Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/516

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго.,

улсын яллагч Н.Энхболд,  

хохирогч Н.Р ,     

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт М Д-т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000452 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, ............ оны ....... дугаар сарын .........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага, эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......... хамт Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод оршин суух, Баянгол дүүргийн ....... хороолол Энхтайваны өргөн чөлөө .............. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1578 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан. Б  овогт М Д /РД:..................../.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн баруун талын хойноос урагш чиглэлд 09-46 УНА улсын дугаартай Тоёота камри загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч Н.Р гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байрны гадна хууль сахиулагч буюу цагдаа зохицуулагч Н.Р г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч М.Д нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн баруун талын хойноос урагш чиглэлд 09-46 УНА улсын дугаартай Тоёота камри загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч Н.Р гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байрны гадна хууль сахиулагч буюу цагдаа зохицуулагч Н.Р г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ

 

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Р  мэдүүлэхдээ

 

“...2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08 шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо гэмтлийн эмнэлгийн баруун талд дэд ахлагч Өлзийбаатарын хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Хойноос урагшаа чиглэлтэй хөх өнгийн “Camry” автомашин баруун гар тийшээ зам шахаад зогсоол руу яваад орсон. Тэгээд очтол Д нь тээврийн хэрэгсэлдээ ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Тээврийн хэрэгслээс буулгаад алаг машин дээр очоод шалгах гэтэл хэл амраа доромжилж, эсэргүүцэл үзүүлж эхэлсэн. Намайг гар утсаараа цохисон. Эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 800,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 700,000 төгрөг  нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Р гийн өгсөн:

 

“...Би 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагаас 03 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн хооронд хуваарьт жижүүрийн үүрэг гүйцэтгэх ёстой байсан юм. Тэгээд миний хувьд 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн баруун талын хойноос урагш чиглэлтэй төв зам дээр д/а Х.Ө хамт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хааж шалгалт явуулж байхад хойноос чиглээд ирж явсан хөх өнгийн автомашин гэнэт хөдлөхөө больж зогсоод харж байснаа шууд төв замаас баруун эргэж гараад гудамжны хажууд байдаг аж ахуйн нэгжийн хашааны зогсоол руу ороод явчихсан юм тэгтэл надтай цуг үүрэг гүйцэтгэж байсан д/а Х.Өлзийбат шалгахаар яваад ирэхгүй удчихаар нь ардаас нь очиход д/а Х.Өлзийбат тухайн тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоод хажуу талд нь зогсчихсон харин тээврийн хэрэгслийн жолооны хүрдэн дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн эрэгтэй хүн байж байсан ба би очоод тэр хүнийг тээврийн хэрэгслээс буух хэрэгтэй гэдэг шаардлага тавихад байж бай, би гар утас түлхүүрээ олохгүй байна гэж хэлээд тэр орчмоор хайгаад огт тээврийн хэрэгслээсээ бууж ирэхгүй байсан юм тэгэхээр нь миний хувьд энэ хүн тээврийн хэрэгслээ асаагаад хөдлөөд явчхаж магадгүй гэж бодоод түрүүлж тэр хүнийг тээврийн хэрэгслээс буулгаад өөрөө тээврийн хэрэгсэл дотроос нь түлхүүр, гар утсыг нь хажуудаа байлцуулж авч өгөөд ачлагын машин дуудсан ба ачлагын машин ирэх үед харин д/а Х.Өлзийбат албаны тээврийн хэрэгсэл эзэнгүй байсан учраас шууд яваад өгсөн юм. Тэгээд миний бие тухайн хүнийг албаны тээврийн хэрэгсэл дээрээ дагуулж очоод суугаад согтолтын зэргээ хэмжүүлж драгер багаж үлээх шаардлагатай гэтэл тээврийн хэрэгсэлд суухгүй гэж дайраад эхлэхээр нь миний хувьд д/а Х.Ө хамт байж байгаад миний бие нь шилэн хүзүүн дээр нь дараад д/а Х.Өлзийбат түлхээд тээврийн хэрэгсэл рүү бөгс нуруу хэсгээр нь түрүүлж оруулаад тэгээд тээврийн хэрэгслийн хаалгыг хаагаад тээврийн хэрэгсэл дотроо орж суухад тэр хүн намайг хэл амаар доромжлоод, цагдаа нар намайг зодлоо гэх мэт зүйлс орилж чарлаад байсан ба би энгэрийн камер асааж бичлэг хийж эхлээд байж байтал миний Улаан модыг авч над руу шидэхээр нь би аваад гараа барьчихсан хойшоо гэж хэлтэл дахин улаан модыг татаж аваад хугалаад мөн миний нүүрэн тус газар луу 2 удаа цохисон мөн тээврийн хэрэгсэл рүү оруулах гэхэд миний урдаас 2 удаа өшиглөөд орохгүй гэж шаардлага эсэргүүцсэн. Би тухайн хүнийг автомашиндаа суулгачхаад байж байх үедээ драгер багаж үлээлгэхэд 0.88 хувийн согтолттой байсан ба тэр хүнийг регистрийн дугаарыг хэлүүлж шалгаж үзэхэд тухайн хүн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчил гаргасан байсан тул Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу тухайн хүнийг Эрүүлжүүлэх, саатуулах байр луу хүргэхээр явсан ба замдаа тэр хүн нь бид нарыг хэл амаар доромжлоод л байсан ба бид нар Эрүүлжүүлэх, саатуулах байран дээр ирээд тэр хүнийг машинаас буулгасан ба тэр хүн над руу дайраад миний энгэрийн камер зүүчихсэн байсан мөрдсийг татаж унагасан ба би тэр залууг зүгээр орчих гэж хэлээд д/а Х.Өлзийбат урд нь гараад харин тэр залуу ардаас мөн миний бие ардаас нь дагаад ороход Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээн авдаг хэсгийн төмөр хаалга хаалттай байсан ба д/а Х.Өлзийбат вакум цонхыг тогшиж байх үед тэр залуу хэл амаар доромжлоод дайраад байхаар нь би ардаас нь түлхтэл тэр залуу эргэж хараад баруун гартаа барьчихсан байсан гар утсаараа миний духан дээр 1 удаа цохих үед миний духнаас цус гоожиж ... Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр эмнэлгийн тусламж авч духан дээрээ 4 оёдол тавиулсан юм...” гэв. 

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б өгсөн:

 

“... 2021 оны 3 сарын 07-ны өдрийн 13 цагаас 3 дугаар сарын 08-ны 13 цагийн хооронд Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд хуваарьт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 02 цагийн орчимд гаднаас ахлагч Н.Н.Р , дэд ахлагч Х.Өлзийбат нар нэг үл таних эрэгтэй хүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хийхээр ирсэн ба би хүлээлгийн өрөө лүү хардаг цонхыг онгойлгоход дэд ахлагч Өлзийбат хүн эрүүлжүүлэхээр ирлээ гэж хэлж байснаа гэнэт эргэж харснаа цохичихлоо шүү дээ гэж хэлээд цаашаа хараад яваад өгөхөөр нь би шууд гараад Эрүүлжүүлэх саатуулах байрны хүлээлгийн өрөөний хаалгыг онгойлгоод харахад дэд ахлагч Х.Өлзийбат тэр үл таних эрэгтэй хүнийг газар доош харуулж хэвтүүлээд нэг гарыг нь өчсөн байдалтай байж байхаар нь дэд ахлагч Х.Өлзийбатад туслаад нөгөө гарыг нь өчөөд тэр үл таних эрэгтэй хүний нөгөө гарыг нь ард талд нь өчиж босгоод Эрүүлжүүлэх саатуулах байрны дотогш оруулсан юм. Тэр үед ахлагч Н.Р гийн духнаас нь цус гарчихсан доошоо тонгойсон байдалтай байсан ба бид нарын араас орж ирээд бие засах өрөө рүү шууд явсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,     

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Ө өгсөн:

 

  1. “...Тэгээд би албан тээврийн хэрэгсэл дотор сууж байхад нөгөө хүнийг а/ч Н.Раднаасүрэн тээврийн хэрэгсэлд суулгах гэтэл тэр хүн суухгүй байсан ба тэр хүнийг а/ч Н.Раднаасүрэн шилэн хүзүүн дээрээс нь дараад тээврийн хэрэгсэл рүү суулгах гэх үед огт суухгүй байхаар нь би бас цуг түлхээд тээврийн хэрэгсэл рүү суулгасан ба тээврийн хэрэгсэл дотор ороод согтолтын зэрэг хэмждэг драгер багаж үлээ гэхэд а/ч Н.Р  руу дайраад драгер үлээхгүй мөн урдаас нь цохиод улаан дохиур модыг нь хугалчихсан тэгээд би тайвшруулж драгер багаж үлээлгэсэн даруйдаа эрүүлжүүлэхээр Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байран дээр авч ирээд автомашин дээрээс буулгаад...миний ардаас тэр хүн мөн түүний ардаас а/ч Н.Р  явж байсан ба тэр хүн Эрүүлжүүлэх, саатуулах байр луу орох замдаа орилж хашгираад хэл амаар доромжлоод байсан тэгээд хүлээн авах өрөө рүү оруулах гэтэл хаалга түгжээтэй би вакуум цонхыг тогшиж байх үед а/ч Раднаарагчаа ёооё гээд орилохоор нь харахад толгойн тус газраас нь цус гарч байсан ба миний хувьд цагдаагийн албан хаагчийн биед халдсан учраас биеийн хүч, тусгай мэх хэрэглээд тэр хүнийг газарт унагаж өчиж байх үед Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа гарч ирж цус тусгай мэх хэрэглээд тэр хүнийг эрүүлжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,     

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ө  өгсөн:

 

“...Би 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо 465 тоотод байж байхад М.Д гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирээд намайг хардаж сэрдээд надтай маргалдаад намайг хараалын үгээр хэлсэн ба намайг түлхээд алгадаад байсан юм тэгэхээр нь би өөрийн гарт ойрхон байсан зүйлээ урдаа барьсан юм тэгтэл над руу дахиад дайраад байхаар нь би хойшоо бай гэж орилж байгаад бүүр болохгүй болохоор нь айлгах гээд өөрийнх нь зүүн тал руу хана руу шүүрийг шидтэл хананд ойгоод зүүн хацар дээр нь оночихсон юм тэгтэл тэндээс нь цус гараад байсан юм. Мөн бусад зулгаралт мэт зүйлс бол байж магадгүй тэр нь бол ноцолдож байх явцад үүссэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,     

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.З   өгсөн:

 

“...замын цагдаа д/а Өлзийбат дуудлага өгөөд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ГССҮТ-ийн хойд талын зам дагуу очиход хөх өнгийн тоёота камри загварын 09-46 УНА улсын дугаартай автомашиныг а/а Раднаарагчаа, д/а Өлзийбат нар тухайн тээврийн хэрэгслийн залууд шаардлага тавьчихсан зогсож байсан бөгөөд би ачлагын машинаас буухад машины эзэн гэх залуу архи согтууруулах ундааны зүйл илт хэрэглэчихсэн байсан харагдсан бөгөөд замын цагдаатай муудалцаад хэл амаар доромжлоод зогсож байсан юм. Тэгээд замын цагдаа тус тээврийн хэрэгслийг ачаад яв гэж хэлсэн бөгөөд тус газарт дахиад өөр зөрчилтэй тээврийн хэрэгслүүд байсан бөгөөд би тэнд үлдэж хөх өнгийн тоёота камри автомашиныг ачаад аваад явсан юм. Төд удалгүй цагдаа нар тус залууг цагдаагийн машинд суухыг шаардсан боловч тэр залуу эсэргүүцээд замын цагдаа Раднааг 2-оос 3 удаа өшиглөөд улаан өнгийн дохиурыг нь бол хугалчихсан ба замын цагдаа Раднаарагчаа, Өлзийбат нар хувцасных нь хоёр талаас бариад алаг тэрэгт суулгачихсан харин намайг Раднаарагчаа машины хойд талын суудал дээр тэр залууг хараад суугаад явчих гэсэн болохоор би тус алга тэргэнд тэр залуугийн хажууд суусан юм. Тэгээд замд явж байх үед бол замын цагдаа Раднаарагчааг маш олон удаа хэл амаар доромжлоод хойноос нь толгой тус газар нь утсаараа 2-оос 3 удаа цохисон бөгөөд Баянгол дүүргийн эрүүлжүүлэхийн гадаа ирээд машинаас буулгахад замын цагдаа Раднаагийн мөрдсийг татаж ураад чи бол хэн ч биш гэх зэргээр доромжилсон бөгөөд Раднаа, Өлзийбат нар тэр залууг аваад эрүүлжүүлэх саатуулах байр руу оруулсан юм, төд удалгүй 10 орчим минутын дараа замын цагдаа Раднаарагчаа толгойгоо барьчихсан толгойноос нь цус гарчихсан эрүүлжүүлэх саатуулах байрнаас гарч ирсэн юм. Тэгээд би буцаад ажилдаа явсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 35/,

    

Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байрны гадна талын 2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн камерын бичлэгт, тус бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-11-12/,

 

Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч Н.Р гийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-8-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 2054 дугаартай дүгнэлтээс “...Н.Р гийн биед духанд шарх гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-43-44/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт М Д-т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Д-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Н.Р гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Н.Р  нь 1.500.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Д 800.000 төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 700.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-аас   700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Н.Р д олгож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 89/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч М.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан хэдий ч 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар ялтай байдал гэх ойлголт байхгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” санал гаргасан ба шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт М Д-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанарт тохирно гэж үзсэн болно.

 

Харин шүүгдэгч Д-ын  хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч М.Д-ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Б  овогт М Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-аас   700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Н.Р д олгохоор шийдвэрлэсэн болно.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт М Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт М Д-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Д-т  оногдуулсан хорих, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-аас   700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Н.Р д олгосугай.      

  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч М.Д-т  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Д-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ