Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/643

 

 

 

 

 

 

 

 

 2021            10           07                                      2021/ШЦТ/643

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Намжил,   

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:     

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г  овогт Ц-ийн    О  д холбогдох эрүүгийн 2105000001289 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны .... дугаар сарын ...-ны өдөр Өмнөговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, “АПУ” ХХК”-д найрлагын оператор, хүнсний технологич, ам бүл-............... хамт Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын.......... дугаар багийн Баян хошуу гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .....................дугаарын регистртэй, Г  овогт Ц-ийн    О  .   

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц. О   нь 2021 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хас” зочид буудалд хохирогч Э.Түвшинбаяртай “эмэгтэй хүнийг үг хэлээр доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь нэг удаа толгойгоороо мөргөсний улмаас “баруун хөмсөгөнд шарх” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ц. О   нь 2021 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хас” зочид буудалд хохирогч Э.Түвшинбаяртай “эмэгтэй хүнийг үг хэлээр доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь нэг удаа толгойгоороо мөргөсний улмаас “баруун хөмсөгөнд шарх” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг санаатай үйлдлээр  учруулсан болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц. О   мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Түвшинбаярын өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө манай хуурай дүү Батмөнхийн төрсөн өдөр болоод би оройны 20 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлгийн гэрлэн дохионы урд талд байдаг Хас нэртэй караокед очсон намайг очиход Батмөнх, О  , О  йн найз гээд нэг залуу, Уужимзаяа нар байсан миний дараа Баасанжаргал найз залуугийн хамт ирсэн бид хэд архи дарс ууцгаасан. 00 цаг болж кареоке хаахаар болсон 1 хроп пиво үлдсэн байсан үлдсэн пивийг Хас караокений хоёр давхарт байдаг буудалд орж уухаар болж буудалд 1 өрөө аваад орсон. Би нэлээн согтсон байсан. Буудлын өрөөнд байж байхад манай нутгийн дүү Уужимзаяаг О   гэх залуу татаж чангаагаад байхаар нь боль гээд хэлсэн чинь миний өмнөөс сөргөөцөлдөж байгаад миний нүүрлүү мөргөсөн миний цээжрүү өшиглөсөн миний духнаас цус гарсан. Би бушуухан буудлаас гарая гэж бодоод гэмтлийн эмнэлэг орж духандаа оёдол тавиулсан.   ....” гэх мэдүүлэг /хх-н 11-13, 14-16/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.О  йн өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө 21 цагийн үед Батмөнх гээд найзын төрсөн өдөр болоод Батмөнхийн найзууд гэх зүс таних хүмүүстэй хамт Хас нэртэй кареокед орсон. Караокед ороод бид нар хоёр шил архи, нэг хроп пиво уусан 00 цаг болоод кареоке хаах болоод тэр караокений 2 давхарт нь байдаг зочид буудалруу орж өрөө авч үргэлжлүүлээд пиво ууж байсан дуусгаад би явлаа гэж Батмөнхөд хэлсэн. Батмөнхийн найз Уужимзаяа гэх эмэгтэй надад найзыг нь Батмөнхтэй ажилладаг Түвшинбаяр гэж залуу хараагаад хэл амаар доромжилоод байна гэж хэлэхээр нь Түвшинбаярыг буудлын өрөөнд байхад нь ороод чи эмэгтэй хүнийг ингэж хэлж болохгүй шүү гэхэд Түвшинбаяр намайг чи юугаа мэдэдгийн писда минь чи наад эмэгтэйтэйгээ өөрөө явалддаг юм уу гээд намайг хоолойноос боогоод авсан би тэгэхээр нь зөрүүлээд барьцалдаж авсан тэгтэл буудлын өрөөнд байсан хүмүүс салгах гээд босож ирээд намайг тэврээд авсан энэ үед Түвшинбаяр боосон хэвээр байсан тул би Түвшинбаярын нүүрлүү нь 1 удаа мөргөсөн тэгээд хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч  А.Уужимзаяагийн өгсөн: “...О   бид хоёр гадаа гарч юм яриад тамхи татаад ортол Түвшинбаяр гээд манай ээжийг таньдаг нутгийн ах намайг ёс бусаар хэлээд байсан тэгтэл О   намайг өмөөрөөд та эмэгтэй хүнийг ингэж болохгүй ш дээ гэсэн чинь Түвшинбаяр үгийн зөрүүгүй О  йг заамдаад орон дээр дарж унасан тэгтэл О  йн хоолойг боогоод байхаар О   Түвшинбаярын нүүрлүү нь мөргөсөн тэгтэл Түвшинбаярын нүүрнээс цус гарсан энэ үед би О  йг аваад буудлаас гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Батмөнхийн өгсөн: “...2021 оны 9 сарын 13-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Би найзууд болох Манал, Очирпил, Түвшинбаяр,Уужимзаяа, Баасансүрэн, Түвшинбаяр нарын хамт гэмтлийн эмнэлгийн урд байрлах Хас караокед сууцгаасан. Караоке хаахаар болж 2 давхарт байрлах буудалд өрөө авсан. Би тооцоог хийчихээд өрөөнд ортол О  , Түвшинбаяр хоёр муудалцсан юунаас болсоныг мэдээгүй. Түвшинбаяр ах О  йг заамдаад авсан би голоор нь ороод салгатал Түвшинбаяр ахын духнаас цус гарч байсан тэгээд тэр хоёрыг салгаад тарцгаасан..” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8772 тоот:  “...Э.Түвшинбаярын биед баруун хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19-20/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.О  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.О  йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Э.Түвшинбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

 Хавтас хэргийн 16 дахь талд хохирогч Э.Түвшинбаяр нь эмчилгээний зардал 200.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.О  ос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/,

- байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 43/

-үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 44/

-тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 45/,

- гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 46/,

-нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ц.Онь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ц.О  д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Ц.О  йг 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О  йг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г  овогт Ц-ийн    О  йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О  йг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О  д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.О  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ