримт болох хагалгааны төлбөрөө нэхэмжилсэн. Бусад төлбөрийг нэхэмжлээгүй. Би Оюунбаатараас эмчилгээний зардалд 2,796,000 төгрөгийг нэхэмжилж байна. Оюунбаатарт гомдол санал байхгүй...” гэв.

           

Шүүгдэгч М.Оюунбаатар: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Н.Өлзийбаатар: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

                                              

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Туул гол дээр найз Даваанямын хамт байж байгаад 01 цагийн орчим Зайсангийн 4 дүгээр хэсэгт байрлах гэрт нь Даваанямыг хүргэж өгөөд буцаад 4 дүгээр хэсгийн гудамжаар доошоо уруудаад такси барихаар явж байхад гудамжны үзүүрт үл таних 3 залуу зогсож байсан бөгөөд намайг пизда минь хүрээд ир гэж дуудсан. Хүн дууддаг хэн бэ гэж хэлээд явахад нэг залуу нь ирээд миний баруун нүд орчим чулуугаар цохих шиг болсон. Би нүдээ дараад доош суусан. Тэгэхэд намайг өшиглөсөн ба хэн өшиглөснийг хараагүй. Би тэр газраа хэсэг хэвтэж байгаад босоод харахад тэр гурван  залуу зугтсан байсан. ...3 залуугийн нэг нь хөөе чи наашаа хүрээд ир гээд дуудсан. Би юу болсон бэ гээд очтол янз бүрийн зүйл хэлээд тэр залуучуудтай маргалдсан. Би өөрөө бас бага зэрэг халамцуу явж байсан болохоор маргаан болтол тэр 3 залуугийн голд байсан байх нэг өндөр биеэрхүү залуу нь намайг гартаа барьж байсан чулуугаараа миний нүүрэн тус газар 1 удаа маш хүчтэй цохьсон. ...Миний нүүрэн дээрээс эхэлж цохьсон махлаг залуу болон түүнтэй хамт зогсож байсан дунд зэргийн нуруутай залуугийн хамтаар миний нүүрэн дээрээс дэвсээд өшиглөөд байсан. ...Нэг сэрсэн чинь хүн байхгүй, би нөгөө гудамжиндаа ганцаараа сэрээд Алтангэрэлийн гэр рүү явсан. ...Миний зүс таних Эрдэнээ гэж залуутай тааралдаад ах нь хүнд зодуулчихлаа 3 залуу харсан уу гээд асуусан чинь манай хажуу хаалганы Давхарбаярын гэрээс 3 согтуу залуу гараад явсан. Тэр 3 залуу таныг зодуулсан гээд байгаа газар зогсож байсан. Тэд нар л таныг цохиж зодсон байх гэж хэлсэн. Намайг тэр хавьд цагдаа хүлээгээд байж байхад Давхарбаяр гэрээсээ гарч ирээд хашаандаа та 3 манай Зайсангийн болохгүй хүнийг зодсон байна гээд утсаар яриад байна гээд надад ирж хэлсэн. Цагдаагийн албан хаагч нар ирэхээр нь хэлж мэдэгдсэн. ...Би өмнө нь тэнд амьдарч байсан болохоор таньдаг хүүхэд, залуулчууд юм байх даа гээд яваад очтол чи хэн бэ гээд маргаан болсон. Надад учирсан гэмтлийн баруун нүдний ухархайн дотор хана, гайморын хөндийн хана зэрэгт учирсан гэмтлийг Оюунбаатар ганцаараа гартаа барьсан чулуугаар цохьсон. Харин бусад хамрын ясны нийлмэл хугарал, баруун зовхи, шанаанд цус хуралт, баруун хөмсөг, дээд уруулд няцарсан шархыг Оюунбаатар, Өлзийбаатар нар нь нийлээд дээр өшиглөөд байсан болохоор яг хэн нь аль гэмтлийг учруулсан талаар мэдэхгүй байна. ...Алтанхуяг надад гар хүрээгүй. ...Надад эмчилгээний зардад 6,400,000 орчим төгрөгийн зардал гарсан. Баримт нь байгаа. Нүдэнд тавьсан металлыг авахуулахаар БНСУ-д явж хагалгаанд орох шаардлагатай. ...Би Оюунбаатар, Өлзийбаатар, Алтанхуяг нарыг хэл амаар доромжилсон, янз бүрийн хүний дургүйг хүргэхээр уг хэлээгүй. Би Оюунбаатарыг цохих ямар ч боломж байгаагүй. Эхний цохилтоор нь газар унасан. ...Би баримтаар 5,592,000 төгрөгийн хагалгаанд орсон баримт өгсөн. Энэ мөнгийг л нэхэмжилж байна. Уг нь эмнэлгээр маш олон удаа явсан. Тэрний баримт нь надад байхгүй учраас тэрийг би нэхэмжлээгүй. Гадаад улс руу явах зардал болон эмчилгээний зардал гэж нэхэмжлээгүй. Тэрийг одоо нэхэмжлэхгүй...” /хх-ийн 8, 96, 138-139/ гэсэн,

 

Гэрч С.Давхарбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын дундуур Өлзийбаатар, Алтанхуяг, Оюунбаатар гурав 22 цагийн үед ирсэн. Тэд хүүхдийг чинь эргэж ирж байна гээд дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “ЭКС” архи, чихэр жимс авсан. Бид дөрөв манай хашаан дотор суугаад нэг шил архи  уугаад салцгаасан. Тэд нарыг явахад 00 цаг орчим болж байсан. ...Маргааш өглөө нь хажуу айлын хүүхэд надад Батбаяр ахыг цохиж зодсон юм шиг байна лээ гэхээр нь би Өлзийбаатар, Алтанхуяг хоёрын нэг рүү нь залгаад та нар өчигдөр орой манайхаар гараад явахдаа хүнтэй зодолдож маргалдсан юм уу, аятайхан гэртээ харьчихгүй яасан юм бэ гэж утсаар ярьсан...” /хх-ийн 10, 142/ гэсэн,

 

Гэрч М.Саранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын дундуур 23 цагийн үед манай гэрт зүс үзсэн Оюунбаатар ирээд Өлзийг дуудаад аваад явсан. ...Тэр орой нь 02 цагийн үед архи уусан байдалтай орж ирээд унтаад өгсөн...” /хх-ийн 12/ гэсэн,

 

Гэрч Т.Давааням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын 20-нд ...Батбаяр бид хоёр бага байхын нэг ангийн найзууд байгаа юм. Тэгээд Алтангэрэл гэх найзыгаа дуудаад бид 3 дэлгүүрээс хэдэн шилтэй пиво аваад хойшоогоо гол ороод голын эрэг дээр сууж байгаад пивоо уусан. Орой болоод харихаар бид нар Алтангэрэлийн гэрт  нь очоод үргэлжлүүлээд нэг шил архи уусан юм. Орой болоод Батбаяр бид хоёр Алтангэрэлийн гэрээс гараад харихаар явсан. Тэндээс гэр маань ойрхон учраас харилаа гээд цаашаагаа Батбаяр харихаар явсан. Батбаяр намайг гэр рүү дөхүүлж өгчихөөд такси бариад харина гээд салаад явсан. ...Надаас салаад явахдаа Батбаярын хувьд нилээн согтолттой байсан. ...Батбаяртай маргааш нь ярьсан чинь харих гэж явж байгаад замдаа гудамжинд 2-3 хүнд зодуулсан гэж хэлсэн. ...Сүүлд сураг сонсоход Алтанхуяг гэх манай тэр хавийн залуугийн найзууд болох Оюунбаатар, Өлзийбаатар гэх залуучуудад зодуулсан гэж ярьж байсан. ...Алтангэрэл, Батбаяр бид 3 хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийсэн зүйл байхгүй...” /хх-ийн 97/,

 

Гэрч Ц.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад манай 10 жилийн ангийн найзууд болох Батбаяр, Давааням хоёр манай гэрт ирээд тэр хоёрын хамтаар буцаад гарсан. ...Батбаяр, Давааням хоёр харихаар манай гэрээс гараад явсан. Удалгүй Батбаяр манай гэрт эргэж орж ирээд Даваанямыг дөхүүлээд өгчихлөө би одоо харилаа гээд манайхаас гарсан. ...Батбаяр гарснаас хойш 10 орчим минут болсон байх эргээд манай гэрт Батбаяр ороод ирсэн. Гудамжинд танихгүй 3 залууд зодуулчихлаа гэж хэлэхээр нь харсан чинь нүүр, хамар хэсгээс нь бөөн цус гарсан, толгой тархи нь хавдсан харагдаж байсан. ...Манай Зайсангийн тэнд амьдардаг Эрдэнэбаяр гэх залуу Давхарбаяр гэх айлаас 3 залууд гараад явсан. Тэр залуучууд зодсон байх гэхээр нь Давхарбаярын гэрт нь ороод асуусан чинь тийм хүн байхгүй гэж хэлсэн. Би сайн мэдэхгүй, өөрөө жоохон уусан байсан учраас мэдэхгүй байна. Зугтаагаад явсан гэх зүйл ярьсан санагдаад байна. ...Давааням, Батбаяр бид гурав хоорондоо ерөөсөө хэрүүл маргаан, зодоон хийсэн зүйл огт байхгүй...” /хх-ийн 98/ гэсэн,

 

Гэрч Н.Эрдэнбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын 20-ны орой 00 цагийн үед байх өөрийн амьдарч байсан гэрээсээ гараад тамхи татахаар гадаа гараад зогсож байсан чинь манай Зайсангийн энд амьдарч байсан Батбаяр ахтай тааралдахад хөмсөгнөөс нь цус гарсан, хувцас хунар нь шороо болсон байдалтай байхаар нь уулзаад та яасан бэ гээд асуухад ахыг нь харин манай гэрийн доод талын гудамжинд үл таних 3 залуу зодчихлоо гэж хэлсэн. ...Тэр өдөр манай хажуу талын хашаанд байдаг Давхарбаярын хашаад танихгүй хүмүүс архи ууж байсан юм. ...Батбаяр ахаас салаад гэртээ хариад байж байгаад гэрийнхээ гадаа бие засахаар гарсан чинь хажуу талын Давхарбаяр утсаар та нар Батбаярыг зодчихсон байхын эвтэйхэн уухгүй гээд утсаар яриад байсан. ...Буцаж гараад Батбаяр ахыг хайгаад явж байгаад тааралдаад манай хажуу талын Давхарбаяр сая хашаан дотроо та  хоёр хүнтэй маргалдсан юм уу, Баагийг зодчихсон байна шүү дээ гээд утсаар яриад байна гэдгийг нь хэлээд гэртээ ороод унтаж амарсан...” /хх-ийн 140-141/ гэсэн,

 

 Шинжээч эмч Н.Туяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хатуу мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр дээрх гэмтлүүд учрахгүй. ...Хатуу мохоо зүйлд гараар цохих, хөлөөрөө өшиглөх, чулуу, мод зэргээр бүхий л зүйл хамаарагдана...” /хх-ийн 143-144/ гэсэн,

 

            Н.Алтанхуяг мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Батбаяр Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуульд намайг 8 дугаар анги төгсөхөд 6 дугаар ангид сурдаг байсан юм. ...2015 оны 06 дугаар сарын сүүлээр Давхарбаярын гэрээс Оюунбаатар, Өлзий бид гурав гараад явж байхад Батбаяр нэг залуугийн хамт миний хажуугаар гарахдаа шүргээд гарсан. Оюунбаатар чи яаж байна аа гээд Батбаярын нүд орчимд нь 2 удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би салгаад явсан. ...Блокон хашааны булангаар нь залуу хашгираад гарч ирсэн ба Оюунбаатар тэр залуутай маргаж байгаад тэр залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. ...Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна... /хх-ийн 21, 99/ гэсэн,

 

            Шүүгдэгч Н.Өлзийбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад 20 цагийн үед Оюунбаатар ирсэн. Оюунбаатар бид хоёр Давхарбаяртай уулзъя гэж яриад Зайсан руу явсан. Бид 2 Зайсан руу явж байхдаа Алтанхуягтай утсаар ярьсан чинь гэртээ байна гэхээр нь гэрт нь очсон. Алтанхуягийг аваад Давхарбаярын гэр рүү явсан. ...Давхарбаяр, Оюунбаатар, Алтанхуяг бид дөрөв хашаанд нь сууж байгаад нэг архиа ууж дуусгаад 23 цагийн үед Алтанхуяг, Оюунбаатар бид гурав гараад явсан. Бид гурвыг харихаар явж байхад өөдөөс нэг залуу Зайсангийн атмаануудыг чинь нүдчихээд ирлээ, та нар яадаг юм бэ гээд хүрээд ирсэн. Оюунбаатар яв яв гэж тэр залууд хэлэхэд та нар юу юм бэ гэж хэлээд Оюунбаатарын шанаа руу нь нэг удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь Оюунбаатар зөрүүлээд толгой руу нь гараараа нэг удаа цохьсон. Тэр залуу доош газар суухаар нь бид нар явъя гээд яваад өгсөн. ...Алтанхуяг бид хоёр Батбаярт гар хүрсэн зүйл огт байхгүй...” /хх-ийн 100, 103-104/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Оюунбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Давхарбаярын хашаад бид дөрөв сууж байгаад архи хувааж уугаад 00 цагийн үед харихаар явж байгаад нэг залуугийн хажуугаар зөрөөд бид нарыг хөөе гэж дуудсан. Яасан бэ гэхэд би Зайсангийн атмаануудыг нь чинь зодчихоод явж байна, та нарыг яавал ч яана шүү гэхээр нь би зөрүүлээд дуугүй яв гэж хэлэхэд дуу хорьдог хэн бэ гээд надтай зууралдаж байгаад миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохихоор нь зөрүүлээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгэхэд Алтанхуяг больцгоо явъя гэхээр нь би ч гэсэн явъя гээд яваад өгсөн. ...Урьд өмнө нэг нэгийгээ хараагүй, өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Би Батбаярыг нэг л удаа гараараа цохьсон. Өлзийбаатар, Алтанхуяг хоёр ерөөсөө гар хүрээгүй. ...Би 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн цагаасаа өргөмөл эцэг Ганбат гэдэг хүнээр 2007-2008 он хүртэл овоглож явсан. Тэгээд өөрийн төрсөн эцэг Мягмарсүрэнгээр 2008 оноос хойш овоглож байна...” /хх-ийн 101, 106-107, 162/ гэсэн мэдүүлгүүд,

 

            - Хохирогч Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 9358 тоот акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Батбаярын биед баруун нүдний ухархайн дотор хана, гайморын хөндийн хана, хамар ясны хугарал, баруун зовхи, шанаанд цус хуралт, баруун хөмсөг, дээд уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 14/ гэсэн дүгнэлт,

            - Шүүгдэгч М.Оюунбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 164-165/,

            - Шүүгдэгч Н.Өлзийбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121, 163/,

            - Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 32-34, 92, 166-168/,

            - Өвчний түүх /хх-ийн 42-54/,

            - Эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 150-155/,

            - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 69-74/,

            - Сэжигтнийг баривчлах тогтоол /хх-ийн 85/,

            - Хохирогч Ч.Батбаярын хэрэгт хавсаргуулсан гэрэл зургууд /хх-ийн 108-111/,

            - Тодорхойлолт /хх-ийн 113, 118/,

            - Хохирлын баримт /хх-ийн 123, 148/,

            - Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 134-135/,

            - Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 136-137/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг Халдвартын клиникийн эмнэлгийн ажилчдын 2 дугаар байрны урд хэсгийн гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ямар нэг шалтаг шалтгаангүйгээр М.Оюунбаатар нь Ч.Батбаярын нүүр рүү цохиж газарт унагааж, М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нар нь бүлэглэн түүний нүүр, толгой руу өшиглөж биед нь баруун нүдний ухархайн дотор хана, гайморын хөндийн хана, хамар ясны нийлмэл хугарал, баруун зовхи шанаанд цус хуралт, баруун хөмсөг, дээд уруулд няцарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Батбаяр, гэрч С.Давхарбаяр, Н.Эрдэнбаяр, Т.Давааням, Ц.Алтангэрэл, шинжээч Н.Туяа нарын мэдүүлгүүд, Н.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Мөнхтуяа “...Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг гарах болсон сэдэлтийг бүрэн гүйцэт тогтоогоогүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хувийн сэдэлттэй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар зүйлчилж, Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Мөн шүүгдэгч М.Оюунбаатар нь 4 удаагийн ял шийтгэлтэй ба таслах шийдвэрлэх тогтоолын хуулбар хэрэгт авагдаагүй буюу хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байна...” гэсэн саналыг гаргасан ба шүүх үүнийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хувийн сэдэлтээр буюу хувийн таарамжгүй харьцаанаас үүсэх ба гэмт хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нар нь бие биеэ таньдаггүй, тухайн үед тэдгээрийн хоорондын ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй, шүүгдэгч нар нь шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг зодож гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн хавтас хэрэгт шүүгдэгч М.Оюунбаатарын 2000, 2005, 2009 онуудын таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 32-33, 146, 166-168/ авагдсан.

Эрүүгийн хэргийн төв архиваас “...Г.Оюунбаатарын 1998 онд шүүхээр шийтгүүлсэн гэх хэргийн шийтгэх тогтоол Эрүүгийн 20446320 дугаартай хэрэгт хавсаргагдаагүй, шийтгэх тогтоолын бүртгэлд байхгүй байна...” гэсэн албан тоотыг ирүүлсэн. Тухайн таслан шийдвэрлэх тогтоолын үйлчлэл одоо хянан шийдвэрлэж байгаа хэрэгт нөлөөлөхгүй, хэрэгт хавсаргаагүй нь шүүгдэгч М.Оюунбаатарын хувийн болон эрх зүйн байдалд нөлөөлөө үзүүлэхгүй юм.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Өлзийбаатар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Оюунбаатар урьд нь 4 удаагийн ял шийтгэлтэй ба хамгийн сүүлд 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2-т “Дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно:”, 78 дугаар зүйлийн.78.2.2-т “хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж тус тус заасан ба шүүгдэгч М.Оюунбаатар нь  2015 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчим дахин гэмт хэрэгт холбогдсон тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарыг анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нар 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчим дээрх гэмт хэргийн үйлдсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар өршөөлийн тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул зохих өршөөлийг үзүүлэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан танхайрах гэмт хэргийг үйлдсэн ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Танхайрах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2, 181.3 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна...” гэж заасныг үндэслэн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялаас тус бүр хоёр жилийг өршөөн хасч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Оюунбаатарын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэжигтэнээр баривчлагдсан /хх-ийн 85/ 3 хоног, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс цагдан хоригдсон 53 хоног, нийт 56 хоногийг, шүүгдэгч Н.Өлзийбаатарын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс цагдан хоригдсон 53 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Батбаярт хүндэвтэр гэмтэл учирсан ба эмчилгээний зардал 5,592,000 төгрөг нэхэмжилсэн ба уг хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч Н.Өлзийбаатар нь хохиролд 2,796,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 233 дугаар талд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэнгээс гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд, энэ талаар хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Өлзийбаатар нь хохирогч Ч.Батбаяр төлөх төлбөргүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Оюунбаатараас 2,796,000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Батбаярт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид Н.Өлзийбаатарт оногдуулсан хорих ялыг түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хохирогч Ч.Батбаяр шүүгдэгч М.Өлзийбаатарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал зэргийг харгалзан биечлэн эдлүүлэхгүй, тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч М.Оюунбаатарын тухайд түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 дүгээр эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн КТГ зураг 2 ширхэгийг хохирогч Ч.Батбаярт буцаан олгож, 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, эрүүгийн 201526030498 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мягмарсүрэнгийн Оюунбаатар, Соном овогт Намжилсүрэнгийн Өлзийбаатар нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д  зааснаар шүүгдэгч М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт тус бүр 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 /хоёр/ жилийг өршөөн хасч тэдгээрийн биечлэн эдлэх ялыг тус бүр 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Оюунбаатарын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг, шүүгдэгч Н.Өлзийбаатарын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Оюунбаатараас 2,796,000 /хоёр сая долоон зуун ерэн зургаа мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Батбаяр /РД: ШЖ81110596/-т олгож, хохирогч Ч.Батбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Өлзийбаатарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 дүгээр эмнэлэг болон ГССҮТ-ийн КТГ зураг 2 ширхэгийг хохирогч Ч.Батбаярт буцаан олгож, 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн 201526030498 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Н.Өлзийбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Батбаяр гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Өлзийбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Оюунбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Өлзийбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх, шүүгдэгч М.Оюунбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.АЛТАНЖИГҮҮР