Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/644

 

 

 

 

 

 

 2021            10           07                                         2021/ШЦТ/644

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү,    

шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт С  Х  холбогдох эрүүгийн 2103001880247 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............оны ........ дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, ам бүл .......... хамт Чингэлтэй дүүргийн ......... дугаар хороо .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.................../, З овогт С  Х  .

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Х нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын 15 дугаар байрны зүүн талын замд Тоёота приус-20 маркийн 34-83 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 19.1-т заасан “хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч С.Х нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын 15 дугаар байрны зүүн талын замд Тоёота приус-20 маркийн 34-83 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 19.1-т заасан “хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х  ын мэдүүлэг

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

          Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх 5-14/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э өгсөн: “...осол болохоос өмнө гэрээс миний охин Гэгээнзаяаг 17 цагийн үед авга эгч Оюунсувд эмээ рүү нь авч явах гээд аваад явсан. ...нагац эгчийнх нь хүүхэдтэй гадаа тоглох гэж гараад осолд орсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-н 18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.О өгсөн: “...би Гэгээнзаяаг Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байдаг ээж Энхтунгалагийн гэрээс аваад тэдний ойролцоо байдаг нагац эгч Батчимэгийнд орсон. ...Ээжийн ажлыг тарахыг хүлээж байх хооронд Батчимэг эгчийн 11 настай хүү Болдтой хамт Гэгээнзаяа тоглохоор гарсан. ...удалгүй 10 орчим минутын дараа Болд ээж рүүгээ залгаад “Гэгээнзаяа машинд мөргүүлчихлээ” гэж утсаар залгаж хэлсэн. Тэгэхээр нь гараад очсон чинь Гэгээнзаяа замын хажуу талд уйлаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22/, 

 

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Тоёота Приус-20” маркийн 34-83 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл - ...шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй автотээврийн хувьд тоормос гишгэх үед ачсан ачаа, замын гадаргуу, тоормосны дөрөө дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ” /хх 46-52/,

 

Мөрдөгчийн магадлагаа: “Жолооч С.Х нь Тоёота Приус маркийн 34-83 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 19.1. “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.Гэгээнзаяагийн авга эгч М.Оюунсувд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” /хх 56-57/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6581 тоот:  “...А.Гэгээнзаяа-н биед баруун эгэм ясны хугарал, ахар сүүлний 2, 3-р нугалмын хугарал, баруун бугалга, баруун дал, баруун тохой, баруун шуу, баруун өгзөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” /хх-н 33-34/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Х  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Х  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч А.Гэгээнзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч А.Г нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 70/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 72/,

- байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 74/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч С.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч С.Х  холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас С.Х  490.000 /дөрвөн зуун ерэн мянга/-н төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч С.Х  ыг 490 /дөрвөн зуун ерэн/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 /дөрвөн зуун ерэн мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.  

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З овогт С  Х  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х  ыг 490 /дөрвөн зуун ерэн/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 /дөрвөн зуун ерэн мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Х  оногдуулсан 490,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Хохирогч А.Г нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Х  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ