Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1724

 

"Эс Эн Эн" ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01260 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "Эс Эн Эн" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 012 052 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: “Эс Эн Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Эс Эн Эн" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага нь вафли, печень үйлдвэрлэдэг бөгөөд борлуулалтын гэрээний дагуу аж ахуйн нэгж байгууллагад өөрийн үйлдвэрийн барааг түгээн борлуулдаг. Тус компани нь 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр "Мөнхзамбала корпораци" ХХК-тай гэрээ байгуулан, бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн. Бид гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, 2016 оны 08 дугаар сарын 12-нд төлөх график гаргаж өгсөн ч барагдуулахгүй байгаа тул гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 012 052 гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч "Мөнхзамбала корпораци" ХХК-иас гэрээний үүрэгт 7 012 052 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Эс эн эн" ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 127 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "7 012 052 төгрөг “Мөнхзамбала корпораци” ХХК-иас гаргуулж “Эс Эн Эн” ХХК-д олгох нь үндэслэлтэй” гэж дүгнэжээ. Гэтэл “Мөнхзамбала корпораци” ХХК 87 500 төгрөгийн зөрүү гарсан бөгөөд тус үнийн дунг хасаж тооцоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

                                   

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тухайн маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Зохигчдын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Борлуулалтын гэрээ байгуулагдаж, нийлүүлэгч “Эс Эн Эн” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг борлуулагч талд борлуулах эрхийг шилжүүлэх, борлуулагч “Мөнхзамбала корпораци” ХХК нь нийлүүлэгч талын бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж, борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 5-6/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 1.5-д “... борлуулагч тал нь борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөх”, 4.5-д “… барааны төлбөрийг борлуулалтаар хуваарийн дагуу хийж гүйцэтгэнэ” гэж зааснаар борлуулагч “Мөнхзамбала корпораци” ХХК борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийг нийлүүлэгч “Эс Эн Эн” ХХК-д зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээр тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн тохиролцоо гэж үзэх боломжгүй.

 

Эд зүйлийн үнийг гэрээ байгуулснаас хойш хожим өгч, авахаар тохиролцох нь талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл биш юм.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний талууд бүтээгдэхүүн борлуулах болон борлуулсан бүтээгдэхүүний үнийг төлөх хуваарийг болон хүүгийн талаар тухайлан тохиролцоогүй байх тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний тусгай шинжийг агуулаагүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт буруу байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эс Эн Эн” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөрөө төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зохигчид 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлж, хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК нь 7 012 052 төгрөгийг нэхэмжлэгч “Эс Эн Эн” ХХК-д төлөх үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулсан /хх-4/ үйл баримт тогтоогдсон байх тул хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК нь нэхэмжлэгч “Эс Эн Эн” ХХК-иас худалдан авсан бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 7 012 052 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй. 

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшинд гардуулан өгч, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн /хх.18/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбар болон баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “…87 500 төгрөгийн зөрүү гарсныг хасч тооцоогүй” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01260 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК-ийн төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                                                                                              Б.НАРМАНДАХ