Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0523

 

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0523

Улаанбаатар хот

 

 

                                   Т.Г***ын нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***,

 

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч Т.Г***,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.О***, Т.У*** нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Отгонсүрэн, Т.У*** нарын 2021оны 12 дугаар сарын 06-ны өдөр НА-24210000123 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0419 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, хариуцагч П.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б***.

Хэргийн индекс: 128/2022/0267/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Г***аас шүүхэд хандан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О***, Т.У*** нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн НА-24210000123 дүгээр “Нөхөн ногдуулалтын акт”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0419 дугаар шийдвэрээр “Татварын Ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 18 дугаар зүйлийн 18.1, 27 дугаар зүйлийн 27.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Т.Г***ын Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О*** Т.У*** нарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн НА-24210000123 дугаар Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар бүрэн дүүрэн ойлголтгүй, хууль хэрэглээний талаар алдаатай дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 3.2. Татварын байцаагч нар нь татварын нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ гаалийн мэдээ, татварын бүртгэл мэдээллийн сангийн мэдээлэл, татвар төлөгчийн тайлбарт үндэслэсэн, мөн 15 ширхэг машиныг сонгон авч тусад нь тооцсон гэх мэт ойлгомжгүй, үндэслэлгүйгээр татвар ногдох орлогыг буруу тодорхойлсон,

3.3. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх учиртай ч энэхүү чиг үүрэг, зорилгоо хэрэгжүүлж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй,

3.4. Татварын улсын байцаагч Т.У*** нь татварын хяналт, шалгалтын ажил явуулж байх хугацаандаа ажил, албан тушаалын байдал, албаны эрх мэдлээ урвуулж, татварын хяналт шалгалт явуулж байгаа эрх хэмжээгээрээ далайлган хувийн сонирхол гаргасан бөгөөд энэхүү асуудал нь тогтоогдож, ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байдаг. Гэтэл Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримттай холбоотой нотлох баримтыг үнэлээгүй, үүнтэй холбоотой хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан,

3.5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгч нь чингэлэг ачуулахдаа бусадтай хамтарч ачуулдаг эсэх, гаалийн бүрдүүлэлтэд нэг хүний нэрээр мэдүүлэг хөтөлдөг эсэхийг тодруулах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй атлаа хэргийг шийдвэрлэсэн нь буруу зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

4. Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд:

3.1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид нь татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2421501147 дугаар томилолтын үндсэн дээр нэхэмжлэгч Т.Г***ын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24210000123 дугаар нөхөн ногдуулалтын актаар 45,825,913.27 төгрөгийн нөхөн татвар, 15,116,481.62 төгрөгийн торгууль, 7,733,514.46 төгрөгийн алданги, нийт 68,675,909.35 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

3.2. Улмаар нэхэмжлэгчээс Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан “маргаан бүхий захиргааны актаар борлуулалтын орлогыг 2017 онд 2.951.541.088,69 төгрөг, 2018 онд 2.839.172.061,84 төгрөг гэж тус тус тодорхойлсон нь ...  баримтаар нотлогдохгүй байгаа тул эдгээр онуудын зөрчилд хамаарах 37.459.367,26 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох” болон 2019, 2020 оны хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн зөрчилд ногдуулсан алданги, торгуулиас чөлөөлж өгөх” гэсэн агуулгаар гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар тогтоолоор улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3.3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс шүүхэд хандан татварын улсын байцаагчийн 24210000123 дугаар нөхөн ногдуулалтын актыг “...хяналт шалгалтад хамаарч буй он тус бүрээр борлуулалтын орлогоос зардлыг хасаж зөрүү дүнг татвар ногдуулах орлого байна гэж тооцсон нь илэрхий алдаатай, бодит байдалд нийцээгүй”, “... борлуулалтын орлого гэдэг нь анхан шатны санхүүгийн баримтаар бүрэн илэрхийлэгдэх ёстой байтал дан ганц гаалийн мэдээ, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл зэргээр тодорхойлогдож байна гэж үзсэн нь тухайн иргэний борлуулалтын орлого гэж шууд үзэх боломжгүй бөгөөд энэ нь бодит байдалд нийцэхгүй” зэрэг үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

4.  Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Г***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

5. Тодруулбал, нэхэмжлэгч нь гадаад улсаас автомашин Монгол Улсад импортлон худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.2-т “үйл ажиллагааны орлого” гэж заасан татвар ногдох орлогод хамаарах тул  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, доор дурдсан хугацаанд албан татварыг холбогдох төсөвт төлнө”, 26.1.1-т “энэ хуулийн 15.1, 16.1.1, 17.1.2, 17.1.3-т тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.4-т заасан хувиар тооцон тухай бүр албан татвар ногдуулан, дараа сарын 15-ны өдрийн дотор” гэж заасны дагуу өөрийн үйл ажиллагаанаас татвар ногдох орлогыг өөрөө үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүрэгтэй.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "гаалийн мэдүүлэг" гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг”, 3.1.8-д "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг” ойлгохоор заасан.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Т.Г*** нь татварын хяналт шалгалтад хамаарах хугацааны татварын тайлан гаргаагүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй явдал бөгөөд нэгэнт татвар төлөгчөөс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагчаас татвар төлөгчийн татвар ногдох орлогыг гаалийн байгууллагаас гаргуулан авсан дүн мэдээнд үндэслэн тодорхойлсон нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс татварын хяналт шалгалтын болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 221/МА2022/0572 дугаар магадлалд заасанчлан “өөр хүний импортолсон автомашин хамт ачигдсан” гэх асуудалтай холбоотой ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул “Татварын хяналт шалгалтад хамаарах хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийн, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн автомашинуудыг “мэдүүлэгч”-ийн буюу Т.Г***ынх гэж үзэх бөгөөд “өөр хүний импортолсон автомашин хамт ачигдсан тохиолдолд Т.Г***ын нэрээр гаалийн мэдүүлэг бүрдүүлсэн” гэх тайлбарыг үндэслэлгүй” хэмээн үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасантай нийцсэн, үндэслэл бүхий байна.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасны дагуу үйл ажиллагааны орлогоос татвар ногдох орлогоо тодорхойлох, тайлагнах, татварын албанд гаргаж өгөх, тухайн хяналт шалгалттай холбоотойгоор өөрт байгаа баримтаа татварын улсын байцаагч нарын шаардсанаар гаргаж өгөх нь нэхэмжлэгч Т.Г***ын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй ба улмаар татвар ногдох орлогыг тодорхойлох боломжгүй, боломжит байдлаар улсын байцаагч нар тодорхойлон, татвар нөхөн төлүүлэхээр акт тогтоосон явдал, цаашлаад энэхүү актыг хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

6. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлдээ “...татварын улсын байцаагч Т.У*** нь хяналт шалгалт хийж байх хугацаандаа хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан... “хуучин автомашиныг худалдаж аваад цааш нь зарчихвал татварын актыг бага дүнгээр тавина” гэж хууль бус зүйлс шаардсан хэмээн тайлбарлан маргаж байх боловч тухайн асуудал нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй. Нэхэмжлэгч нь тухайн асуудлаа хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх боломжтой тул давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА