Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2018/ДШМ/026

 

 Т.Эд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.*******даваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №03 тоот эсэргүүцлээр Т.Эд холбогдох эрүүгийн 1714002030138 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.*******даваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт Т.Э, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Т.Э нь бага насны хүүхэд Ж.Т, Г.Д нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “******* ******* *******” хүнс барааны дэлгүүрт 2017 оны 9 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 350.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч ******* овогт Т.Эг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Э гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан товч нэг ширхэг, бахь нэг ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №03 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн тусгай бүлэг болгон тусгаж өгсөн. Энэ бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Т.Эд Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хүмүүмжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулхаар дүгнэлт гаргасан боловч шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ял оногдуулсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар 8 дугаар бүлэг болгон тусгайлан журамласан байхад дээрх тусгайлсан журмыг хэрэглэхгүйгээр шүүгдэгчид өөр бүлэгт зааснаар буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 зэргийг журамлан шийдвэрлэсэн нь мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Эгийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хуульчилсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасныг зөвтгүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Т.Э нь бага насны хүүхдүүд болох 12, 13 настай Ж.Т, Г.Д нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “******* ******* *******” хүнс барааны дэлгүүрт 2017 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 350.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож түүнд Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдээгүй буюу хуульд байхгүй зүйл хэсгээр шүүхэд шилжүүлж ял оногдуулсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1.8 гэж мөн хуульд байхгүй зүйлээр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудыг шийдвэрлэсэн, ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг үндсэн агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгон хэрэглэж шүүгдэгчийг хорих ялаас чөлөөлсөн зэрэг ноцтой зөрчил гаргажээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Цаашид анхан шатны шүүхээс хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ Т.Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд тодорхойлсон эсэхийг нарийвчлан шалгах нь зүйтэйг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Т.Эд холбогдох эрүүгийн 1714002030138 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ