Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/649

 

 

 

 

 

 

 

2021             10           08                                      2021/ШЦТ/649

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Х.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас У овогт Х-ын С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105011421184 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, казак, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт .... дүүрэг ... дугаар хороо ...  дугаар байрны .... тоотод түр оршин суух, .... аймаг ... сум ... дүгээр баг ... гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрүүгийн 2106018891523 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг заасан үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, У овогт Х-ын С-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.С- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар 2020 оны 10 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар  гудамжны 147 тоот хашаанд байсан хохирогч Б.Э-ын эзэмшлийн ХХ-ХХ УНМ улсын дугаартай, “Старлет” маркийн тээврийн хэрэгслийг түүнээс 2,000,000 төгрөгөөр худалдаж авна хэмээн хууран авч хохирогч Б.Э-ын өмчлөх эрхэд 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                                        

Шүүгдэгч Х.С- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар 2020 оны 10 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар  гудамжны 147 тоот хашаанд байсан хохирогч Б.Э-ын эзэмшлийн ХХ-ХХ УНМ улсын дугаартай, “Старлет” маркийн тээврийн хэрэгслийг түүнээс 2,000,000 төгрөгөөр худалдаж авна хэмээн хууран авч хохирогч Б.Э-ын өмчлөх эрхэд 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хoхирoгч Б.Э-ын “Х.С- 2020 оны 10 дугаар сарын дундуур ХХ-ХХ УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засаж өгнө гэж ярилцаж байгаад сүүлдээ 2,000,000 төгрөгөөр авъя гээд тухайн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн ... дугаар  гудамж 147 тоотод байх манай ах болох Б.Э-гийн хашаанаас ирж авсан. ХХ-ХХ УНМ дугаартай тээврийн хэрэгсэл нь Мэнгүүт Арвижих банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байж байгаад би мөнгийг нь төлж дууссан байсан ч өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм.

Эхлээд 2020 оны 10 дугаар сарын дундуур ХХ-ХХ УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цахилгаан янзална гэж ирж үзэхдээ эгчээ би машиныг чинь 2,000,000 төгрөгөөр худалдаж авъя, та миний дансны хуулгыг хар гээд гар утсаараа хуулгаа үзүүлээд байсан.  Би өдөрт 700,000-1,000,000 төгрөгийн орлого олдог. Би Вива сити болон 13 дугаар хорооллын байрыг 2020 оны 3 дугаар сард худалдаж авсан гэж миний итгэл үнэмшлийг төрүүлсэн. Тэгээд би итгээд 2,000,000 төгрөгөөр тохирч ХХ-ХХ УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон гэрчилгээг нь өгч явуулсан.

Би гомдолтой байна. Итгэл үнэмшлийг минь төрүүлж 2,000,000 төгрөгөөр тохирч миний тээврийн хэрэгслийг авч явчихаад 1 жил өнгөрсөн байхад одоо хүртэл мөнгийг минь өгөхгүй байна. Миний 2,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Э-гийн “2020 оны 10 дугаар сарын сүүлээр манай гэр болох Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард аюушийн 5-146 тоотод гэртээ байж байхад манай төрсөн дүү болох Б.Э- надад ХХ-ХХ  УНМ улсын дугаартай автомашиныг нэг хүн ирж авна гэж байсан. Уг машин нь манай хашаанд байдаг юм. Цахилгаан хальт гэмтэлтэй байсан юм. Тэгээд 3 дахь өдөр санаж байна, үл таних казак нэртэй эрэгтэй хүн ирж үзээд кришик нь жоохон асуудалтай байна гэж хэлээд үзээд яваад өгсөн. Маргааш буюу 4 дэх өдөр нь би ажил дээрээ хоносон болохоор гэртээ байгаагүй. Манай дүү Б.Э- над руу утсаар залгаад өчигдрийн машин үзсэн эрэгтэйд өгөөд явуулчихаа, наад хүн чинь засварчин, засаад өгнө гэж байсан. Тухайн өдөр манай эхнэр гэрт байсан учир ХХ-ХХ УНМ улсын дугаартай автомашины түлхүүрийг эхнэртээ үлдээсэн.   Тэр залууд өгсөн  гэсэн. Тэр нь машиныг аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

            Гэрч М.К-ийн “... Тэгээд 2020 оны 10 дугаар сарын эхээр над руу Х.С- гэх танил 97111140 дугаараас миний 99945596 дугаар руу залгаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудал дээр ир гэж дуудсан. Тэгэхээр нь би яваад очиход нэг танихгүй хөгшин эмэгтэйгийн хамт явж байсан.

Х.С-  тэр үед энэ эмэгтэйгийн машиныг түр унахаар болсон гэж хэлээд хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанаас машиныг нь очиж авахаар болоод танихгүй эмэгтэй бид 3 гэр хорооллын хашаанд очсон. Би хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд хашаанд очиход танихгүй эрэгтэй хүн энэ машин гээд саарал өнгийн жижиг машин зааж өгсөн.

Намайг жолоодож явах үед доголдоод унтрах гээд байсан. Өөр эвдрэл гэмтэл байсан эсэхийг би мэдэхгүй. Миний харснаар нилээдгүй хуучирсан машин байсан санагдаж байна. Би дахиж тухайн тээврийн хэрэгслийг жолоодоогүй.  Х.С-тай уулзалдаагүй бараг 1 жил гаран болж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №01/140 дугаартай “Toyota Starlet маркийн 1997 онд үйлдвэрлэгдсэн 2006 онд Монгол Улсад орж ирсэн автомашин нь манай зах зээл дээр дунджаар 2,000,000 төгрөгийн үнэтэй байх боломжтой болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /хэргийн 39 дүгээр хуудас/,

 

            Х.С-ы  яллагдагчаар өгсөн “... Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-51 дүгээр хуудас/

 

Хохирогч, яллагдагчийг нүүрэлдүүлж  мэдүүлэг авсан  “... Хохирогч Б.Э-аас: Х.С- надаас ХХ-ХХ УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,000,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай худалдаж авахаар тохирсон. Тэгээд надад 500,000 төгрөг өгчих гэхэд за гэж хэлээд тухайн тээврийн хэрэгслийг авч явсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/,

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Х.С- нь хохирогч Б.Э-ыг “ ... Би өдөрт 700,000-1,000,000 төгрөгийн орлого олдог, Вива сити болон 13 дугаар хорооллын байрыг 2020 оны 3 дугаар сард худалдаж авсан ... ” гэж хуурч, өөрийгөө төлбөрийн чадвартай мэтээр ойлгуулж автомашиныг нь авсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт хохирогч Б.Э-ын “... яллагдагч Х.С-аас хохирлоо бүрэн барагдуулж авлаа. Түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн баримт /хэргийн 94 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Х.С- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Шүүх, шүүгдэгч Х.С- нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх бөгөөд түүний орлого нь тодорхойгүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаагаар тогтоов.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Х-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.С-ыг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.С- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ