Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/574

 

 

 

 

 

 

 

 

 

 2021             9           09                                       2021/ШЦТ/574

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Б.М-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д-гийн өмгөөлөгч Э.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Г овогт Б-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000591070 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймаг Бугат суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Гоо сайханы салон ажиллуулдаг гэх, ... дүүргийн ... дүгээр хороо .... дүгээр гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... байр ... тоотод оршин суух,

урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 281 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Г овогт Б-ын М-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд “Х П” ХХК-ийн төлбөр хураалтын хэсгийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг урвуулан ашиглаж 30,775,545 төгрөгийг хувьдаа зарцуулж хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Б.М- нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д-гийн “... Манай байгууллага 2009 оноос хойш Эрүүл мэндийн салбарт шинжилгээ, оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явуулсаар ирсэн. ... 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 дугаартай тушаалаар угтах үйлчилгээний менежерээр томилон ажиллуулж эхэлсэн. Угтах үйлчилгээний менежер гэдэг нь үйлчлүүлэгчдээс манай байгууллагаар үйлчлүүлэхдээ тогтоосон тариф буюу мөнгийг хурааж авдаг ажил гэсэн үг. 2020 оны 11 дүгээр сард манай нэг үйлчлүүлэгч над руу залгаад танайх төлбөрөө яагаад хувийн дансаар аваад байна гэж хэлэхээр нь би шалгаад үзтэл эхний ээлжид 4 хүнээс хувийн дансаар мөнгө авсан байсан. Ингээд санхүүгийн албаараа дамжуулан байгууллагын программаас үзтэл асуудалтай юмнууд ихээр гарч ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 29-30 дугаар хуудас/,

 

          Гэрч Б.Н-ын “... 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш уг байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогч Л.Мягмарлхам илрүүлсэн 49 тохиолдол, миний ирүүлсэн 58 тохиолдлыг ойлгомжтой байдлаар хүснэгтэд оруулан үйлчлүүлсэн хүн бүрийн овог нэртэй дэлгэрэнгүй судалгаагаар гаргасан байгаа. Манайд үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн төлбөрийг авахдаа бэлнээр, бэлэн бусаар төлбөрийг авдаг. Үйлчлүүлэгч нар төлбөрөө хийсний дараа программ дээр мөнгөн дүнг шивж оруулахад тухайн хүний үзүүлэх билл гарч ирдэг. Анхнаасаа үйлчлүүлэгч нараас мөнгө авахдаа төлбөр хэсэгт үзүүлэх мөнгөн дүнг хийж оруулаад өөрөө хөнгөлсөн буюу 40,000 төгрөгийг нь аваад байна. Хамгийн гол нь эдгээр хөнгөлсөн дүн буюу 40,000 төгрөгийн урамшуулал нь тухайн он, сард ийм урамшуулал байгууллагаас зарлаагүй. Нийт дүн буюу үйлчлүүлэгчээс авсан мөнгө нь төлбөр буюу байгууллага руу хийсэн мөнгөн дүн, хөнгөлсөн дүн Б.М-ын халаас руу орж байна гэж ойлгож байна. Миний гаргасан 58 тохиолдол бол зөвхөн 2020 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл. Хуучин ажиллаж байсан нягтлан Мягмарлхамын илрүүлсэн 49 тохиолдол нь 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын тохиолдол байгаа...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 24-26 дугаар хуудас/,

 

          Гэрч С.Ц-гийн “... Би анх тухайн байгууллагад 2018 оны 1 дүгээр сараас ажилд орсон. ... 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл угтах үйлчилгээний менежерээр ажиллаж байсан. Одоо хүүхэд асрах чөлөөтэй гэртээ байгаа.Манай байгууллагад үйлчлүүлэх гэж орж ирсэн иргэдтэй анхлан уулзаж ямар шинжилгээ өгөх талаар мэдэж тухайн хүнээс төлбөрийг нь бэлнээр болон бэлэн бусаар /картын пос машин уншуулж/ авдаг байсан.  ... Бид угтах үйлчилгээнд байхдаа тухайн үйлчлүүлэгч төлбөрөө төлөх карт болон бэлэн мөнгөгүй тохиолдолд өөрийнхөө хувь хүний дансруу мобайлаар мөнгийг нь авч өөрсдийнхөө картыг байгууллагын пос машинд уншуулах асуудал хааяа тохиолддог байсан. Яагаад гэхээр компаний дансруу мөнгө хийлгэвэл мөнгө орсон эсэхийг зөвхөн нягтлангууд харах боломжтой, бид нар мэдэх боломжгүй учир тухайн хүн төлбөр тооцоогоо хийсэн эсэхийг нь цаг тухайд нь харахад хүндрэлтэй байдаг...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 35-37 дугаар хуудас/,

 

          Х П ХХК-ны захирлын 2015 оны 101 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай тушаал. /хэргийн 1 дүгээр хавтас 101 дүгээр хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №91 дугаартай “... 3. Б.М- нь “Х П” ХХК-д 29,844,545 хохирол учруулсан гэж дүгнэсэн нь шинжилгээгээр 30,775,545.00 төгрөг байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 2 дугаар хавтас 45-46 дугаар хуудас/,

 

          Б.М-ын яллагдагчаар өгсөн “... Би Х П ХХК-ны угтах үйлчилгээний менежерээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж гарсан. Энэ хугацаанд ажиллаж байхдаа дутаасан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Санхүү дээр байнгын хүн байхгүй, орсон орлогыг хянаад байж чаддаггүй байсан болохоор би өөрийн хувийн данс руу мөнгийг шилжүүлж аваад дараа нь байгууллагын данс руу хийдэг байсан. Зарим тохиолдолд АТМ-ээс бэлнээр мөнгийг авч санхүүд өгдөг байсан. Би хэд хэдэн удаа хувийн дансаар орсон мөнгийг шилжүүлээгүй тохиолдол байгаа. 2020 оноос хойш байгууллагын данс татвараас болж баригдсан. Түүнээс болж миний мөнгө дутаах гол эх үүсвэр болсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 103-105 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас Х П” ХХК-д 30,775,545 төгрөгийн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №91 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч Б.М-аас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Б-ын М-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М-аас 30,775,545 төгрөг гаргуулж “Х П” ХХК-нд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ