Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/578

 

 

 

 

 

 

 

 

 

2021             9           13                                        2021/ШЦТ/578

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Б.Н- түүний өмгөөлөгч Г.Тамир,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С- түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Х овогт Б-ийн Н-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2103001570189 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо Тахилтын 11 дүгээр гудамж 72 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн Н-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Н- нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өлзийт ган ХХК-ийн баруун урд замд Mazda CX-7 маркийн ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зам дээр хэвтэж байсан явган зорчигч А.С-ийг дайрч, амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн, улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С- мэдүүлэхдээ: “Манай гэр бүлийн зүгээс гомдолтой байгаа. Анх осол гарсан өдөр цагдаа дуудаад, оршуулга болох үед бидэнтэй холбогдоогүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа бид нартай уулзсан. Тэгээд яагаад та нар ирээд холбогдчих сэтгэлгүй юм бэ гэж асуусан чинь дүгнэлт гарахыг хүлээж байсан юм гэсэн. Түүнийг л хүлээж байсан. Хэргийн газрын камерын бичлэг дээр дээгүүр нь дайрчхаад зогсчхоод 10 минутын дараа эсрэг урсгалаар нь эргэж ирээд хажууд нь зогсож цонхоороо ч юм уу харчхаад явсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд 30 аад минут амьсгаатай байсан гэж гарсан байна лээ. Хэрвээ анзааргагүй дайрчхаад явсан байж болно. 10 минутын дараа эргээд ирэхдээ зогсоод эмнэлгийн тусламж үзүүлчихгүй яав даа гэдэг дээр гомдолтой байгаа. Бид нар илүү дутуу мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Яг л оршуулгын зардалд гарсан баримтуудаар нийтдээ 15,000,000 нэхэмжилсэн. 8,000,000 төгрөгийг нь ажил явдлын дараа өгсөн. 7,000,000 төгрөгийг яаралтай өгнө гэчхээд алга болсон. Бид нарын зүгээс гомдолтой байна. Оршуулснаас хойших, буяны ажил бусад зардлууд болох баримтаар 7,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 6-12 дугаар хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 15-20 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “... хамгаалалтын албаны бичлэгийг CD-д хуулбарласныг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 24 дүгээр хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “... Ослын газрын зүүн талд байх “ Өлзийт ган” ХХК-ийн зүүн урд булангаас баруун тийш харсан хяналтын камерийн бичлэг үзлэг хийхэд ослын үеийн бичлэг дүрслэгдэн үлдсэн байсныг хуулбарлан авч үзлэг хийв. Бичлэг нь Улаанбаатарын цагаас 1 цагаар түрүүлж явж байна.

... 21:38:09 цагт явган зорчигч зорчих хэсгийн осол гарсан газарт баруунаасаа зүүн тийш чиглэлд явах урсгал газарт уналаа.

... 21:45:23 цагт баруунаас зүүн чиглэлд цайвар өнгийн автомашин хэвтэж байгаа зорчигчийн дээгүүр дайрч гараад 21:45:26 цагт түр зогсолт хийж, 21:45:30 секундэд хөдлөөд явж байна. Явган зорчигч хэвтэж байсан газраасаа нааш байрлал нь өөрчлөгдсөн харагдаж байна. Дэлгэж дээр хэвтэж байсан газрыг тэмдэглэсэн цэгээс автомашиныг өнгөрсний дараа цэг 3мм орчим холдсон харагдаж байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-ын “... Осол гарсан өдөр 17 цагийн үед гэртээ ээжтэйгээ байж байгаад гарсан гэсэн. Яг хаашаа явж байгаа талаар хэлээгүй гэсэн. Гэртээ байхдаа бага зэргийн уусан байсан гэсэн. Үнэртүүлчихсэн байсан гэж ээж маань эхэлсэн. Манай ах хааяа уучихдаг байсан. Яг архины хамааралтай болоогүй байсан.

... Гомдолтой байна. Хүмүүс нь бидэнтэй холбогдоогүй байгаа. Уулзаад уучлал гуйгаад буяны ажилд гаргасан зардлыг төлөөсэй гэж бодож байна. Манай ээж маш хэцүү байдалд байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/,

“... Баримтаар гаргаж өгсөн мөнгөө нэхэмжилнэ. Мөн нэмж нэхэмжлэх тооцоо бүрэн гаргаж амжаагүй байна. Тооцоо гаргаж өгнө. Гомдолтой байна. Тэр хүнтэй уулзаж байгаад шийдвэр гаргана. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 197 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч Б.Баясгалангийн “... Би 3 сар орчим унаад байтал машин байнга эвдрээд байсан бөгөөд засаад удалгүй эвдрээд байсан. Би гэрийнхээ гадаа тавьсан байсан юм. Манай үеэл ах надад манай найз Э-т машинаа үзүүл сайн засдаг гэхээр нь машинаа хашаанд нь тавьсан байсан юм. Би өөрөө хүргэж өгөөгүй бөгөөд манай аав 2019 оны 10 дугаар сард чирч аваачиж өгсөн гэсэн. Очироо ах над руу 2021 оны 3 дугаар сард утсаар залгаад эхнэртээ машин авах хэрэгтэй байна гэхээр нь би 2,000,000 төгрөгөөр ав гэхэд за гэсэн. Гэхдээ мөнгөтэй болохоороо мөнгөө өгөөд машинаа шилжүүлэн авна гэж тохирсон юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 54 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Б-ы “... би 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 30 минутын үед “Хотол тэлмүүн” ХХК-ийн зуурмагийн газарт элс буулгаад гэр лүүгээ явахаар зам дагуу удаан явж байтал зам дээр хүн хэвтэж байсан. Дээгүүр нь машин гарсан шинжтэй жоохон амьсгаатай байхаар нь иргэний үүргээ биелүүлж залгасан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59 дүгээр хуудас/

Гэрч П.Мөнхтуяагийн “... Өчигдөр буюу 6 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим манай нөхөр П- бид хоёр эвдэрсэн автомашиныхаа моторыг янзлуулахаар ТЭЦ-4 урд байдаг манай нөхрийн таньдаг ахын ажилладаг Тэргүүн транс компанийн хашаанд очсон. ... Оройн 20 цаг өнгөрч байхад Насаа бид хоёр тэрний унаж хэрэглэдэг саарал өнгийн Мазда маркийн ХХ-ХХ УНЦ дугаартай автомашинтай ундаанд явсан. Насаа өөрөө автомашинаа жолоодож би ардын суудал дээр суугаад хашаанаас гараад засмал замаар явж байхад төмөр юм уу нэг юман дээгүүр донслоод гарсан. Юун дээгүүр гарчихваа гэхэд нэг уут хог шиг юман дээгүүр гарчихлаа, зам дээр хогоо хаядаг хүмүүс байх юм аа гэж яриад явсан. Түц орж ундаа аваад буцаад хашаа руу явсан. Явж байх замдаа нөгөө донсолдог хэсэгт нэг хүн хэвтэж байхыг хараад хүүе бид хоёрын юм дайрдаг газарт хүн хэвтэж байна уу даа гэж яриад цааш явсан. Жолооч Насаа хүүшээ хоёулаа очих уу гэхэд нь би хэрэггүй согтуу хүн хэвтэж байгаа байлгүй гэж хэлээд цааш явсан.

... Автомашинд эвдрэл үүсээгүй. Төмөр замын гарам дээгүүр гарч байгаа юм шиг таг таг дуугараад жолооч талын 2 дугуйгаар донслоод гарсан.

... Ажлаа дуусаад дөрвүүлээ харихаар машинтай нь явж байхдаа Насаа эгч нөхөртөө бид хоёр унаанд явж байх үед хүний хэвтэж байгаа хэсэгт хог шиг зүйл дээгүүр машинтайгаа таг таг гээд дайраад гарсан. Ундаагаа аваад буцаж ирэхдээ хүн хэвтэж байгааг харсан гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 71 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.П-гийн “... Би 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдөр гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Цагийг нь сайн санахгүй байна бүрэнхий болж байх үед манай эхнэр Мөнхтуяа, Э-ын эхнэр Б.Н- нар дэлгүүр явж ундаа авч ирнэ гээд гараад явсан. Хашаанаас гарахдаа Мазда маркийн ХХ-ХХ УНЦ дугаарын автомашиныг Насантогтох унаад манай эхнэр хойно нь суугаад хашаанаас гараад явсан. Гарсны дараа удалгүй хоёр ундаа аваад хүрээд ирсэн. ... /Бид хоёр засвар хийсээр байгаад харанхуй болсны дараа “Мазда” маркийн автомашиндаа дөрвүүлээ суугаад Э- машинаа бариад хашаанаас гараад засмалаар явах гэтэл цагдаагийн машин ,эмнэлгийн тэрэг ирчихсэн зам хаасан байсан учир буцаж эргээд эсрэг талын замаар гарч явсан/... Бид хашаанаас гараад зам хаасан байх үед юу болсон юм бол гэж энэ талаар хоорондоо ярьж байх үед тэр 2 хоорондоо ярихдаа биднийг зүүн тийш явж байх үед ууттай юм байх шиг байсан түүн дээгүүр гарсан, буцаад ирж байх үед 1 хүн шиг юм байсан, тэр нь хүн байсан юм болов уу гэж ярьж байсан. Хүн нь яасан юм бол гэж хоорондоо ярилцаад л өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 78 дугаар хуудас/

Гэрч Л.Э-ын “... 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Би осол гарах үед ТЭЦ-4 -ын урд талд байх тэргүүн транс ХХК-ийн хашаанд машин янзалж байсан. Би өдөр 15 цагийн үед тэр хашаанд машин янзлах зорилгоор эхнэр Б.Н-ын хамт очсон. Очих үедээ Насантогтох Мазда маркийн ХХ-ХХ УНЦ дугаарын автомашинаа өөрөө унаж орой нар шингэж байх үед дэлгүүрээс ундаа аваад ирье гээд Мөнхөөгийн хамт дэлгүүр явах гээд гарсан. Явчхаад удалгхйүй буцаад ирсэн бөгөөд ундаагаа надад өгөөд би машинаа хурдан дуусгаад харья гэж хэлсэн.

... Би харанхуй болтол засвараа хийгээд 22 цагийн үед дуусгаад гэртээ харихаар эхнэртэйгээ, Мөнхөө түүний нөхөр Рагчаа бид 4 хамт явсан. Тухайн үед машиныг би унаж явсан. Хашаанаас гараад баруун гар тийшээ эргэтэл 2 том машин аваараа асаагаад зогсож байсан бөгөөд би яасан юм бол гээд буугаад очтол цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан учир нөгөө тийшээ эргээд цаад талаар нь тойроод явсан.

... Цагдаа түргэн ирснийг хараад бид хоорондоо юу болсон юм бол гэж ярилцаж байх үед манай эхнэр “Мөнхөө бид хоёрыг зүүн тийш явж байх үед осол гарсан газрын хавьд явж байх үед нь урдуур нь гялгар уут хийсээд ирэх шиг болсон бөгөөд төмөр дайрчих шиг болсон” гэж хэлж байсан. Мөнхөө тэр хоёр хоорондоо тиймэрхүү юм яриад байсан. Би юу дайрсан юм, дайрсан юм аа харсан уу гэж асуухад эргэж дайрсан юм аа хараагүй гэж хэлж байсан.

... Энэ автомашиныг анх эзэн нь гэх залуу надаар янзлуулах гэж авчирсан юм. Тэгээд би 2021 оны 1 сард машиныг нь худалдаж авахаар эзэнтэй тохироод өөрөө янзалсан. Сэлбэгийг нь хүнээс авахыг нь аваад, тааруулахыг нь тааруулаад явдаг болгосон. Би 2.000.000 төгрөгөөр авахаар тохирсон боловч мөнгийг нь өгөөгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 88 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ акт №1260 дугаартай:

“1. Талийгаач А.С-ийн цогцост цээжийн баруун талд 2-10, зүүн талд 2-11 дүгээр хавирга хоёрлосон, гуравласан зөрсөн хугарал, өвчүү ясны гуравласан зөрсөн хугарал, сээрний 9,12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, цээжний 2 талын хөндий дэх цасан хураа, уушги, элэгний эдийн няцрал, үнхэлцэг хальс, бүдүүн гэдэсний чамархайн цус хуралт, зүүн шаант ясны доод 1/3-ийн Бампер хэлбэрийн гурвалжин өнцөг үүсгэсэн, тахилзуур ясны дээд 1/3 -ийн зөрөөтэй далд хугарал, баруун шилбэнд няцарсан шарх, зулгаралт, баруун хацар, эрүү баруун чихний дэлбэн, хүзүү, баруун мөр, бугалга, тохой, шуу бугуй, зүүн тохой , 2 дал, бүсэлхий, зүүн ташаа, зүүн гуя, 2 өвдөг, шилбэнд зулгаралт, зулайн хуйхны дотор гадаргуй, баруун бугалганд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаач нь дээрх цээж, хэвлий, нугалам, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

4. Үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг үгүй байна.

5. 2021 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 02 цаг 30 минутын цогцосны анхны үзлэгээр нас бараад 4-5 цаг орчим болсон байна.” гэсэн дүгнэлт. /хэргийн 148-155 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай “...1. Mazda CX-7 маркийн ХХ-ХХ УНЦ дугаарын автомашины жолооч Баттулгын Насантогтох нь МУ-ын ЗХД-ийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, болон 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч А.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно. б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадалгаа /хэргийн 160-161 дүгээр хуудас / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Н- нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өлзийт ган ХХК-ийн баруун урд замд Mazda CX-7 маркийн ХХ-ХХ УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцох явцдаа замын зорчих хэсэгт байсан явган зорчигч А.С-ийг дайрсны улмаас явган зорчигч А.С- нь цээж, хэвлий, нугалам, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд шүүгдэгч нь хэргийн газрыг санаатай орхин зугтаажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Н-ын буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас осол аваар гарах, улмаар зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг тээврийн хэрэгслээр санаатай орхиж явсан нь учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдэгдэхэд явган зорчигч буюу амь хохирогч А.С- нь хүнд зэргийн согтолттойгоор автомашины замын зорчих хэсэгт хэвтэж байсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Мөрдөн шалгах явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-аас нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Н- нь шүүхийн шатанд төлж барагдуулсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж “Шашны зан үйл болон өмгөөлөгчийн хөлсөнд нийт 7,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Монгол Улсын Үндсэн хууль, болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өөрийн хүсэл зоригийн асуудал ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамааруулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

Харин шашны зан үйл үйлдэх, хурал ном хуруулах зэргээр зарцуулсан 4,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх, шүүгдэгч Б.Н-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэлээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Н- нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 45 минутад гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан зарим гэмт хэрэг, хүнд эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх болон хасах зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломж бий болсон гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Мөн шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 3 дугаар сарын 06-нд төрсөн бага насны хүүхэдтэй болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар /хэргийн 195 дугаар хуудас/ тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн жолоочийн №1179060 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-од 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавихыг даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд Б.Н-од оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н- хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгохыг сануулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Н- шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг шүүх уг шийдвэрийг хүчингүй болгохыг мэдэгдсүгэй.

 

9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-ын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлс, 4,000,000 төгрөгийн зан үйлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Н-ын жолоочийн №1179060 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ