Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 37

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

хохирогч “Окинкс” ХХК-ийн төлөөлөгч Б.Золзаяа,

шүүгдэгч Б.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Барнууд овогт Баярсайханы Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201626030758 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа харилцааны мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Окинкс” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, одоо “Экспресс тээвэр” ХХК-д жолооч ажилтай,  ам бүл 3, эцэг, эхийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 80-2789 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Барнууд овогт Баярсайханы Төгөлдөр /РД: ЦА86061875/. 

 

     Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд “Окинск” ХХК-нд борлуулалтын менежер, борлуулагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дүүрэнжаргал” гэх хүнсний дэлгүүрт 720 ширхэг өндгийг 172,800 төгрөгөөр, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Бидний дэлгүүр”-т 45 кг тахианы махыг 279,000 төгрөгөөр, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1800 ширхэг өндгийг 450,000 төгрөгөөр, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саямаа” хүнсний дэлгүүрт 720 ширхэг өндгийг 158,000 төгрөгөөр борлуулсан гэж хуурамч зарлагын баримт үйлдэн “Оксинк” ХХК-д нийт 970,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

            Хохирогч Б.Золзаяа: “...Б.Төгөлдөрийг 2015 оны 06 сарын 17-нд анх борлуулалтын жолоочоор ажилд авах тушаал гарсан. 3 сарын туршилтын хугацаанд сайн ажиллаж байсан тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр борлуулалтын менежерээр ажиллах тушаал гарсан. Хан-Уул дүүргийг хариуцаж ажиллаж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Бидний дэлгүүрээс авсан барааныхаа мөнгийг яагаад төлөхгүй байгаа юм бэ гэж асуухад борлуулалтын менежер Төгөлдөрт өгсөн гэсэн. Төгөлдөрөөс өөрөөс нь асуухад 4 дүгээр сарын 09-нд өр авлагаа дуусгаад ирье гэж хэлээд ажлаа хаяад явсан. 2016 оны 04 дүгээр сарын 11­-нд дотоод хяналт шалгалт хийгээд нийт 3 зөрчил байгааг олж тогтоосон. 1-д Саямаа гэдэг хүнсний захаас 158,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг Чимгээ гэдэг хүний нэрийг бичээд хуурамч баримт үйлдсэн байсан. 720 ширхэг өндгийг 220 төгрөгөөр олгосон гэсэн байсан. Чимгээ гэдэг хүнээс асуухад энэ миний гарын үсэг биш байна гэсэн. 2-т Дүүрэнжаргал гэдэг дэлгүүрт падаан бичсэн байсан. Хан-Уул дүүрэгт Дүүрэнжаргал гэдэг дэлгүүрийг бид нар хайгаад олоогүй. 3-т Бидний дэлгүүрээс нийт 639,000 төгрөгийн бүтээгдэхүүн өгсөн мөнгөө Төгөлдөр өөрөө авсан байсан. Бидний дэлгүүрийн хүмүүс 2016 оны 04 дүгээр сарын 02-нд Төгөлдөрт мөнгөө өгсөн гэж хэлсэн. Төгөлдөрөөс эдгээр мөнгийг шаардах гэтэл ажилдаа ирэхгүй, олдохгүй байсан.  ...Төгөлдөр нь хэрэг бүртгэлтийн шатанд 2016 оны 06 дугаар сарын 06-нд 500,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-нд 470,200 төгрөгийг төлөөд нийт 970,200 төгрөгийг хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй. Манайд байгууллагад 970,200 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын тухайд бид нар 2016 оны 04 дүгээр сраын 11-ний өдрийн дотоод хяналт шалтгалтын дүнгээсээ эхлээд буруу бодоод тооцооллын алдаа гаргасан. Энэ алдаа нь бидний алдаа. 970,200 төгрөгийг л Төгөлдөрөөс нэхэмжилж байгаа. Илүү үнэ нэхэмжлэхгүй. Б.Төгөлдөртэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

            Шүүгдэгч Б.Төгөлдөр: “...Дүүрэнжаргал гэдэг нь манай ах байгаа юм. Тухайн үед Дүүрэнжаргал гээд бичиг хийсэн. Манай ах хөдөө байгаа ба хотод орж ирэхгүй байгаа. Бидний дэлгүүрийн тухайд би тухайн үед ганцаараа борлуултанд явдаг байсан учир мөнгөө машинаасаа алдсан. Тэгээд цалин дээрээсээ бага багаар төлье гээд хуурамч бичиг баримт хийсэн. Намайг 2015 оны 04 дүгээр сарын 09-нд өр, авлагаа цуглуулаад ир гээд явуулсан. Ээжийн бие муу байсан учир ээжийгээ асраад амжаагүй юм. ...970,200 төгрөгийг хохирлоо бүрэн төлж дууссан...” гэв.

   

            Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Золзаяа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Борлуулалтын менежер нь борлуулалтаа тушаах үүрэгтэй.  ...2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн харилцагч, борлуулагч нартай уулзахад Б.Төгөлдөр нь Хан-Уул дүүргийн Нисэхэд байрлах “Бидний дэлгүүр”-т 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн 45 кг тахианы мах болох 279,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн 1800 ширхэг өндөгний 450,000 төгрөг нийт 729,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Бидний дэлгүүр”-ээс бэлнээр аваад явсан байсан. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шалгалт хийснийг мэдээд 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс ажилдаа ирээгүй. Утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Мөн Хан-Уул дүүрэгт огт байдаггүй “Дүүрэн Жаргал” гэдэг дэлгүүрийг өөрөө зохиож 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 720 ширхэг өндөг авсан гэж 172,800 төгрөгийн хуурамч падан үйлдсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн Саямаа захад үйлчилгээ явуулдаг харилцагчийн нэр дээр 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 720 ширхэг өндөг олгосон гэж 158,000 төгрөгийн хуурамч баримт үйлдэж өөртөө хувьдаа завшсан.  Чимгээ гэдэг хүн нь би ийм баримт үйлдээгүй, ийм бүтээгдэхүүн аваагүй, зарлагын баримтан дээр  байгаа гарын үсэг миний гарын үсэг биш гэж хэлсэн.  Б.Төгөлдөр манай компанид  нийт 970,200 төгрөгийн хохирол учруулсан байна. ...Одоогийн байдлаар 500,000 төгрөгийг хохирлыг барагдуулаад байна...” /хх-ийн 11-13/ гэсэн,

 

Гэрч Д.Нармандах хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Окинск ХХК-нд борлуулатын менежер ажилтай байсан Б.Төгөлдөрөөс  2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 45 кг тахианы мах 279,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бор өндөг 1,800 ширхгийг 450,000 төгрөгийн бүтээгдэхүүн аваагүй. Энэ зарлагын баримтан дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. ...Окинск ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 07-нд өндөг, тахианы мах, 12 дугаар сарын 14-нд өндөг, 2015 оны 11 дүгээр сарын 27-нд авсан өндөгний тооцоог 2015 оны 12 дугаар сарын 22-нд хийж байсан. 2015 оны 12 дугаар сарын 27-нд 169,000 төгрөгийн өндөг авсан байна. ...Окинск ХХК-аас 7 хоногт 1-2 удаа өндөг, тахианы мах авдаг байсан. ...Б.Төгөлдөрөөс манай байгууллага 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд нийт 729,000 өндөг тахианы мах авч байгаагүй...” /хх-ийн 18-19/ гэсэн,

 

Гэрч М.Алтанчимэг хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Окинск ХХК-ийн борлуулалтын менежер Б.Төгөлдөрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 720 ширхэг өндөгний 158,400 төгрөгөөр худалдаж аваагүй. Энэ Б.Төгөлдөрийн үйлдсэн зарлагын баримтан дээр байгаа Чимгээ гэж бичсэн гарын үсэг миний гарын үсэг биш. Би огт гарын үсэг зураагүй...” /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Төгөлдөр хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Окинск ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа  2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч зарлагын баримт үйлдэн нийт 970,200 төгрөгийн хохирол учруулсан хүлээн зөвшөөрч байна. Би “Саямаа” хүнсний дэлгүүрээс хуурамч зарлагын баримт үйлдэж авсан 158,400 төгрөгийг өөртөө байлгаж байгаад ажлаас дуудаад чи байгууллагад учруулсан хохирол бүрэн барагдуулчихаад хүнд өгсөн мөнгөнүүдээ аваад ир гэж хэлсэн. ...Харин 172,800 төгрөгийг Дүүрэнжаргал гэдэг дэлгүүрт өгөөгүй. Дүүрэнжаргал гэдэг хүнд зээлүүлээд одоо болтол авч чадахгүй байгаа. “Бидний дэлгүүр”-ээс 2 удаагийн үйлдлээр хуурамч зарлагын баримт үйлдэж авсан 729,000 төгрөгийг юунд хэрэглэснээ санахгүй байна. Машинаасаа алдсан. ...”Саямаа” захад өгөх байсан 720 ширхэг өндгийг “Бидний дэлгүүр”-т өгчихөөд мөнгийг нь өөрөө авсан. Харин байгууллага дээрээ очоод зарлагын баримтан дээр “Саямаа” захад өгсөн гээд Чимгээ гэдэг хүний гарын үсгийг дурайлган бичсэн...” /хх-ийн 24-27, 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хохирогч байгууллагын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/,

- Шүүгдэгч Б.Төгөлдөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг

 шалгах хуудас /хх-ийн 35-36/,

- Тодорхойлолт /хх-ийн 37/,

- Борлуулалтын ажиллагаанд хийгдсэн дотоод хяналт шалгалтын дүн /хх-ийн 39-40/,

- Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 43-44/,

- Шүүгдэгч Б.Төгөлдөрийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Мөнхбат /хх-ийн 14-15/, гэрч Б.Уянга /хх-ийн 16-17/ нарын мэдүүлгүүд,

- Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 55-56, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд “Окинск” ХХК-нд борлуулалтын менежер, борлуулагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дүүрэнжаргал” гэх хүнсний дэлгүүрт 720 ширхэг өндгийг 172,800 төгрөгөөр, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Бидний дэлгүүр”-т 45 кг тахианы махыг 279,000 төгрөгөөр, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1800 ширхэг өндгийг 450,000 төгрөгөөр, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саямаа” хүнсний дэлгүүрт 720 ширхэг өндгийг 158,000 төгрөгөөр борлуулсан гэж хуурамч зарлагын баримт үйлдэн “Оксинк” ХХК-д нийт 970,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Золзаяа, гэрч Д.Нармандах, М.Алтанчимэг нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Төгөлдөрийн хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэргийн улмаас “Окинск” ХХК-нд 970,200 төгрөгийн хохирол учирсан гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хохирогч байгууллагын хохирсон гэх үнийн дүнгээр тооцоход 1.059.800 төгрөгийн /172,800 + 279,000 + 450,000 + 158,000 = 1,059,800/ хохирол байна.

Хохирогчийн төлөөлөгч Б.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллагын зүгээс хохиролд 970,200 төгрөг нэхэмжилсэн. Хохирлын төлбөр 1,059,800 төгрөг боловч анхнаасаа буюу цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө 970,200 төгрөг гэж үзсэн тул 970,200 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн хохирлын хэмжээг энэ дүнгээр тооцоход татгалзах зүйлгүй, энэ бидний тооцооны алдаа болсон...” гэж мэдүүлсэн, улсын яллагч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 970,200 төгрөг гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн тул шүүх гэмт хэргийн улмаас 970,200 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв. Хохирлын хэмжээ 970.200 төгрөг, эсхүл 1.059.800 төгрөг байх нь шүүгдэгч Б.Төгөлдөрт холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг тэмдэглэж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Төгөлдөрийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй

 

Шүүгдэгч Б.Төгөлдөр урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч “Окинск” ХХК-аас шүүх хуралдаанд “...Хохирлыг бүрэн хүлээж авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Төгөлдөртэй эвлэрсэн...” гэсэн тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн, энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Б.Золзаяа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Төгөлдөрийг учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг  арилгасан нөхцөлд  хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлж, гэм хорыг арилгасан, хохирогч “Окинск” ХХК /төлөөлөгч Б.Золзаяа/ нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 201626030758 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Төгөлдөр энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Барнууд овогт Баярсайханы Төгөлдөрийг бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй.

 

3. Эрүүгийн 201626030758 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Төгөлөдөр энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Төгөлдөрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Төгөлдөрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР