Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/459

 

 

 

 

 

 

                  

   2021             7           06                                          2021/ШЦТ/459                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Б  овогт С-ийн  Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000000879 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...........оны ..........дугаар сарын ........-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............мэргэжилтэй, ........ туслах ажилтай, ам бүл .........., Баянзүрх дүүргийн ..........дугаар хороо, ..........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ............дугаарын регистртэй, Б  овогт С-ийн  Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Д нь 2021 оны 5 дугаар сарын 19-20 нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 18-379 тоотод хохирогч Н.Ундармаатай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Н.У-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Дын өгсөн:

 

“...2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хамаатан болох Оюунцэцэгийн гэрт очсон. Тэгтэл У нэг эмэгтэй найзтайгаа ирсэн. Тэгээд Би гарч хоол ундны юм аваад хоёр Сэнгүр пиво аваад орсон. Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нийтийн байр байсан. ...Гэрлээ унтраачих унтацгаая гэхэд У босож ирээд та яагаад байгаа юм бэ гэхээр нь чи зайлаа гэж хэлсэн чинь намайг хүрч ирээд алгадсан. Би зөрүүлээд гараараа цохих шиг болсон. У уурлаад цагдаа дуудсан. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Эвлэрч учраа олсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 49-50/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.У-ийн өгсөн:

 

“...2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр би Оюунцэцэг эгч Төмөрчимэг, Энхцэцэг, Днарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 16-379 тоотод нийтийн байранд пиво ууцгаасан. Тэгээд пиво ууж дуусаад газраар ор засаад унтацгаах гэж байсан чинь Дманай найз Энхцэцэгийг унтуулахгүй, оролдоод байхаар нь би болиоч гэж хэлсэн. Дболихгүй болохоор нь Энхцэцэг бид хоёр босож ирээд суучихсан. Дта хэд зайлаачээ гэхээр нь би “чи хаана байгаагаа мэдээрэй гэж хэлсэн чинь” Д“би хамаатныдаа байна гэж хэлээд” над руу салаавч гаргасан. Би уур хүрээд хацар хэсэгт нь алгадсан чинь Дминий баруун хөмсөг орчим цохисон. ...Дминий баруун хөмсөгний орчим нэг л удаа гараараа цохиж, гэмтэл учруулсан. Өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7, 8/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Э  өгсөн:

 

“...2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр би ганцаараа Ундармаагийн амьдарч байсан хаягийг нь сайн мэдэхгүй Гэмтлийн эмнэлгийн замын эсрэг талд байх нийтийн байранд очсон. У пиво уучихсан, найзтайгаа, Дгэх залуу байсан. Тухайн найз нь намайг очихоор явсан. ...Шөнө унтахаар болоод Ундармаагийн хажуугаар ороод хэвтсэн чинь Днамайг унтуулахгүй, хувцаснаас татаж зулгаагаад байхаар нь би уурлаад босож ирээд боль гэж хэлээд маргаан үүссэн. У намайг өмөөрөөд Дтой муудалцсан. Дуурандаа Ундармаагийн хөмсөг орчим гараараа нэг удаа цохисон. У цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хх-н 13/, 

 

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4323 тоот дүгнэлт

1. Н.У-ийн биед баруун хөмсөгт шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” /хх-н 21-22/

           

    - хохирогч Н.У-ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/

 

- хохирогч Н.У-ийн “...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-н 51/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/,

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 29/

- эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-н 30/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б  овогт С-ийн  Днь 2021 оны 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 18-379 тоотод хохирогч Н.Ундармаатай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Н.У-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.У-ийн өгсөн:

“...Би уур хүрээд хацар хэсэгт нь алгадсан чинь Дминий баруун хөмсөг орчим цохисон. ...Дминий баруун хөмсөгний орчим нэг л удаа гараараа цохиж, гэмтэл учруулсан. ...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Э  өгсөн:

“...Дуурандаа Ундармаагийн хөмсөг орчим гараараа нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг,

 

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4323 тоот дүгнэлт, шүүгдэгч С.Дын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэрлээ унтраачих унтацгаая гэхэд У босож ирээд та яагаад байгаа юм бэ гэхээр нь чи зайлаа гэж хэлсэн чинь намайг хүрч ирээд алгадсан. Би зөрүүлээд гараараа цохих шиг болсон. У уурлаад цагдаа дуудсан. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Эвлэрч учраа олсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Н.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Н.У хавтаст хэргийн 8, 51 дүгээр талд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч С.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч С.Дын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч С.Дын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч С.Д Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт С-ийн  Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Д оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ