Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/383

 

 

 

 

 

 

 

 

   2021          06          10                                     2021/ШЦТ/383

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч М.Б   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:             

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт М-ийн Б  холбогдох эрүүгийн 2005021350294 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ....... дүгээр сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт Баянгол дүүргийн ..........дугаар хороо, ............... тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 15 цаг албадан ажил хийлгэх, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 3 жил 5 сар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1013 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 900.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ................. дугаарын регистртэй, Д овогт М-ийн Б 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Б   нь 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр хохирогч Н.А түцний цонх хагаллаа гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар ясны нум, хоншоорийн гадна хана хэлтэрхий үүсгэж цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний зовхи болон шанаа эрүү хэсгээр цус хуралт хаван хавдартай, хоолой, чих, баруун гарын сарвуу, дагзны хуйханд шарх зулгаралт, цус хуралтууд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б   мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Б өгсөн:

“...Эрүүгийн хуулийн ерөнхий тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би 2020 оны 6 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн автобусны буудал тамхи авах зорилгоор очсон юм. Тэгтэл миний тамхи авах гэж очтол ТҮЦ-г нэг согтуу залуу шилийг нь балбаад хагалчихлаа наад залуугаа бариад аваарай гэсэн чинь замын урд тал руу хөндлөн гарч байхаар нь би араас нь очиж бариад авсан. Эргэж хараад гараараа намайг нудрахаар нь зууралдаад байж байтал миний нүүр хэсэг рүү цохих гэхээр нь цохиулалгүй бултчихсан бөгөөд энэ үедээ гараараа барьчихсан учир өөр лүүгээ татаад нүүр хэсэг рүү мөргөчихсөн. Яг аль хэсэгт нь мөргөсөн талаар мэдэхгүй байна.   ...” гэх мэдүүлэг /хх-н 51/,   

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.А өгсөн:

“...2020 оны  6 дугаар сарын 14-ний өдөр Мөнхзул, Ганзориг нартай 10 цагийн үед уулзаад урлан дээр 0,5 литрийн хараа, 0,5 граммын соёрхол хувааж уусан юм. Би 19 цагийн үед сүүлийн 2 шил архийг ууж байснаа санаж байна. Тэгээд тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Би тэр өдөр хоол идээгүй болохоор тасарчихсан байсан. Сийлбэр заалгадаг дүү Цэрэнжаргал урланд орж ирснийг санахгүй байна. Зодуулж байснаа ч санахгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн миний гаранд оёдол тавьж байсан. Би мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж эмчилгээ бичүүлэн гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Миний зүүн хацрын яс үүрсэн хагалгаанд орох шаардлагатай гэсэн боловч ажил ихтэй учраас үзүүлж амжихгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Т өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 2 дугаар хороо Нөхөрлөлийн 4 дүгээр байр 7 тоот гэрээ байж байх үед 23 цагийн орчимд Баянгол дүүргийн цагдаагаас миний гар утас руу залгаад танай нөхөр Алтаншагай гэх хүн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-ний цонх хагалсан байна бас хүнтэй зодолдсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гарч байтал дахин цагдаагаас залгаж танай нөхрийн нүд хөхөрсөн байна, сая түргэн ирээд аваад явлаа гэж хэлэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиход манай нөхөр Алтаншагай сууж байсан ба хамт эмчид үзүүлээд гарыг нь цэвэрлүүлээд боолт хийлгээд дараа нь толгойн рентген зураг авхуулахад зураастай гэж эмч нь хэлэхээр нь компьютер томографик хийлгэхэд нүдний ухархайн шанааны яс хугарсан, жижиг ясны үйрмэг зөөлөн эд рүүгээ шигдсэн ба тархи нь бага зэрэг хавантай гэж хариу гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/, 

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Ө.Ц-ын өгсөн:

“...2020 оны  6 дугаар сарын 14-нд шилжих шөнө би Астра төвийн хойно байдаг урланд 22 цаг өнгөрч байхад ирэхэд Алтаншагай ах, Зулаа ах танихгүй эрэгтэй ах нар архи ууж байсан. Тэгээд ууж байсан архи нь дууссан. Алтаншагай бид 2 урлангаас гараад замаар гарцаар гараад 25 дугаар эмийн сангийн Өргөө рүү өгсдөг автобусны буудал дээр байрладаг ТҮЦ-нд очоод тамхи авах гэсэн чинь ТҮЦ жижиг цонхоо онгойлгочихсон тамхи зарахгүй гээд байсан. Алтаншагай ах цонхыг нь тогшсон чинь ТҮЦ-ний ах жижиг цонх онгойлгоод пизда минь яах гээд байгаа юм гээд тэр хоёр хэрэлдэж эхэлсэн. Тэгсэн ТҮЦ-ний худалдагч ах жижиг цонхоо хаахад Алтаншагай ах зам зам дээр гараад би араас нь дагаад явсан. 25 дугаар эмийн сангийн уулзварын орчим танихгүй согтуу эрэгтэй ирээд цонх хагалсан юм уу төлж өг гээд Алтаншагай ахыг заамдсан. Тэгсэн Алтаншагай ах боль гээд тэр эрэгтэйгийн нүүр хэсэг рүү гараараа цохиход тэр эрэгтэй цохиулахгүй бултаад эргүүлээд духаараа Алтаншагай ахын зүүн нүд орчим мөргөсөн. Гудамжаар явж байсан танихгүй ах тэр хоёрын голоор ороод больцгоо гээд салгаад яваад өгсөн. Тэгсэн Алтаншагай ахыг мөргөдөг эрэгтэй дахиж Алтаншагай ахыг заамдаж аваад явуулахгүй гээд бариад байсан. Тэгээд би цагдаа явж байгаа эсэхийг харахад 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр очоод цагдаа байхгүй болохоор нь эргээд хартал Алтаншагай ах газар хэвтчихсэн нөгөө цохидог ах Алтаншагай ахын нүүр рүү өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7003 тоот: 

  1. Н.А биед зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар ясны нум, хоншоорын гадна хэлтэрхий үүсгэж цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний зовхи болон шанаа эрүү хэсгээр цус хуралт хаван хавдартай, хоолой, чих, баруун гарын сарвуу, дагзны хуйханд шарх, зулгаралт, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 28-29/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 65/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 52/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 66/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Б   нь 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр хохирогч Н.А түцний цонх хагаллаа гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар ясны нум, хоншоорийн гадна хана хэлтэрхий үүсгэж цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний зовхи болон шанаа эрүү хэсгээр цус хуралт хаван хавдартай, хоолой, чих, баруун гарын сарвуу, дагзны хуйханд шарх зулгаралт, цус хуралтууд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

шүүгдэгч М.Б   “...гараараа барьчихсан байсан учир өөр лүүгээ татаад нүүр хэсэг рүү мөргөчихсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.А “...Зодуулж байснаа ч санахгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн миний гаранд оёдол тавьж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Т “...танай нөхрийн нүд хөхөрсөн байна, сая түргэн ирээд аваад явлаа гэж хэлэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ө.Ц-ын “...Алтаншагай ах боль гээд тэр эрэгтэйгийн нүүр хэсэг рүү гараараа цохиход тэр эрэгтэй цохиулахгүй бултаад эргүүлээд духаараа Алтаншагай ахын зүүн нүд орчим мөргөсөн...” гэх мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7003 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Б   нь өөрийн гэм буруугийн талаар маргалгүй хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Б-ыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Н.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  - хохирогч Н.А “...надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа...шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт /хх-н 19/,

 

Хохирогч Э.А нь хавтаст хэрэгт нотлох баримтаар 450.000 төгрөг нэхэмжилсэн ба /хх-н-15/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Булгантамираас 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг  гаргуулж Э.Алтаншагайд олгохоор шийдвэрлэсэн болно.  

 

  Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

М.Б  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д овогт М-ийн Б   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Д овогт М-ийн Б   700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. М.Б  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Булгантамираас 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг  гаргуулж Э.Алтаншагайд олгосугай.   

 

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.     

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ