Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/580

 

 

 

 

 

 

 

2021             9           14                                        2021/ШЦТ/580

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Золбаяр,

улсын яллагч Н.Мөнхбат,

өсвөр насны шүүгдэгч Н.О- түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн О-т холбогдох эрүүгийн 2105000001098 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын коллежийн 2 дугаар курсын оюутан, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эмээгийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ...  дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ийн О-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Н.О- нь “2021 оны 7 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны гадна хохирогч С.М-ийг зодож, биед нь хамар ясны хугарал, хоёр нүдний дотор булан, доод зовхи, хамрын зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний палангийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, өсвөр насны шүүгдэгч Н.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч С.М-ийн “... Мөнгөө бид хоёр гэрт нь орохгүйгээр сааданд суугаад шөнө 1 цаг өнгөртөл юм ярьж суусан. Ингээд юм яриад сууж байтал Мөнгөө рүү А- гэх найз охин нь залгаад “хаалгыг чинь онгойлгож чадахгүй байна хүрээд ир” гэсэн. Мөнгөө бид хоёр байрны гадна очиход А-, О- хоёр гараад ирчихсэн орцны хажууд сууж байсан. Тэгтэл А- гэх охин надад хандан яах гэж ирсэн юм бэ? гэж хэлээд маргалдсан. Би юу ч хэлээгүй бөгөөд замын бродюр дээр очоод суутал О- хүрч ирээд нүүр лүү өшиглөөд заамдаж аваад нүүр лүү гараараа цохиод байсан. Мөнгөө дундуур ороод салгах гэхэд О- зуурчхаад тавихгүй байсан. Тэр үед нэг танихгүй эрэгтэй хүн хүрч ирээд салгасан. Хамраас цус их гарсан байсан бөгөөд Мөнгөөгийн гэрт орж угаасан. Миний биед учирсан гэмтлийг О- өшиглөж учруулсан. Би Мөнгөөгийнд хонох гээд ирэхэд О- намайг Мөнгөөтэй хардаад зодсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнгөөгийн “... М- бид хоёр байрны гадаа яваад очтол А-, О- хоёр гадаа сууж байсан. М- замын хажууд сууж байтал А- М-т хандаж “чи яах гэж ирсэн юм бэ” гэж хэлээд хэрэлдэхээр нь холдуулсан. Тэр үед О- М-ийг нүүр лүү нь өшиглөөд газарт унагаасан. Тэгээд хоорондоо зууралдаад байсан. О- М-ийн нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Би дундуур нь ороод салгах гээд дийлэхгүй байсан бөгөөд хажуугаар явж байсан танихгүй эрэгтэй хүн ирээд салгаж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дугаар хуудас/,

 

Гэрч С.А-ы “... Гадаа орцны үүдэнд сууж байтал Мөнгөө, М- нар ирсэн. Би М-т хандаж “чи одоо боль Мөнгөөгөөс салсан бол тэр чигтээ бай” гэж хэлээд маргалдаж Мөнгөө “боль” гээд холдуулсан. Тэр үед О- М- дээр явж очоод сууж байхад нь нүүр хэсэгт нь өшиглөөд мөн гараараа цохисон. Ингээд хоорондоо зууралдаад салахгүй байхаар нь Мөнгөө очоод салгах гээд дийлэхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №6546 дугаартай:

“1. С.М-ийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний дотор булан, доод зовхи, хамрын зүүн талд цус хуралт, хоёр нүдний дотор булан, доод зовхи, хамрын зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний палангийн эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг юм уу олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Мөн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт. /хэргийн 42-43 дугаар хуудас/,

 

          Өсвөр насны шүүгдэгч Н.О-ийн “... М- над руу хараад инээгээд байсан. Миний уур хүрээд М-ийг замын бордюр дээр суухаар нь би түүний нүүр хэсэг рүү нь өшиглөсөн чинь хойшоо саваад унахаар нь би түүний дээр гарч суугаад нүүр хэсэг рүү нь 1-2 удаа гараараа цохисон. Тэнд байх хүүхдүүд бид хоёрыг салгаад М-ийг босгохоор нь түүний хамар хэсэг рүү нь дахин нэг удаа гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан. М-ийн биед би гэмтэл учруулсан. Түүнийг бүлэглэж зодсон зүйл байхгүй. М- салсан найз охин юмаа. М- бид хоёр үерхдэг байх үед М- М-тэй утсаар ярьж, чатлаж, уулзаж хамт хонодог байсан. Би М-, М- хоёрын харилцааг мэдээд түүнтэй таарамжгүй харилцаатай болсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Өсвөр насны шүүгдэгч Н.О- нь “2021 оны 7 дугаар сарын 18-аас 19-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны гадна хохирогч С.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч С.М-, гэрч Б.Мөнгөө, С.А- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон мөрдөн шалгах явцад өсвөр насны шүүгдэгч Н.О-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Н.О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Н.О- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар буюу хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч С.М-ийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт баримтаар 1,123,577 төгрөг тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс 230,000 төгрөг төлсөн тул үүнийг хасаж үлдэх 893,577 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Н.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, өсвөр насны шүүгдэгч Н.О- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Н.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Н-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-ийг 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.О-ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.О- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.О-ээс 893,577 төгрөг гаргуулж Төв аймаг ... сум Тосон багт оршин суух хохирогч Тахилант овогт Сарангуагийн М-т олгож, хохирогч С.М- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ