Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/665

 

 

 

 

 

 

 

 

2021             10           15                                      2021/ШЦТ/665

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.А- даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ын Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001189 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...  оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймаг Сант суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сант сум ... дүгээр баг Ивэн ... дүгээр гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, ........ дүүрэг ... дүгээр хороо Мон лаа ... гудамжны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Ц

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Ц- нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор трейд ХХК-ийн бетон зуурмагийн хашааны гадна Б.А-ийн хог битгий асга гэж анхааруулсныг үл ойшоон маргалдаж нүүр, толгой хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Б.А-ийн “2021 оны 8 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан чинь манай үйлдвэрийн үүдэнд зуурмагийн автомашин хогоо асгаж байхаар нь Баттүвшин, Улаанхүү, Амаржаргал нарыг явуулаад энд битгий хог асгуул гэж хэлээд явуулсан. Тэгээд манай гурван ажилтан явуулчихлаа гэж хэлчхээд хүрээд ирсэн ба бид нар тоохгүй юмаа хийгээд байж байсан чинь хэсэг хугацааны дараа нөгөө машинтай хүмүүс манай байгууллагын хашааны мухарт оччихсон зуурмагийн хогоо асгаж байсан. Тэгээд би оччихоод ирье гээд нөгөө зуурмагийн автомашин дээр очоод наад үйлдлээ зогсоо, битгий давраад байгаарай гэж хэлээд автомашинаа унтраа гэсэн. Тэгсэн унтраахгүй байж байгаад чиний газар биш гэж шороон дээр зогсож байсан Ганбат гэх залуу хэлэхээр нь Ганбат руу хөнгөн блокны өөдөс аваад шидсэн ба тухайн залууг оноогүй.

          Тэр хооронд маргалдаад машинаа унтраа гэж хэлээд байж байтал Ц- гэх залуу нь маргалдаад над руу ойртоод ирэхээр нь би Ц-г зүүн гараараа түлхээд зургийг чинь авна гэж хэлээд машин руу нь алхаад машиных нь зургийг дарсан чинь машины номер гараагүй байсан. Хоёр дахь удаа дараад номер нь гарчхав уу гээд утас руугаа хараад дээшээ өндийтөл миний баруун талын хөмсөг, нүд хэсэг рүү цохисон. Тэгээд миний хөмсөгнөөс цус гоожоод байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба манай нөгөө гурван ажилтан гарч ирсэн.

          Би Ц-г цохиж зодсон асуудал байхгүй. Би зүгээр ойртож ирээд хэрүүл хийгээд байхаар нь машинаа унтраа гэж цээж рүү нь нэг удаа түлхсэн. Өөр ямар нэгэн асуудал байхгүй.

          Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Би тухайн үед гарсан эмчилгээний зардал томографик авхуулсан 180,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн хохирол зэргийг барагдуулах хүсэлтэй байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

          Гэрч Я.Г-ын “ ... хар автомашинтай нэг хүн ирэхээр нь би дүү Ц-г торхоо зогсоо, бас болохгүй газар юм байлгүй гэж хэлсэн чинь нөгөө автомашинтай залуу автомашинаасаа бууж ирээд пизда наахуу гэж хараагаад дүү Ц-гийн шанаан тус газар нь нэг удаа цохиод авсан. Тэгснээ над руу ташаандаа гараа тулдаг хаанахын хэн бэ гэж хэлээд тал тоосго авч шидсэн. Тэр нь намайг оноогүй. Тэгснээ Ц- рүү ахиж дайрсан чинь Ц- нөгөө залуугийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Тэгсэн нөгөө залуугийн нүүрнээс цус гарахаар нь би Ц-г татаж авсан ба нөгөө залуу одоо гоё, та хоёрыг цагдаад өгнө, сонин болгоно гээд байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд манай дүүгийн толгойг хагалчихсан байсан.

          Ц-г нөгөө автомашинтай хүн ирээд шанаан тус газар нь цохисон. Тэгэхэд нь Ц- торхны шатыг мөргөж толгойгоо хагалсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

          Гэрч Л.У-гийн “... Тэгсэн нөгөө автомашин нь манай байгууллагын хашааны зүүн урд оччихсон хогоо буулгаж байсан ба манай дарга А- хараад би очиж явуулчхаад ирье гээд явсан. Бид нар юмаа хийгээд байцгааж байсан чинь дарга А- над руу залгаад энд чинь бөөн юм болж байна, хүрээд ир гэж хэлэхээр нь Амаржаргал, Баттүвшин бид гурав яваад очиход А- захирал өөрийнхөө жижиг тэрэгний урд талд утсаа барьчихсан, хөмсөгнөөс нь цус гарчихсан зогсож байсан. А- захирал хэлэхдээ энэ хэд чинь цохиод авдаг байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Бид нар А- захирлыг цохисныг хараагүй. А- захирал хэлэхдээ жижиг биетэй нь цохисон гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7454 дугаартай:

          “1. Б.А-ийн биед баруун хөмсөгт шарх, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

          Б.Ц-гийн яллагдагчаар өгсөн “2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр танил ах Ганбатын зуурмагийн автомашины торхыг цэвэрлээд дотор талын шаврыг асгах зорилгоор Баянгол дүүргийн 20 дугаар хороо Молор трейд компанийн хашааны гадаа очоод асгах гэж байсан чинь компанийн хашаан дотор талаас нь автомашинтай 3 залуу ирээд энд асгаж болохгүй, энэ манай компанийн эзэмшил газар гэж хэлсэн. Тэгэхээр нь би урд талын хог асгасан хэсэгт асгавал яах уу гэж асуусан чинь хэн нь хэлснийг мэдэхгүй, наад газрыг чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганбат ах бид хоёр автомашинаа хөдөлгөөд урагшлаж зогсоод асгаад байж байсан чинь араас хар өнгийн Crown маркийн автомашинтай хүн ирээд пизда нар минь та нар хэн юм бэ гэж хэлээд учир зүггүй миний шанаа хэсэг рүү цохиод авсан. Тэгээд би хойшоо болохдоо толгойгоо төмөрт цохиж язарсан. Тэгээд би босч ирээд уурлаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь нүдний дээд хэсгээс нь цус гоожоод эхэлсэн. Тэгсэн нөгөө залуу одоо ёстой гоё гэж хэлээд утсаа гаргаж ирээд цагдаа дуудсан.

          Миний толгойн ар хэсэгт жижиг язарсан шархтай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан.

          ... Би хохирлоо барагдуулна. ... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор трейд ХХК-ийн бетон зуурмагийн хашааны гадна шүүгдэгч Б.Ц-, гэрч Я.Г- нарыг хохирогч Б.А- нь хог битгий асга гэж анхааруулсныг үл ойшоолоо гэх шалтгаанаар шүүгдэгч Б.Ц-гийн шанаан тус газарт цохисны улмаас шүүгдэгч Б.Ц- нь түүний толгой хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.А-, гэрч Я.Г-, Л.У- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон мөрдөн шалгах явцад Б.Ц-гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар буюу хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон.   

 

Гэхдээ энэ хэрэг гарахад хохирогч Б.А-ийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь гэрч Я.Г-ын “ ... нөгөө автомашинтай залуу автомашинаасаа бууж ирээд пизда наахуу гэж хараагаад дүү Ц-гийн шанаан тус газар нь нэг удаа цохиод авсан. Тэгснээ над руу ташаандаа гараа тулдаг хаанахын хэн бэ гэж хэлээд тал тоосго авч шидсэн. ... Ц-г нөгөө автомашинтай хүн ирээд шанаан тус газар нь цохисон. Тэгэхэд нь Ц- торхны шатыг мөргөж толгойгоо хагалсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,  мөн гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч хохирогч Б.А-ийн үйлдлийн улмаас шүүгдэгч Б.Ц-гийн биед “баруун чамархайн хуйх, зүүн хацарт зулгаралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 21 дүгээр хуудас/ зэргээр тогтоогджээ.

Иймд дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн баримт авагдаагүй тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг тооцох боломжгүй юм.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тогтсон орлогогүй байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-г торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.А-