Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 05

 

                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 

         зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, О.Б-н нэхэмжлэлтэй, А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох “Б.А-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохгүй байгаа А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.А-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Б-н “А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.А-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн О.Б-с А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “Б.А-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохгүй байгаа А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.А-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар О.Б, Я.Г нарыг хамтын амьдралтай байсныг Архангай аймаг дахь Сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр тогтоожээ. /х.х-12-13/
Тус аймгийн Эрдэнэбулган сумын амьжиргааг дэмжих зөвлөлөөс асрагч О.Б асруулагч Б.А-д тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэврийн асуудлыг шийдвэрлэсний дагуу А аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хувийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нээж, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.-т зааснаар тэтгэвэр олгож байсан байна. /х.х 7-9/
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.4  дэх хэсэгт зааснаар Б.А нь төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах, хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй болохыг хуульчилсан бөгөөд тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Б.А-гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зогсоосон үйлдэл нь хууль бус юм.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагчид 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.А-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохгүй байгаа А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.А-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /х.х-н 27/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Хариуцагч А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нэхэмжлэгч О.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагавартай танилцаж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 24 дүгээр зүйлийн 24.6, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.4 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б-с гаргасан “Б.А-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохгүй байгаа А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.А-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” шаардлагыг хариуцагч А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 
                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ОДОНТУЯА