Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0524

 

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0524

Улаанбаатар хот

 

 

                         “Ж*** у***” ХХК, “Э*** с*** с***” ХХК,

                                “Б*** д*** х***” ХХК-иудын нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “Э*** с*** с***” ХХК, “Б*** д*** х***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г***,

Нэхэмжлэгч “Ж*** у***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***,

Нэхэмжлэгч “Ж*** у***” ХХК-ийн өмгөөлөгч У.Б***,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** нар,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Ж*** у***” ХХК,

Нэхэмжлэгч: “Э*** с*** с***” ХХК,

Нэхэмжлэгч: “Б*** д*** х***” ХХК,

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд О.О***,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон газраас “Д” талбарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0433 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч “Э*** с*** с***” ХХК, “Б*** д*** х***” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г***, түүний өмгөөлөгч Г.Ц***, нэхэмжлэгч “Ж*** у***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***, түүний өмгөөлөгч У.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б***.

Хэргийн индекс: 128/2019/0750/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж*** У***” ХХК, “Э*** с*** с***” ХХК болон “Б*** д*** х***” ХХК-иас шүүхэд хандан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон газраас “Д” талбарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0433 дугаар шийдвэрээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон газраас “Д” талбарт холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон газраас “Д” талбарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцохоор” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгч “Э*** с*** с***” ХХК, “Б*** д*** х***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1.1. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэх хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн,

 3.1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн хууль зөрчиж захиргааны акт гаргасан талаар дүгнэсэн хэр нь түүнд захиргааны акт дахин гаргах боломжоор хангаж байгаа нь хэт нэг талыг баримталсан,

3.1.3. үндэслэх хэсгийн 4.9 дэх хэсэгт “...О.О***д ашиглуулахаар олгосон байршил нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй байршил нь мөн эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж,

3.2. Нэхэмжлэгч “Ж*** У***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.2.1. Шүүхээс нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байтал, хэргийн хүрээнээс хальж, зохигчдын маргаан, байр сууриас өөр байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй цаашид маргааныг даамжруулах нөхцөл байдлыг бий болгосон,

3.2.2. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тухайн нөхцөл байдалд шинэ акт гаргах нь талуудын маргаан бүхий харилцааг эцэслэн шийдвэрлэхгүй, захиргааны байгууллагыг алдаагаа засч дахин хууль бус шийдвэр гаргах нөхцөл боломжийг бий болгосонд гомдолтой байна,

3.2.3. Газар бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцаагүй боловч, манай компанийн өмчлөлийн дулааны шугам сүлжээ, хуулиар тогтоосон хамгаалалтын бүс бүхий газартай бүхэлдээ давхацсан. Тус газар барилга байгууламж барих боломжгүй, хуулиар хориглосон газар тул тус газар дахин газар ашиглуулахтай холбоотой акт гаргах боломжгүй гэж,

3.3. Нэхэмжлэгч “Ж*** У***” ХХК-ийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.3.1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзалд дурдагдсан, улмаар бүх үндэслэл тогтоогдож, хариуцагч түүнийг нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байхад шүүхийн зүгээс бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй гэж дүгнэсэн нь буруу,

3.3.2. Захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа хийсэн эсэх талаар баримт гаргуулахаар хувийн хэрэгт үзлэг хийгээд дээрх баримт гарч ирээгүй нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ,

3.3.3. Хүчингүй болгуулахаар маргаж буй газар дээр худаг болон инженерийн шугам сүлжээ байгаа нь холбогдох мэргэжлийн байгууллага, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар нэгэнт тогтоогдсон байхад дээрх байдлаар дүгнэж байгаа нь нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрсөн,

3.3.4. Шүүхээс нэмж тодруулах шаардлагатай зүйл яг юу болох талаар шийдвэрт тусгах ёстой байсан. Шүүхийн зүгээс дүгнэлт хийхэд саад болж буй хууль зүйн үндэслэл, хариуцагчид хуулиар тусгайлан эрх олгосон зохицуулалт нь юу болох талаар дурдаагүй,

3.3.5. Нэхэмжлэгч нарын зүгээс эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, захиргааны акт илт хууль бус болох, даалгах зэрэг нэхэмжлэл гаргасан тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэж болох байтал хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнд гомдолтой гэж,

3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***ээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

3.4.1. “Э*** с*** с***” ХХК, “Б*** д*** х***” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “БОАЖСайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалын “Д” талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байсныг шүүх харгалзаж үзээгүй,

3.4.2 Захиргааны байгууллагаас гуравдагч этгээд О.О***д Хан-Уул дүүрэг, Зайсангийн аманд 2,041 га талбай /”Д” талбай буюу 1252,58 м.кв/ бүхий газрыг буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах эрхийн 0171216 дугаар гэрчилгээ олгож, 2019/216 дугаартай газар ашиглах гэрээ байгуулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болох нь тодорхой байхад шүүх шийдвэрийн 4.9-д “... нэхэмжлэгч нарын газарт давхардуулж газар ашигласан ...” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.4.3 Нэхэмжлэгчээс “нэхэмжлэлийн шаардлагыг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох” гэж тодорхойлж маргасан байхад шүүх хариуцагч болон нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь буруу” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,

3.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгох тухай А/158 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 заалт, Богдхан уулын дархан цаазат газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 47, 48, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 99 тоот санал, Ерөнхий шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13/541 дүгээр ерөнхий үнэлгээний дүгнэлт, иргэн О.О***гийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлтийг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд ... иргэн О.О***гийн дуусгавар болсон ... 2.041 га газрын ашиглах эрхийг сэргээж, аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгох”-оор шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад “А”,”Б”, “В”, “Г”, “Д”, “Е”, “Ё” гэсэн 7 нэгж талбарыг тэмдэглэсэн.

3.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны Газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгох тухай А/158 дугаар  тушаалаар ашиглах эрх олгогдсон дээрх 7 нэгж талбарын “Д” нэгж талбартай холбогдуулан, нэхэмжлэгч “Ж*** У***” ХХК-иас “тухайн газар нь манай эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй ч, манай компанийн өмчлөлийн дулааны шугам сүлжээ, хуулиар тогтоосон хамгаалалтын бүс бүхий газартай бүхэлдээ давхацсан”, “манай компанийн “Гэрэлт хотхон”, ”Голден будда хотхон”-ыг усаар хангадаг гүний худаг байрладаг”, “тухайн газар барилга байгууламж барих боломжгүй, хуулиар хориглосон газар тул тус газар дахин газар ашиглуулахтай холбоотой акт гаргах боломжгүй гэсэн үндэслэлээр,

Нэхэмжлэгч “Э*** с*** с***” ХХК болон “Б*** д*** х***” ХХК-иас “компанийн ашиглалт, үйлчилгээг нь хариуцан явуулдаг усан хангамж, дулааны шугам сүлжээ тухайн газраар дайрч өнгөрч байгаа” гэсэн үндэслэлээр тус тус маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргасан.

4.  Анхан шатны шүүх  “...хуульд заасан процессын улмаас хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалын холбогдох хэсэгт үүссэн хууль зүйн болон нэхэмжлэгч “Э*** с*** с***” ХХК-ийн хариуцсан “Сөүл Рояалкаунти”, “Хунгийн хотхон”, “Б*** д*** х***” ХХК-ийн хариуцсан “Гэрэлт хотхон”, “Голден Будда” хотхоны оршин суугчдын усаар найдвартай хангагдах буюу нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй үр дагаврыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн дүгнэн, маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”,

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4"газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгоно хэмээн,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасанчлан шүүх хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагч, гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, маргаан бүхий газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны Газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгох тухай А/158 дугаар тушаалын үндсэн дээр олгогдсон 2019 оны тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0171216 дугаар гэрчилгээний хавсралтын “Д” талбай болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тодорхой тогтоогдсон.

Нэхэмжлэгч “Ж*** У***” ХХК-иас маргаан бүхий газарт компанийн өмчлөлийн гүний худаг байрладаг, мөн дулааны шугам сүлжээтэй бүхэлдээ давхацсан, барилга байгууламж барих боломжгүй, хуулиар хориглосон газар хэмээн тайлбарлан маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Байгаль орчны сайдын 2007 оны 287 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгогдсон 2.0 га газартаа “Гэрэлт хотхон” болон “Голден Будда” орон сууцны хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Улмаар өөрийн ашиглах эрх бүхий газрын цэсийн гадна гүний худаг гаргуулсан нь гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай бөгөөд тухайн газрыг хуульд заасан журмын дагуу ашиглах талаарх хүсэлтийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргаж байгаагүй. Мөн гуравдагч этгээд О.О***тэй 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “... “Ж*** у***” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо зайсан толгойн баруун талд байрлах 100% хөрөнгө оруулалтаар хийгдсэн ЦТП болон бусад холбогдох тоног төхөөрөмжүүдийг хамтран ашиглаж, 50, 50%-иар өмчилж, эзэмших” талаар харилцан тохиролцож “Дулааны шугам хамтран эзэмших гэрээ”-г байгуулж байсан.

Нэхэмжлэгч “Э*** с*** с***” ХХК болон “Б*** д*** х***” ХХК-ийн тухайд “Ж*** У***” ХХК-иас хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу “компанийн ашиглалт, үйлчилгээг нь хариуцан явуулдаг усан хангамж, дулааны шугам сүлжээ тухайн газраар дайрч өнгөрч байгаа” гэсэн үндэслэлээр шүүхэд хандан маргаж байх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын сайдын 2019 оны “Газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгох тухай” А/158 дугаар тушаалаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд буудаллах, отоглох зориулалтаар олгосон бөгөөд тухайн этгээдээс маргаан бүхий газарт барилга, байгууламж бариагүй.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/158 дугаар тушаалын холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлснээр нэхэмжлэгчдийн зөрчигдсөн гэх ямар хууль ёсны эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хариуцагчид дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0433 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн  “Ж*** у***” ХХК, “Э*** с*** с***” ХХК болон “Б*** д*** х***” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон газраас “Д” талбарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА