Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 144

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Э.Мөнгөнбаярын нэхэмжлэлтэй, Д.Отгонжаргалд холбогдох “1100.000 төгрөг гаргуулахыг   хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх  хуралдаанд:

       Нэхэмжлэгч Э.Мөнгөнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, 23 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт  жолооч ажилтай  

                                    Алаг адуут овгийн Долгорын Эрдэнэчимэг    

                                          регистрийн  дугаар:МЮ- 60080319

 

                Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван  нар  оролцов.

                                                                           

Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч Э.Мөнгөнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ...Отгонжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 09-нд оройн 10 цагийн үед Улаанбаатар хотоос Сэлэнгэ рүү орох замд  “Шонхор” маркет дэлгүүрийн уулзвар дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож төв замын машиныг хүлээлгүйгээр туслах замаас дайрч орж машинд минь хохирол учруулсан. Цагдаагийн байгууллагад хандан Д.Отгонжаргалд 1.600.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч 500.000 төгрөг өгөн түүнээс хойш хохирол барагдуулаагүй өдий хүрлээ. Үлдэгдэл 1100.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү! ...гэжээ.      

         

                 Нэхэмжлэгч Э.Мөнгөнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Эрдэнэчимэг 2017 оны 02 дугаар сарын 03-нд шүүхэд гаргасан хүсэлтдээ:

          ... Э.Мөнгөнбаярын нэхэмжлэлтэй Д.Отгонжаргалд холбогдох 1100.000 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагч Д.Отгонжаргалыг эрэн сурвалжлуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ИХШХШТХ-ийн 26.2-т зааснаар өөрчилж байна.

               Хариуцагч нь нэхэмжлэлд дурьдсан хаягтаа байхгүй байгаа тул  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно... гэжээ.

 

                 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг  шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа:

              ...Д.Отгонжаргал нь манай хүүгийн машиныг мөргөөд хохирол учруулсан. Тэгээд 1600.000 төгрөгийг төлбөр гарснаас 500.000 төгрөгийг нь өгсөн байдаг.   Нэхэмжлэгчийн эрж байгаа хүн нь загас зардаг. Би тэр хүүхэнтэй нэг л удаа уулзсан. Тэгэхэд надад  “ ...уг мөнгийг 9 сард өгч чадахгүй яагаад гэвэл хүүхдийн сургууль соёл гээд мөнгөний хэрэг их байна. 11 сар гаргаад нөхрийнхөө тэтгэврийг гарахаар өгнө” гэсэн болов ч өгөөгүй. Түүнээс хойш холбоогүй утсаа ч авахаа байсан. Одоо хаана байгаа нь тодорхойгүй. Хүмүүсээс асуухаар мэдэхгүй гээд байдаг. Тиймээс Д.Отгонжаргалыг  эрэн сурвалжилж өгнө үү! гэв.

 

                         Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

Үндэслэх  нь:

 

               Нэхэмжлэгч Э.Мөнгөнбаяр  нь  О.Отгонжаргалд холбогдуулан “1100.000 төгрөг гаргуулахаар”  шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.Отгонжаргал нь нэхэмжлэлд дурьдсан хаягтай байхгүй, утас нь холбогдохгүй байсны улмаас  нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар   хүсэлт гаргажээ.   

             Д.Отгонжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 09-нд оройн Улаанбаатар хотоос Сэлэнгэ рүү орох замд  “Шонхор” маркет дэлгүүрийн уулзвар дээр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Э.Мөнгөнбаярын машиныг мөргөж машинд 1.600.000 төгрөгийг хохирол учруулснаас 500.000 төгрөгийг төлж, үлдэх 1100.000 төгрөгийг төлөөгүй байна.

             Нэхэмжлэгч нь үлдэх 1100.000 төгрөгийг төлүүлэхээр Д.Отгонжаргалд холбогдуулан нэхэмжлэл гаргасан  боловч хариуцагч нь оршин суугаа хаягтай байхгүй, холбоо барих утасгүй, Улаанбаатар хотод байгаа гэх сурагтай боловч хаана оршин суугаа нь тодорхойгүйн улмаас хариуцагч Д.Отгонжаргалыг эрэн сурвалжлахаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

               Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээний 5 дугаар баг,2 дугаар хэсэг, 153 тоотод оршин суух хаягтай байсан, 99404195 дугаарын гар утас тэмдэглүүлсэн, Олон Улсын худалдааны төвд загасны худалдаа эрхэлдэг байсан, Даваажавын Отгонжаргалыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох  хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

               Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.                

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     115.2.1, 116, 118, 155 дугаар  зүйлийн 155.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155  дугаар зүйлийн 155.3-т зааснаар Сүхбаатар сумын Бор гүвээний 5 дугаар баг, 2 дугаар хэсэг, 153 тоотод оршин суух хаягтай, Олон улсын худалдааны төвд загасны худалдаа эрхэлдэг байсан Даваажавын Отгонжаргал /регистрийн дугаар: МП-64102169/-ыг эрэн сурвалжилсугай.
       

            2. Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэх   хэсэгт  зааснаар Д.Отгонжаргалыг  эрэн  сурвалжлах, түүний  оршин  суугаа  газрыг  тогтоох  ажиллагаа  хийхийг  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

 

              3.  Иргэний  хэрэг  шүүхэд   хянан   шийдвэрлэх  тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1 дэх хэсэгт  зааснаар Э.Мөнгөнбаярын улсын  тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурьдсугай.

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

         6. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

           7. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоног дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ