Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 01

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

           Гомдол гаргагч: “Б” ХХК-ийн гомдолтой,

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Гд холбогдох,

           Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0067901 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Г, гэрч Д.Б, шинжээч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Т  шүүхэд гаргасан гомдолдоо: О.Б миний бие “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажилладаг бөгөөд тус компани нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутагт бетон зуурмаг үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хайрга олборлох үйл ажиллагаа явуулдаггүй болно.
        Гэтэл Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Г нь “Б” ХХК-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1930000278 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасан “ашигт малтмалын орд ашигласан ... “ гэх үндэслэлээр 2000 /хоёр мянган/ нэгжээр торгох, 59.432.056 /тавин есөн сая дөрвөн зуун гучин хоёр мянга тавин зургаан/ төгрөгний нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан байх бөгөөд уг шийдвэрийг ...  өдөр гардан авч хуульд заасан 30 хоногийн дотор ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
         Эрх бүхий албан тушаалтан С.Г нь “Б” ХХК-д холбогдуулан уг шийдвэрийг гаргахдаа хууль зөрчсөн, бодит үйл баримт болон нотлох баримтад тулгуурлаагүй болно. Үүнд:
         “Б” ХХК нь орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах зорилгоор 100% өөрсдийн хөрөнгө оруулалтаар, цагт 60м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат дэвшилтэд технологийг нэвтрүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах хайргыг Барилга хот байгуулалтын яамнаас олгосон МҮ- 22-042/19 дугаартай, материалын үйлдвэрлэл эрхлэх МҮ-2.1 /дүүргэгч материал элс, хайрга, дайрга, галт уулын гаралтай чулуу бутлан ангилах, байгалийн чулуу олборлох боловсруулах үйлдвэр эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “О” ХХК /РД5079322/-аас буцалтгүй тусламжаар авч туршилтын үйлдвэрлэл явуулж байсан.
         Гэтэл эрх бүхий албан тушаалтан С.Г нь Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд шалгалт хийсэн зорилго, үндэслэлийг тодорхой бичээгүй, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан иргэн Л.Х, Д.С, Б нарын гаргасан өргөдлийг хавтаст хэрэгт хавсаргасан боловч өргөдөл гаргасан хугацаа тодорхойгүй, өргөдөл хүлээн авсан байгууллагын бүртгэлжүүлээгүй /Хавтаст хэрэг. Хуудас... /, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх...”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.3-т “хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх”, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн хуулийн 40.2.4-т “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах”  гэж заасныг;
         Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол нь захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заагаагүй, засварласан, уг тогтоолыг гаргасан байгууллага тодорхойгүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тэмдэг дарагдаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2.1-т “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” гэж заасныг;
         Зөрчлийн хэрэг нээх тогтоолд Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, С.Г гэсэн гарын үсэг зурсан байтал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын засаг даргын Тамгын газар гэх тамга дарсан байгаа нь Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны “Заавар шинэчлэн батлах тухай” 41 дүгээр тогтоолын хавсралт 1-ээр батлагдсан “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 3 дугаар зүйлийн 32-т “ Яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, түүнчлэн үйл ажиллагаа нь  хуулиар буюу Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогддог төрийн  байгууллага, ...; тэмдэгийг газар, хэлтэс, тасаг, албаны дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна” гэж заасныг тус тус зөрчсөн эрх зүйн зөрчилтэй, хууль бус зөрчлийн хэрэг нээх тогтоолоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
         Миний бие 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тамгын газарт очиж мэдүүлэг өгөхдөө эрх бүхий албан тушаалтны “Та ямар ажилтай, ямар албан тушаал эрхэлдэг вэ? гэх асуултад Би “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “О” ХХК-ийн захирал ажил эрхэлдэг”, танай “Б” ХХК нь ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? гэх асуултад “Манай “Б ХХК” нь бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг”, “Нэг авахдаа 7 хоногт 2-3 удаа авдаг гэсэн мэдээлэл байгаа энэ үнэн үү гэх асуултанд худлаа би ийм олон аваагүй, харин “О” ХХК-ний зөвшөөрөлтэй талбайгаас авсан” гэж мэдүүлсэн байтал “Б” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн; /Хавтас хэрэг, хуудас ... /
         Шийтгэлийн 0067901 дугаартай хуудасны Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан үндэслэл хэсэг тодорхойгүй, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2019.02.12-ны өдрийн 01/26 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж... гэж бичсэн байгаа нь уг удирдамжийн 2.1 дэх хэсэгт заасан төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт гэсэнтэй агууллагын хувьд зөрчилдсөн /Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, мөн хуулийн 52.2-т “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ”, мөн хуулийн 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ”/;
         “Б” ХХК нь хайрга олборлох, борлуулах үйл ажиллагаа явуулдаггүй, үйлдвэрийн туршилт хийх хайргыг “О” ХХК-ний олборлосон хайрганаас тусламжаар авсан байтал Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан” зөрчил гаргасан гэж үндэслэлгүй шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудсанд нөхөн төлбөрийн 59’432’056 төгрөг төлөх шийдвэр, дүгнэлт гаргасан нь зөрчлийн шинж чанартай тохироогүй, баримтаар шалгаж тогтоогоогүй байдаг.
         Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан, Сүхбаатар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Гы 0067901 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.    

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь ашигт малтмалын зөвшөөрөлтэй “О” ХХК-аас хайрга нийлүүлэн авч байсан. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Манай компанийг ашигт малтмал хууль бусаар олборлосон гэж үзсэн учир гомдол гаргасан. Мөн зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын тамгыг дарсан байсан. Тухайн шийтгэлийн хуудсыг манай компанийн захирал албан ёсоор хүлээж аваагүй. Шийтгэлийн хуудсыг танилцуулаагүйгээс болоод үнийн дүнг буруу ойлгож 59 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна гэж ойлгоод гомдол гаргасан гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1. “Б” ХХК-ний захирал О.Б нь би “Б” ХХК-ний үүсгэн байгуулагч захирал нь биш гэжээ.
Холбогдогч О.Б 2019 оны 10 сарын 14-ний өдөр Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын 2-р байранд албан өрөөнд албан ёсны мэдүүлэг өгөхдөө хуулийн дагуу нь өөрийн эрх үүрэгтэй нь танилцаж мэдүүлэг өгсөн. Тус мэдүүлэгтээ О.Б нь би “Б” ХХК-ний ерөнхий захирал ажилтай гэж хэлсэн байдаг мөн үүсгэн байгуулагч гэж хэлсэн байдаг. Мөн О.Боос Д, Ц гэх газраас хайрга олборлосон үнэн үү гэж асуухад ер нь манайх  тусгай зөвшөөрөлтэй “О” ХХК-ний талбайгаас авдаг. Гэхдээ Даас 10 машин хайрга авсан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь гэрчүүд болон Баруун-Урт сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Г, Б.Э нар үйлдэл дээр нь зөрчлийг илрүүлснээр батлагдана. Мөн сумын орлогч дарга С.Лхавгадорж болон байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ба нартай 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Засаг даргын орлогчийн албан өрөөнд уулзаж зөвшөөрөлгүй хайрга олборлолоо гэсэн албан шаардлага тавьж байхад өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэн \согтуу\ хэл амаар доромжилсон ба маргааш нь 2019 оны 10 сарын 04, 06-ны өдрүүдэд эргэж хайрга олборлосон байдаг. Баруун -Урт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Г 2019 оны 10 сарын 04-ний өдөр Сүхбаатар сумын 5 дугаар багийн Д гэх газар Сүхбаатар сум руу явах замын урд талаас авч байхад үйлдэл дээр нь зогсоосон албан бичиг баримт, шалгалт хийсэн тэмдэглэл нь хавтас хэрэгт байгаа болно. Б ХХК-ний ерөнхий захирал О.Б нь гүйцэтгэх захирал Ч.Таа манай Б ХХК-нд хэдэн сар ажиллаад гарсан, ажил хаячихаад алга болсон мөн манай компанид одоо хамааралгүй гэж мэдүүлэг өгөх үед ярьж байсан үүнийг Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б гэрчилнэ. /Улсын байцаагч Д.Баттулгыг гэрчээр оролцуулах шаардлагатай/
2. Шүүхэд гаргасан гомдолдоо 1930000278 дугаартай зөрчлийн хэргийн талаар тайлбар тавьсан байна.  Энэ нь Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2, 1.3-ыг үндэслэл болгон зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол нээсэн байдаг. Тус тайлбар дээр хохирлын хэмжээг буруу бичсэн байна. Холбогдогч О.Б өөрөө зөрчлийн хэрэгтэй танилцаагүй өөрийн дүү болох О.Баыг өөрийн бие төлөөлөгчийг болгон 2019 оны 11 сарын 16-ны өдөр хэргийн материалтай танилцуулсан байдаг. Уг зөрчлийн хэрэгт шинжээчээр Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Ш.Нг томилуулж Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Ц, Дын гол гэх газарт Сүхбаатар сум явах замын урд талд хэмжилтийг тус “Б” ХХК-ний дангаараа хайрга олборлосон газарт хийлгэж түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласан төлбөрт 5164759.432056  төгрөг тавигдсан байгаа энэ нь \ таван сая нэг зуун жаран дөрвөн мянга долоон зуун тавин есөн төгрөг, мянганы дөрвөн зуун гучин хоёр тавин зургаан мөнгө\ гэж уншихыг тус тайлбар дээр 59,432,056 \ тавин есөн сая дөрвөн зуун гучин хоёр мянга тавин зургаан төгрөг \ болгож гуйвуулан бичсэн байна. Ийм тоо уг зөрчлийн хэргийн хавтас материалд байхгүй болно.
Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн З.Б Д.С, А.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өргөдлийг биечлэн Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бд өгсөн байдаг. Мөн Баруун-Урт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э утсаар байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Г надад албан ёсоор мэдэгдсэн аймгийн зүүн талаас хайрга ачсан 2 ширхэг ХОВО маркийн машин орж ирж байна зогсоох гэсэн зогсохгүй явчихлаа мал эмнэлгийн хажуу талын “Б” ХХК-ний хашаа руу орчихлоо гэсэн мэдээллийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр утсаар ярьж өгсөн байдаг үүнийг хавтас хэрэгт байх мэдүүлэгтээ гэрчилсэн байгаа.
Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Ш.Н нь шинжээчээр томилогдож дүгнэлт гаргахдаа холбогдох баримт бичигт, нөхцөл байдлыг тодруулан ажилласан байдаг. Тэрээр гаргасан дүгнэлтэндээ Дын голын сайрын 113.26.21.  46.41.59.4 – өөс нийт 265.335 м3 хайрга авсан гэж мэргэжлийн шинжээч дүгнэсэн байдаг. Үүний дагуу холбогдох аргачлалын дагуу нөхөн төлбөр оногдуулсан байдаг.
Уг иргэдийн мэдээллийн дагуу “Б” ХХК-ний хашаанд нойтон хайрга асгасан байсныг 2019 оны 9 сарын 26-ны өдөр Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Баттулгын хамт очиж фото зургаар баталгаажуулан  авсан. Үүний дагуу “Б” ХХК-ний захирал О.Бтой Засаг дарга болон удирдлагууд утсаар холбогдох гэсэн боловч чадаагүй.
“Б” ХХК-ний гүйцэтгэх захирал гэх Ч.Тын гаргасан нэхэмжлэл нь “Б” ХХК-ний ерөнхий захирал О.Бын санаа агуулга тусгагдсан буюу хөндлөнгийн хүний нэхэмжлэл мэт үзэж байна.
     “Б” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, 2000000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 5164759.43 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шинжээч Ш.Н, гэрчээр улсын байцаагч Б.Баттулга, Б.Э, Н.Г, хохирогчоор Сүхбаатар сумын засаг даргын орлогч С.Л нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9 дэх заалтын дагуу байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг буруутай этгээд барагдуулах үүрэгтэй бөгөөд түүнд захиргаа болон эрүүгийн хэрэг үүсгэсэн нь нөхөн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй болно гэжээ.

    Шинжээч Ш.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Б” ХХК нь төвийн бүсээс ашигт малтмал хууль бусаар олборлосон талаар шинжээчийн дүгнэлт гаргасан. Нэгдүгээрт Зөрчлийн хэргийн материалтай танилцаад Сүхбаатар сум явах замын урд талд газрын хэмжилтийг хийж эвдэрсэн талбайн хэмжээг тогтоосон. Хоёрдугаарт Зөрчлийн хэрэгт нотлох баримтаар цугларсан “Б” ХХК-ийн барилгын компаниудад нийлүүлсэн бетон зуурмагийн баримтуудыг үндэслэл болгосон. Тухайн маркийн зуурмагт хэдий хэмжээний дүүргэгч материал буюу ашигт малтмал орох вэ? гэдгийг тооцож, орсон материалын хэмжээг гаргасан байгаа.  Миний гаргасан дүгнэлтэд хохирол, нөхөн төлбөр хоёр хоёулаа байна. Шинжээчийн дүгнэлтэнд тооцоо хавсаргасан байгаа. Хайрга авсан газар нь 265 м3 байна. Үүнийгээ 1600 үржээд үндсэн төлбөр хэмжээг гаргасан. Үүн дээрээ нөхөн сэргээлтийн зардал нэмж тооцсон. Нийлбэр нь 5.164.759  төгрөг гарсан. Тэгэхээр нөхөн төлбөр, хохирол хоёр орсон гэсэн үг. Зөрчлийн хэрэгт ирсэн материалд үндэслээд, шинжээчийн дүгнэлт гаргасан гэжээ.

    Гэрч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчаар 2000 оноос хойш 20 жил ажиллаж байна. “Б” ХХК-ийг Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Д”, “Ц” гэх газруудаас зөвшөөрөлгүйгээр хайрга олборлож байна гэж малчин Б, бусад хүмүүс мэдээлэл өгсөн. Тухайн хүмүүсээс мэдүүлэг авахад 2019 оны 07 дугаар сараас эхлээд тус компани нь өдөрт 5-6 удаа машинаар хайрга авч явдаг гэж мэдүүлсэн. Тэгээд малчид байгаль орчин сүйтгэлээ гэж хэлэхээр Сүхбаатар сумаас зөвшөөрөл авсан гэж малчдад худал хэлсэн байсан. Мөн зөвшөөрөлтэй ажил эрхэлж байгаа учраас та нарт хамаагүй гэж хэлсэн байсан. Бөд малын ундны усыг гаргаж өгч байхад та нар харин баярлах ёстой гэж хэлээд, хайрга олборлоод явсан байсан. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар сумын Засаг даргын орлогч Л бид хоёр “Б” ХХК-ийн захирал О.Быг албан өрөөндөө дуудаж уулзаад танай компани ийм ийм зөрчил гаргаад, зөвшөөрөлгүй хайрга олборлосон байна. Энэ үйлдлээ таслан зогсоо гэж хэлсэн. Тэгэхэд О.Б нь согтуу ирчихээд, хайрга олборлосон нь үнэн та нар юу юм бэ?, бүгдийг чинь ажлаас чинь хална гээд бид хоёрыг хэл амаар доромжилсон. Үүнийг Сүхбаатар сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Л гэрчилнэ. Тэгээд маргааш нь буюу  2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахиад хайрга олборлосон байсан. Би “Б” ХХК-ийн хашаанд очиж зураг авч баталгаажуулсан. Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахиад хайрга олборлож авсан байсан. Хайрга олборлож болохгүй гэж удаа дараа хэлсэн боловч хайрга олборлосоор байсан. Мөн зөрчлийн талаар О.Бод хэлэх гээд утсаар залгахад утсаа авдаггүй. Мөн О.Бын дүү О.Баад танай энд нойтон хайрга байна. Энэ үйлдэл чинь зөрчил үүсгэж байна гэж хэлсэн. Би мэдэхгүй манай ах мэднэ гэж хэлсэн. Тэгээд ах руу нь утсаар залгахаар утсаа авдаггүй. Энэ талаар улсын байцаагчид хэлээд зөрчлийн хэрэг үүсгэсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
“Б” ХХК шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0067901 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Г нь “Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг болох Дын гол, Ц нэртэй голын ай сав газраас зохих зөвшөөрөлгүй хайрга олборлож Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн” гэх үндэслэлээр “Б” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж , улмаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0067901 дугаартай шийтгэлийн хуудсаар  гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх буюу 2.000.000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 5164759,43 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ “ ... Улсын байцаагч нь шийтгэлийн хуудсыг бичихдээ хууль зөрчсөн, бодит үйл баримт болон нотлох баримтад тулгуурлаагүй. “Б” ХХК нь хайрга олборлох, борлуулах үйл ажиллагаа явуулдаггүй, “О” ХХК-тай бэлтгэн нийлүүлэх гэрээтэй ажилладаг бөгөөд тэндээс хайрга авдаг байтал манай компанийг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулж, нөхөн төлбөр тогтоосон нь үндэслэлгүй ... ” гэж маргаж байгаа бол харин хариуцагчийн зүгээс “ ... “Б” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 25, 10 дугаар сарын 04, 06-ны өдрүүдэд Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг болох Дын гол, Ц нэртэй газраас хайрга зөвшөөрөлгүй авсан болох нь холбогдогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгож, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5164759,43 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй ... ” гэж гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4-т мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь “хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, 10.9.12-т “хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь зөрчил гаргасан этгээдийг зөв тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох чиг үүрэгтэй байтал энэхүү чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.
Тодруулбал зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд прокурорын гарын үсэг байхгүй, шинжээчийн дүгнэлтийг гомдол гаргагчид танилцуулаагүй, хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон баримт байхгүй, шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоосон байхад шийтгэлийн хуудсанд нөхөн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буруутай байна.
Гэвч энэхүү шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь тухайн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл биш бөгөөд хэргийн оролцогчид зөрчлийн шинж байдалд холбогдуулан маргаагүй, зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдуулан маргаж байна.
Зөрчил гаргасан этгээдийн гэм бурууг шалган тогтоож, тохирсон шийтгэл оногдуулах нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал учраас шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийлгүй, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, шинээр акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Хэргийн нөхцөл байдлыг тодруулах гэдэгт захиргааны байгууллага нь зөрчил гаргагч этгээдийг зөв тогтоож, холбогдох баримтыг бүрэн цуглуулж, зөрчилд холбогдох баримтад эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв хэрэглэх замаар дахин шинэ акт гаргах шаардлагатай юм.
Хэрвээ захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахгүй бол Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0067901 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.9.12 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0067901 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахгүй бол улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0067901 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдсүгэй.
3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 
    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ЦЭРЭНХАНД