Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1723

 

"Хас банк" ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01539 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "Хас банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Батбуян, Ц.Мөнхзул нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 696 848 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Д.Бархас,  Д.Чимэгбаяр, хариуцагч Р.Батбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Хас банк" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Р.Батбуян нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн 1080013202 дугаар гэрээ, баталгаат ипотекийн 1080013202-01 дүгээр гэрээ, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталгаат ипотекийн 1080009119-01 дүгээр гэрээнүүдийг тус тус байгуулж, 22 750 000 төгрөгийн зээлийг жилийн 27.96 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 66 тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай хувийн сууц, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 66 тоот хаягт байрлах, 484 м.кв тапбайтай газар, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 65 тоот хаягт байрлах, 24 м.кв талбайтай хувийн сууц, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 65 тоот хаягт байрлах, 474 м.кв талбайтай газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч Р.Батбуян нь зээлийн 1080013202 тоот гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 120 000 төгрөг төлөөд, түүнээс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Р.Батбуян, Ц.Мөнхзул нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачлага гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс 1080013202 дугаар барьцаат зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-т заасныг үндэслэн, банкны санаачилгаар 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөр гэрээг цуцалж байна. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлдэгч Р.Батбуян, Ц.Мөнхзул нарын 1080013202 дугаар гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 19 372 424 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 17 226 495 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 097 929 төгрөг, нийт 38 696 848 төгрөг байна. Иймд барьцаат зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, зэзлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 38 696 848 төгрөгийг зээлдэгч Р.Батбуян, Ц.Мөнхзул нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Батбуянгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хас банкнаас 22 750 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлтөд сард 1 219 000 төгрөг, үүнээс хүүнд 530 000 төгрөг төлж, маш өндөр хүү төлж байсан. Хас банкнаас надад хүргүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шаардах хуудасны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17 304 243 төгрөг байсан. Хас банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлд үндсэн зээлийн үлдэгдэл 19 372 424 төгрөг байгаа нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шаардах хуудсанд заасан зээлийн үлдэгдэлтэй зөрж байгаад тайлбар авах хүсэлтэй байна. Миний бие 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээл авснаас хойш 2015 оны 3 cap хүртэл зээлийг төлсөөр байсан атал яагаад үндсэн зээлээс хасагдаагүй болохыг лавлаж байна. Би өөрийн бүхий л боломжоор зээлийг төлж, зээлийн хугацааг хойшлуулж өгөхийг удаа дараа хүсч байсан боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэлд дурдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Хас банктай харилцан зөвшилцөх хүсэлтэй. Үндсэн төлбөр 19 372 424 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Мөнхзулын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Р.Батбуянгийн авсан зээлээс миний гэр бүлд ганц төгрөг ч ирээгүй. Уг мөнгөө өмнөх зээлээ дарах, зээл гаргасан хүндээ өгөх, авсан зээлээ буцаан төлөхөд зарцуулсан. Иймд ээжээс минь үлдсэн ганц хөрөнгө болох хашаа байшинг би энэ зээлд өгөх хүсэлгүй байна. Уг хашааг ээж минь хоёр өнчин дүүд минь өвлөн үлдээсэн. Би Р.Батбуянгийн үгэнд итгэж дүүгийнхээ хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлж барьцаалуулсан. Авсан зээлээсээ давсан хүү тооцож байгаа нь шударга бус байна. Р.Батбуянгийн авсан зээлэнд өөрийнх нь нэр дээр байгаа хашаа байшин, газрын өртөг хангалттай хүрээд илүү гарна гэж бодож байна. Зах зээлийн өртөг тийм байгаа. Иймд Р.Батбуянгийн нэр дээр байгаа хашаа, байшин, газрыг зээлийн өрөнд суутгуулах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Р.Батбуян, Ц.Мөнхзул нараас 38 696 848 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаас Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамж 65 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022979 дугаарт бүртгэлтэй 24 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2203005497 дугаарт бүртгэлтэй, 474 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-66 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 484 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамж 65 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022979 дугаарт бүртгэлтэй 24 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2203005497 дугаарт бүртгэлтэй, 474 м.кв талбайтай газрыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 351 435 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Батбуян, Ц.Мөнхзул нараас 316 335 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/01539 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нотлох баримтыг үнэлээгүйн улмаас хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.   Талуудын хооронд байгуулсан 2012.02.14-ний өдрийн 1080009119-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ нь 2012.02.14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Иргэний хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангасан.

Барьцаат зээлийн 1080013202 дугаартай гэрээний 1.10-д...3ээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг хангах баталгаа болгож зээлдэгч болон барьцаалуулагч нь 1080009119-01, 1080013202-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулсан талаар дурдсан байна. Мөн зээлдэгч Р.Батбуян нь 1080013202 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хас банкны шаардлагыг 2012.02.14-ний өдрийн 1080009119-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангана гэдгээ батлан "Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл"-ийг үйлдсэн.

Иргэний хуулийн 167.1-д "Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ" гэжээ. “Хас банк” ХХК нь ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр 1080013202 дугаартай Барьцаат зээлийн гэрээний 1.10 дахь заалт, Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл үйлдэх зэргээр зээлдэгчтэй харилцан тохиролцож өөрийн шаардлагаа нотлосон. Баталгаат ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд нэг удаа л бүртгэгдэх бөгөөд талууд тохиролцсон тохиолдолд өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон ч дараагийн зээлийн гэрээнд барьцаа болгон шилжүүлж болдог онцлогтой. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтыг огт үнэлэлгүй, талуудын хооронд байгуулсан барьцаа хөрөнгийн үнэлгээг өөрчилсөн гэрээний нэмэлт өөрчлөлтийг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нотолгоо мэтээр буруу үнэлж дүгнэсэн. Иймд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-66 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 484 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг ханган шийдвэрлэж шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                   

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн талуудын  хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зээлийн гэрээгээр хариуцагчийн  хүлээх үүргийг үндэслэлтэй зөв тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Р.Батбуян, Ц.Мөнхзул нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 696 848 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

“Хас банк” ХХК болон Р.Батбуян, Ц.Мөнхзул нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1080013202 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ" /хх-5-10 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр “Хас банк” ХХК нь Р.Батбуян, Ц.Мөнхзул нарт 22 750 000 төгрөгийг 30 хоногт 2.33 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, Р.Батбуян, Ц.Мөнхзул нар нь зээл болон хүүг гэрээгээр тохиролцсон графикийн дагуу төлөх, зээлийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон, зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

 

Талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтад нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтад "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ",  мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад  “гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Р.Батбуян, Ц.Мөнхзул нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 696 848 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаар зохигчид гомдол гаргаагүй болно.

 

“Хас банк” ХХК болон Ц.Мөнхзул нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1080013202-01 дугаартай "Баталгаат ипотекийн гэрээ" /хх-13-16 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 1080013202 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамж 65 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022979 дугаарт бүртгэлтэй 24 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2203005497 дугаарт бүртгэлтэй, 474 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан ба уг барьцааны гэрээг бичгээр хийж, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх-16/ тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Шүүх энэхүү гэрээний дагуу 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 1080013202 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар дээрх барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн өөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан барьцааны гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэн уг гэрээнд дурдагдсан барьцаа хөрөнгө буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-66 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 484 м.кв талбай бүхий газраар “Хас банк” ХХК болон Р.Батбуян, Ц.Мөнхзул нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 1080013202 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3 дах хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож ипотекээр хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольж болох бөгөөд өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ", мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ" гэж тус тус зохицуулсан бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх талуудын 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний үүрэг дуусгавар болсон, үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гэрээтэй холбогдуулан улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгүүлээгүй байгаагаас гадна үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, үнэнд өөрчлөлт оруулан гэрээний нэмэлт нөхцөлийг тохирсон боловч үүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, талууд "барьцаалуулагчийн батлах мэдэгдэл"-ийг /хх.11/ үйлдснээр дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй юм.

 

Хэдийгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байгаа боловч талууд өмчлөгчийн талаар маргаагүй, энэ байдал хэргийн шийдэлд нөлөөлөөгүй болно.

 

Иймд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-66 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 484 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг ханган шийдвэрлэж шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ