Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/648

 

 

 

 

 

 

 

 

2021             10           08                                      2021/ШЦТ/648

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Ц.А-

хохирогч Х.Л- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Цэрэндорж Амартайванд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105014541253 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 3 дүгээр сарын ...-ний өдөр, Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ...  дүгээр хороо Алтай хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн А-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны ... дүгээр байрны ... тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Л-тай маргалдан, улмаар хуруугаараа 2 нүд рүү нь хатгаж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны салстын урагдал, цус хуралт, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Л- мэдүүлэхдээ: “Өөрийн гэр бүлийн гишүүний хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.

            

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Ц.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

            Хохирогч Х.Л-гийн “2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны ... дүгээр байрны ... тоотод гэртээ ирэхэд манай нөхөр болох Ц.А- гэрт согтуу байж байсан. Тэгээд намайг зүгээр дуугараагүй байхад чи яагаад дуугарахгүй байгаа юм чи их өөр болжээ гэх зэргээр хэрүүл өдөөд яваад байсан юм. Тэгээд би чи чимээгүй болооч гээд түлхэхээр намайг зөрүүлж түлхээд зууралдаад байхаар нь би цаад өрөөндөө ороход араас дагаж ирж хэрүүл хийгээд дахиад намайг түлхэж барьж аваад байсан. Тэгээд 3 дахь удаагаа дахиад хэрүүл хийж эхлэхээр нь би уйлаад хэвтэж байсан чинь чи үнэн уйлаад байгаа юм уу гэх зэргээр хэрүүл хийгээд байсан. Тэр үед би юм дуугараагүй байж байхад дахиад над руу ойртож ирэхээр нь би айгаад түлхсэн чинь миний зүүн нүд рүү зүүн гарынхаа хуруугаар маш хүчтэй хатгасан. Арай гэж ноцолдож байгаад салаад том өрөөнд ороод нүдээ харахад миний зүүн нүднээс цустай нулимс гарч байсан. Намайг хараад юу болсон гэж асуухгүй догшин хэвээрээ байсан. Бид хоёр гэртээ хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй. Энэ асуудлыг харсан хүн байхгүй. Би цагдаад дуудлага өгөөгүй. Манай эгч надаас утсаар болсон асуудлыг сонсоод 102 дугаарт залгаж цагдаа дуудсан.

            Манай нөхөр болох Ц.А- нь өдөр бүр архи уудаг. Ер нь архины хамааралтай болсон. Тодорхой ажил хийдэггүй, гэртээ л байдаг.

            ... Бид хоёр байнга архины хэрүүл хийдэг. Ц.А- нь согтуу ирнэ. Надад маш хэцүү байдаг.  Согтуу байхдаа хэрүүл өдөөд үглээд хараалын үг хэлээд явган хэрүүл тасардаггүй.

... Би гомдолтой байна хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 10-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7090 дугаартай:

          1. Х.Л-гийн биед зүүн нүдний алимны салстын урагдал, цус хуралт, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хэргийн ...-25 дугаар хуудас/,

 

Ц.А-ы яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн орой 20 цагийн үед Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны ... дүгээр байрны ... тоот гэрээсээ гараад гэрийн доод талын Сүүтэй дэлгүүрээс 0,5 граммын Хараа архи аваад гэртээ ороод ганцаараа дуустал нь уусан. Тухайн үед гэрт хүн байгаагүй сууж байсан чинь гаднаас эхнэр Лусаамаа ажлаа тараад орж ирсэн. Тэгээд шууд намайг чи архи уусан юм уу гэхэд нь би архи уусан гэж хэлсэн. Тэгээд би Лусаамааг чи яагаад юм дуугарахгүй байгаа юм бэ дуугараач гэх зэргээр хэрүүл маргааныг би эхлүүлсэн юм. Согтуу байсан болохоор үглээд хэрүүл хийгээд араас нь дагаад яваад байсан ба түлхэж унагаасан байх ямар ч байсан би 3 удаа хэрүүл хийж өдөж очсон санагдаж байна. Цаад өрөөнд Лусаамаа орчихсон байхаар нь араас нь очиход уйлчихсан сууж байсан. Тэгээд би ойртоод очсон чинь намайг түлхсэн. Тэгэхээр нь би зүүн гарын долоовор хуруугаараа эхнэр Лусаамаагийн зүүн нүд, тухайн нүдний доод зовхи хэсэг рүү нь нэг удаа хатгасан юм. Лусаамаагийн 2 шуунд үүссэн гэмтлийг би үүсгэсэн. Намайг гаргахгүй гээд 2 гарнаас бариад байхаар нь би Лусаамаагийн гараас бариад байхаар нь би Лусаамаагийн гарыг 2 гараараа шуу хэсгээр нь хатгаж базсан юм.

... Би эхнэр болох Х.Л-г согтуудаа маргалдаж цохиж зодсон. Энэ гэмтлийг би учруулсан. Би Х.Л-г ажлаа тараад гэртээ орж ирэх үед архинаас болж хэрүүл маргаан үүсэж цохиж зодсон. Бид хоёрын маргааныг харсан хүн байхгүй. Гэртээ Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны ... дүгээр байрны ... тоотод байсан юм.

... Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Ц.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны ... дүгээр байрны ... тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Л-тай маргалдан, улмаар хуруугаараа 2 нүд рүү нь хатгаж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны салстын урагдал, цус хуралт, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч Х.Л-, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон мөрдөн шалгах явцад Ц.А- яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.А- өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Х.Л-г зодож биед нь зүүн нүдний алимны салстын урагдал, цус хуралт, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд цус хуралт гэмтэл учруулсан бөгөөд түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул тус зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” хэлнэ гэж заажээ.

Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт энэ хуулийн үйлчлэлд хамрах этгээдийг “эхнэр, нөхөр ...” гэж тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Ц.А- нь хохирогч Х.Л-тай гэрлэлтээ бүртгүүлсэн, хууль ёсоор эхнэр, нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар /хэргийн 47 дугаар хуудас/ тогтоогдсон ба шүүгдэгчийг эхнэрийнхээ эсрэг бие махбодийн хүч хэрэглэсэн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.А- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар буюу хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Х.Л-гийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Л- “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ц.А- нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүнийг тухайн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг орлого нь тодорхойгүй тул торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А-г торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А-г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.А- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ